Хамгийн сайхан дурсамжууд өсвөр насанд байдаг
Багын найзууд, ангийн андууд уулзах бүртээ хэзээ ч өмнө нь сонсож, ярьж байгаагүй мэт амтшин, ам булаалдан ярьдаг сэдэв бол тэдний өсвөр насны хайр сэтгэл, сурлага хөдөлмөр, урлаг спортын олон сайхан хөгжилтэй, гунигтай хирнээ одоо бодоход инээд бэлэглэсэн адал явдал дүүрэн түүх, дурсамж байдаг. Тэдгээр хүмүүс дотор “Ингээд бодоход хүүхэд нас минь ямар цагаахан аз жаргалтай, баяр хөөртэй байж вэ”, “Хүүхэд насаа хайрлаж яваарай” хэмээн ярих хүн олонтаа.
Харин та бүхэнд хөгжлийн сэтгэл судлаачдын олон үндэстний хэмжээнд хийсэн сонирхолтой нэгэн судалгааны үр дүнг танилцуулья. “Та ямар насандаа хамгийн их баяр хөөртэй, аз жаргалтай байсан бэ?” гэсэн асуултанд судалгаанд оролцогчдын 87% нь хүүхэд нас тэр дундаа өсвөр насны үйл явдлуудтай холбон тайлбарлаж байжээ. Үүнээс үзэхэд хүнд хамгийн их амьдралын эрч хүч, баяр хөөр, сэдэл болж өгдөг нас бол яахын аргагүй өсвөр насыг нэрлэж болохыг судалгааны үр дүн мөн баталж байна.
Өнөөдрийн өсвөр насны хүүхдүүд ирээдүйд ямар насыг онцлон ярьж, ямар насаа хамгийн аз жаргалтай байсан гэж нэрлэх бол?!
Өнөөгийн хүүхдүүд айхтар болж, задгай, чөлөөтэй байна, айж ичихээ больж гэж ярьдаг энэ болгоныг хүүхэд хаанаас харж, үлгэрлэж өөрийн үг яриа, үйлдлээ болгож ашиглаж байгаа нь маш тодорхой. Тиймээс тэднийг буруутгаж “Биеийг нь төрүүлэхээс, ухааныг нь төрүүлсэнгүйдээ” хэмээн харамсан, халаглан ярих нь буруу. Хүүхэд бол эцэг эхийнхээ толь нь. Тэр хамгийн хайртай эцэг эх, эмээ өвөө, ах эгч нараасаа сурсан зүйлээ л давтаж байгаа юм. Хэрэв гэр бүлийн гишүүд зөв үлгэрлэж, харилцаж, урамшуулж, дэмжвэл тэр хүүхэд таны хүссэнээр бусдад хүлээн зөвшөөрөгдсөн бие хүн болон төлөвшдөг. Учир нь хүн амьдралдаа хэн болох, яаж амьдрах, юуг амьдралын зорилго, үзэл баримтлалаа болгох нь эцэг эхчүүдийн тэдэнд амьдралыг хэрхэн танилцуулах, ухуулах, үлгэрлэхээс шууд хамаардаг.
Хүний хөгжил хурдтай явагдаж байгааг нас насны хүүхдүүдийн бие бялдар, сэтгэл хөдлөл, оюун ухааны хөгжлөөс харж болохоор байна. Үүнд хэн нэгнийг буруутгах эрх хэнд ч байхгүй. Өсвөр насны хүүхдүүдийн чөлөөтэй, илэн далангүй, дураараа, том хүн шиг байх хүсэл нь тэд хөгжилтэйгээ хөл нийлж, өөрөөрөө байгааг нь буруутгах аргагүй. Харин үүнд томчууд бид ойлгохгүй зүйлийг нь ойлгуулж, ярьж, зөв үлгэрлэж, тэдэнд тусалж чадвал “ухааныг нь төрүүлэх” боломжтой юм.
Хүүхэд насны бяцхан том хүмүүс буюу өсвөр насы хүүдүүдэд бага насандаа авч байсанаас нь ч илүү анхаарал халамж, хайр, чин сэтгэл хэрэгтэй байдгийг санаж аав ээж та хоёроос хамгийн сайн, итгэлтэй, хайртай найз нь болохыг хайртай хүүхдүүд нь хүсэж байгааг битгий мартаарай.
Аз жаргалтай хүүхэд насаа сэтгэл дүүрэн, баяр хөөртэй өнгөрүүлэх боломжийг хүүхэд бүрт бэлэглэе.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа







