Амраг хосуудын хайрын “цагаан шөнө”

Жил бүрийн зургадугаар сарын 11-нээс долдугаар сарын 2-ныг хүртэл Санкт-Петербургийн цагаан шөнүүд үргэлжилдэг. Шөнийн турш үүрийн гэгээ шиг гэрэлтэн байдаг учраас “Цагаан шөнө” хэмээн нэрлэдэг ажээ. Өдөр шөнө тэнцэх өдрийн өмнөх болон дараах 20-оод хоногт нар бүрэн жаргахгүй, тэнгэрийн хаяанд өнждөг байна. Санкт Петербургт зургадугаар сарын 21-нд өдөр үргэлжлэх хугацаа бараг 21 цаг болдог. Энд гурав хоногийн турш өдөр шөнө хоёр тэнцэж, үүнээс хойш өдөр нь богиносож эхэлдэг аж. Эл гурван шөнө хамгийн “цагаан” болдог тул амраг хосууд болзож, аялагч жуулчлагчид зугаалж, Петербургийн гудамж талбай алтанзул цэцгийн гал улаан туяа, өнгө өнгийн өмсгөл зүүсгэлээр гэрэлтэж ер бусын сонин содон үзэмжээр гийдэг.

Тиймээс уран бүтээлчид зохиол бүтээлдээ Ленинградын цагаан шөнийг магтан дуулахдаа бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэн, хайр сэтгэл, амраг хосын болзоо учралтай холбож дэврүүхэн дүрсэлсэн нь олонтаа тохиолддог. Достоевскийн “Цагаан шөнө” бичил роман, Гоголийн “Петербургийн туужис”, Орос, Японы хамтарсан бүтээл “Цагаан шөнө” кино зэргээс Петербургийн цагаан шөнө нүднээ дуртайтал харагдаж сэтгэл хөвсөлзүүлдэг. Монголын их зохиолч Дашдоржийн Нацагдорж, түүний амраг бүсгүй Пагмадулам нарын хайр сэтгэл, Ленинградын оюутан байсан тэдний гэгээн он жилүүдийг дурсан санагалзаж Монголын уянгын зохиолын мастер Сэнгийн Эрдэнэ “Цагаан шөнө” (1966) өгүүллэгээ бичсэн гэдэг.

Цагаан шөнийг үзэхээр ирдэг дотоод гадаадын мянга мянган жуулчин энэ үеэр Их Оросын соёл урлагтай танилцаж, “Цагаан шөнө”-ийн үеэр зохиогддог олон төрлийн арга хэмжээ, наадам, фестивальд оролцож алжаал ядралаа тайлдаг байна.
Байгалийн энэ гайхалтай үзэгдэл зөвхөн Санкт Петербургт л болдог биш ээ. Туйлын бүсэд оршдог бусад хотод ч их бага хэмжээгээр үзэгддэг. Орос улсын Самара, Псков и Сыктывкар, Казань, Архангельск Череповец, Вологда, Березники, Магадан, Серов, Соликамск, Краснотурьинск, Североуральск, Выборг, Нижневартовск, Ханты-Мансийск, Киров хотууд, мөн Финлянд, Исланд, Гренланд, Антарктид, Швеци, Норвеги, Канадын нутагт ч “Цагаан шөнө” болдог юм байна. Тэдгээр нутагт цагаан шөнө тавдугаар сарын 25-26 наас эхэлдэг.







