Хөхөөн дуутай зуны өглөө

Зун цаг...Удаан хүлээсэн зун ирж бачимдуу, тэвдүү их хотоос хол зусландаа гараад долоо хонолоо. Ойрд бороо устай, гадаа сэрүүхэн байгаа боловч цаанаа л нэг цэнгэг, анхилам агаарт нь хорогдоод хүйтнийг нь огт ажирахгүй л байна.
Харин энэ өглөө ямар гоё байв аа. Ойн гүнд хөхөө шувуу донгодоод, шувуудын жиргээ жиргэж сэтгэлд нэг л гоё.
Би зусланд гарахаараа жинхэнэ Монгол гэрийн эзэгтэй хүн гэдгээ илүү их мэдэрдэг. Хангайн зуслангууд өглөө оройдоо жаахан сэрүүхэн байдаг болохоор бяцхан үрсээ дааруулахгүйн тулд эртхэн босч зуухандаа галлана. Ширмэн тогоондоо цай чанаж, шимийн сүүгээр сүлээд хангай дэлхийдээ цайны дээжээ өргөх хичээн сайхан мөч гэж бодно. Уг нь бид ийм л ардын үргэлжлэл шүү дээ. Зусланд гарсан айлууд шимийн сүү, шинэ бүрсэн тараг, элдэв маяггүй эрүүл хоол зооглодог. Ходоодонд муу гэдэг хоёрдугаар хоолыг тэр бүр хийгээд байхгүй. Харин хааяа нэг халиартай хуушуур хийж гэрийхнээ дайлах сайхан.
Зусланд гарахаар яагаад ч юм бүү мэд “өглөөний хүн” болдог. Бодвол эрүүл агаарын хүч байх. Өглөө сэрэхэд бие нозоорч, нойрмоглохгүй. Шүүдэр буусан зүлгэн дээгүүр хөлөө норгон алхаж, уулсын цаанаас мандан гарах наранд хүслээ хэлэх мөч үнэхээр гайхалтай.
Өчигдөрхөн салхи исгэрч, ой мод тэр чигээрээ шуугин хаврын хүйтэн өдөр шиг байсан тэнгэр хангай одоо намуухан байна. Тэнгэрт бүртийх ч үүлгүй, тув тунгалаг, ой мод намуухан найгаж, хаа нэгтээ хөхөө шувуу донгодоод л...
Паартай байшинд амьдарч, цахилгаан зуухан дээр хоол хийж, буцалгагчинд ус буцалгаж, дүрдэг цайгаар өнгө оруулан аягалдаг орчин үеийн суурин газрын хүмүүст монгол ахуйдаа ойртох хэдхэн сарын боломжийг зуслан өгдөг гэж би боддог.







