Яагаад улс төрд эмэгтэйчүүд орох хэрэгтэй вэ?
Эмэгтэйчүүд амьдралын нарийн асуудлыг олж харж чаддаг
УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны ерөнхийлөгч Д.Оюунхорол:
-2012 оны сонгуулийн хууль нэлээд өөрчлөлт орж, сонгуулийн шинэчлэлийг Монгол Улс анх удаа хийсэн. Улстөрийн намуудыг хариуцлагатай болгох, төлөөллийн ардчиллыг улстөрд оруулж ирэх боломжийг олгосон. Энэ утгаараа Монголын улстөрийн намууд нэр дэвшигчдийнхээ 20 хувь буюу 16 эмэгтэйг нэр дэвшүүлсэн. Манай нам ч 16 эмэгтэйг дэвшүүлсэн.
Одоо ард түмнээс өгсөн итгэлийг ялалт болгож ирэх нь УИХ-д нэр дэвшигч эмэгтэйчүүдийн хувьд үүрэг гэж ойлгож байгаа. Жижиг гэж орхилгүй эрчүүдийн олж хараагүй асуудлуудыг эмэгтэйчүүд харж шийдвэрлүүлэхийн төлөө зүтгэдэг. Эмэгтэйчүүд амьдралд ойрхон асуудалд ханддаг. Улстөрд төр шударга, цэвэр байгаасай гэдэг нийгмийн захиалга, хүсэлт, хүлээлт байна. Монголын эмэгтэйчүүд үүнд хариулт өгч чадна. Ардчилсан нийгэм байгуулагдсан сүүлийн 20 жилд Монголын улстөрд оролцож явсан олон бүсгүйчүүд бий. Улстөрийн албан тушаал хашсан ямар ч эмэгтэй хүн албан тушаалын болон авлига, хээл хахуулийн хэрэгт орооцолдож байгаагүй. Өнөөдөр эмэгтэйчүүд тухайн салбартаа хамгийн найдвартай, хариуцлагатай ажил хийж байна. Монгол Улсын бүхий л ачааны хүндийг эмэгтэйчүүд үүрч байгаа гэдэгтэй маргах хүн байхгүй.
Ч.БАЗАР: ПАРЛАМЕНТАД ЭХИЙН СЭТГЭЛ, ЭХ ХҮНИЙ НҮДЭЭР ХАРСАН БОДЛОГО ДУТАЖ БАЙНА
Монгол улсад маань шийдвэрлэх олон асуудал байхад хүн амын тал илүү хувийг эзэлдэг эмэгтэйчүүд бид зөвхөн бор гэртээ л бор ходоодоо болгоод сууна гэдэг үнэхээр сэтгэл өвтгөдөг. Монголын эмэгтэйчүүд боловсролтой, үр хүүхдээ гэсэн сэтгэлтэй л юм бол бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд ажиллаж, хөгжил дэвшлийн төлөө зүтгэх ёстой юм. Ганцхан жишээ хэлэхэд л эмэгтэйчүүд бид парламентад олноор сонгогдчихвол өөрсөддөө тэрбум, тэрбум хувиарлан суудаг өнөөгийн тогтолцоог өөрчилж чадна шүү дээ. Гэтэл зөвхөн нэгхэн жилд цацагдаад алга болчихдог 76 тэрбумаар төрөх эмнэлэг, цэцэрлэг, сургууль хэдийг барих вэ? Энэ 2012 оны төсөвт нэг гишүүний 1 тэрбум 3 тэрбум болж, орон нутгийн хөгжлийн сан нэрээр хувиарлагдсан байдаг. Энэ 228 тэрбум төгрөгөөр тэд юу хийх бол? Эмэгтэй гишүүд олноор сонгогдвол татвар төлөгчдийн энэ их мөнгийг ингэж дураар үрэн таран хийхгүй. Эмэгтэйчүүд улс төрийг ёс зүйтэй болгодог.
Түүнчлэн, хүний эрхийг жинхэнэ ёсоор нь хэрэгжүүлэхэд, хүний эрхийг хамгаалахад эмэгтэй улс төрчдийн дуу хоолой маш их чухал байна.
Ц.ОЮУНГЭРЭЛ: ЭРЭГТЭЙЧҮҮД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ “СОРТЛОХ” ГЭЭД БАЙДАГ
-Эмэгтэй улстөрч, эрэгтэй улстөрчөөс шал өөр. Бурхан хүртэл эмэгтэй, эрэгтэй хүний амьдрах амьдралыг хүртэл өөрөөр зурж өгсөн шүү дээ. Эрэгтэй улстөрчид надад хэлдэг юм. Оюунгэрэл ээ, чи бидэнтэй адилхан боловсролтой, чадалтай байж заавал квот энэ тэр гээд байх шаардлага байгаа юм уу гэж. Тэгэхээр нь та нар яагаад тэгвэл хүүхэд гаргаж, хүүхдээ харж, өсгөж болдоггүй юм бэ гэсэн хариулт өгдөг. Эрэгтэйчүүд улс төрийн завсарлага авах шаардлага гардаггүй бол эмэгтэйчүүдэд гардаг. Хүүхэд төрүүлэх, хүүхдээ өсгөх, тэдэндээ анхаарал халамж тавих ар гэрийнхээ асуудлыг зохицуулах гээд эрчүүд шиг их мөнгөжиж чаддагүй юм. Бусад улс орны хувьд эмэгтэйчүүдийг улс төрд гаргах боломжийг олгодог. Финландад эмэгтэйчүүдийн оролцоо 50:50 хувьтай байна гэдэг бол Германд эмэгтэйчүүдийн оролцоог 30 хувь, Азийн олон оронд бас 30 хувь, Африкт гэсэн эмэгтэйчүүдийн оролцоог 30 хувь гээд тогтоочихсон байдаг.
-Харин Монголд?
-Монголд эмэгтэйчүүдийн орол¬цоо “тэг” байгаа. Манай эрчүүд эмэгтэйчүүддээ квот олгох тийм ч дуртай биш шүү дээ. Европ, Монгол эмэгтэй хоёулаа адилхан. Хоёулаа хүүхэд гаргадаг, хоёулаа хүүхдээ харж гэртээ суудаг гээд. Ер нь бол эрчүүд улс төрд орсон бол “тормоз” авах шаардлагагүй. Тэгвэл эмэгтэйчүүдийн бурханаас заяасан биологийнхоо хүний хувьд заавал “тормоз” авах шаардлага гардаг юм.
-Улс төрд эмэгтэйчүүдийн тооноос илүү чанар чухал гэх хүмүүс бий. Мэдлэг боловсролтой чанартай эмэгтэйчүүд байхад л хангалттай гэж?
-Бараа бүтээгдэхүүн худалдаж авах, үйлдвэрлэхэд чанар хэрэгтэй нь үнэн. Харин улс төрийн шийдвэр гаргах тухайд бол чанар огт хэрэггүй. Тоо чухал. Тэнд хэдэн хүн кноп дарах вэ гэдэг чухал. Өнөөдөр УИХ-д гарын таван хуруунд хүрэхгүй эмэгтэй гишүүн байна. Уг ньэмэгтэйчүүдийн төлөөлөл улс төрд гараад ирвэл асуудал арай өөр болно. Дундаж давхрагын эрх ашиг нэгдүгээрт тавигдана.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа







