Галина Будинева: “Бид хуугаараа цайгаа хувааж уух нэг л Монгол”


“Монгол Үндэсний Дууны Их Наадам” Монголчуудыг дуугаар нь нэгэн дээвэр дор нэгтгэх их үйлсийн эхлэл боллоо гэж үзэгчид үнэлж байна. Бид ӨМӨЗО, ОХУ-ын Буриад улсаас Дууны их наадмыг зорьж ирсэн зочидоо хүндэлмээр. Энэ хүнтэд хүмүүс дундаас, өөрийн соёлоо уламжлан авч үлдсэн нэгэн эмэгтэйтэй бид уулзалдлаа. Галина Будинева Монголоор ярьж чадахгүй, Оросоор ус цас мэт ярьдаг. Харин Буриадаар сэтгэл хөдлөм уянгалуулан ярина. Түүнтэй ярилцлага хийхэд хэл ус нэвтрэхгүйн саадтай байсан ч  уншигчидтайгаа түүнийг уулзуулахгүй өнгөрнө гэдэг өнөөх “алдас” гэх зүйл нь болох байлаа. Ингээд түүний уншигч бүсгүйчүүдэд минь зориулсан цөөн хормыг хүргэе.

 

- Сайн явж ирэв үү та?  МҮДИН-ынхаа сэтгэгдлээс бидэнтэй хуваалцахгүй юу?

- Их сонин байна. Би харь гүрэнд явж үзсэнгүй. Гайхамшигтай сайхан  ард түмэн байнаа. Хуугаараа их сайхан юмаа.

- Энэ удаагийнхаа наадамд та ямар дуу дуулахаар ирсэн бэ?

- Хөгшин зонууд чинь хүлэг морио ихэд магтан дуулдаг даа. Хүлэг морийн тухай, Хайшин гээш хүүхэн хадамд гарах гэж яараа юу гээд нэлээд дуу бэлдсэн. Нэг дуу ижий хүн магтаж хөвүүнээ дуулсан гээд л миний цээжинд их олон дуу байна.

-  Та өөрийн өмсөж ирсэн хувцас хэрэглэлийнхээ тухай бидэнд яриач?

- Энэ миний нутгийн зоны өмсдөг хувцас юмаа. Өвгөө, эмгээ нар тухайн үед ийм хувцас өмснөө. Энэ миний эмээгийн оёсон гоёл. Би энийг жаахан  шинэчлэсэн болохоос энэ шүр мүр бол хуу эмгээгийн юмаа, чухам удмын юм шүү дээ. Үүнийг уламжлуулж үлдээсэн миний эмгээ 1870, 80-аад оны үед өнгөрсөн дөө. Харин энэ бол авын минь бурхаан. Уламжилж ирсэн зүйлээрээ л би зүүж, гоёж явныш. Энэ над туслаж, ажлыг минь бүтээж тусладаг юмаа.

- Та залуу насандаа юу хийж  бүтээж явав даа? Монголд анх удаа ирж байна уу?

- Намайг басган байхад бид бүлгээрээ явж ажилладаг байсан. 1959-1960 он болоход бид хуугаараа Монголд ирж Дархан хотыг байгуулалцаж байлаа. Би барилгачин байсан. Түүгээрээ л Оросоос Монголд ирж  их бүтээн байгуулалтад оролцож байсан. Харин өнөөдөр Монгол их сайхан болжээ.

- ОХУ-ын Буриад улс гэхээр хүмүүс яагаад Монгол туургатны дууны наадамд оруулсан юм болоо гэж асуудаг. Гэтэл бид нэг л Монголчууд? 

- Хуу адилхан. Бид нэг л Монгол. Хуугаараа. Хамтдаа нийлж дуугаа дуулаад явах их сайхан. Тэрийг тэр, энийг энэ гэлтгүй бид чинь хуугаараа Монгол үндэстэн. Бид залуудаа Москвад очиж концерт гаргахад тэнд Халимаг, Якут олон хүмүүс маньтай нийлж концерт гаргаж байсан. Ер ялгагдах зүйл үгүй. Цайгаа хувааж уугаад л суудаг. Чи Халимаг, чи Якут хүн гэж хэн нь ч хэнийгээ хэлдэггүй байсан даа. Монгол л бол Монгол. Манай Улаан-Үд хотод ч бас Монголчууд байдаг. Би тэдэнтэй сайхан танилцдаг. 

- Буриад зон дууг дуулах дуртай, дуунд хайртай хүмүүс. Яс цусны дууч ард түмэн гэгддэг. Та өөрийн дуулах авъяасын тухай яриач? 

- Миний аав хөгшин, аавын минь ижий хоёр их сайхан дууч хүмүүс, дэндүү сайхан дуулдаг хүмүүс байдаг. Ардынхаа дууг л дуулдаг, өөр дуу дуулахгүй. Би тэднээсээ л өвлөж авсан байх даа. 

- Та нутаг усныхаа тухай уншигчидад маань яриач?

- Манай “нютаг“ гээч ээдээ их сайхан газар орон бий. Тоонотын минь Толийн рашаан гэж бий. Нүүдэлтэй, явдалтай. Хонь адуугаа хариулаад, ан гөрөөгөө хийгээд л. Тийм л сайхан нутаг даа. Өнөө цаг үед энэ алдарт Дугар Дашаев, Содном Буджаева гээд хүмүүс Монголд ирсэн байна. Бид байтугай Монголчууд ч тэднийг хүндэлж байна шүү дээ. Бид тэднээрээ, тэднийг бас биднийг төрүүлсэн “нютаг” усаараа бахархаж байдаг юм.

- Тэгэлгүй яахав, хүн бүхэн нутаг усандаа хайртай байдаг. Харин та Монгол түмэндээ хандаж юу хэлэх вэ? 

- Энд ирсэн зонуудад хэлэхэд дээшээ дэвжиж,  гал шиг өөдөө байхын ерөөл тавья.

- Баярлалаа, танд амжилт хүсье.

- Баярлалаа, “басган”






Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.