Жүжигчин СТА Отгонтогос: “Надаас ийм асуулт асууж байсангүй”

 

- Тантай хийх ярилцлагаа эмэгтэйчүүдийн нөхөрлөлийн талаар эхэлмээр санагдлаа?

- Энэ үнэхээр сайхан асуулт байна. Ийм асуултыг урд өмнө надаас  ямарч сурвалжлагч асууж байгаагүй санагдаж байна. Би үерхэл нөхөрлөлийг хамгийн нандин харилцаа гэж үздэг. Манай  ээж хүнтэй их, эвтэй найртай нөхөрсөг нийтэч хүн  байсан. Энэ утгаар биднийг хүнтэй нөхөрлөж найзласан бол нөхөрлөлдөө үнэнч  тэднийгээ үргэлж хүндэлж явах хэрэгтэй гэж захидаг байлаа. Үнэхээр л найз нөхдөөс үнэтэй зүйл байхгүй ээ. Хүүхэлдэйн театрт хамт ажиллаж байсан жүжигчин Аяа нэвтрүүлэгч Цовоо, Сүнжид багшийн дүрд тоглодог Сараа нэрлэвэл олон найзууд надад бий. Миний найзууд бие биеэ маш их дэмждэгээс гадна, хэлэх гэснээ шулуухан хэлж, нэг нэгнийхээ дутагдалыг хэлж, сайн сайхныг магтаж, үнэхээр сайхан нөхөрлөдөг. Өнөөдөр хүртэл залуу жаахан байхаасаа сайхан нөхөрлөж ирсэн найзууд олон бий. Жүжигчин Хүрлээ, Долгор, Оюун гээд л олон сайхан найзууд байна. Ер нь багын найзууд л хүнд үлддэг юм байна. Муухан ах дүүгээс, сайн найзууд илүү байдаг шүү дээ.

-Таны бодлоор нөхөрлөлийг юу үгүй хийдэг вэ?

-Ер нь бол итгэлцэл байхгүй бол нөхөрлөл байхгүй шүү дээ. Иймээс найз нөхдийнхөө итгэлийг алдалгүй, тэдэндээ худлаа ярьдаггүй байх хэрэгтэй дээ. Мөн хэзээ ч мартахааргүй  муухай үг хэлэх нь  нөхөрлөлийг үгүй хийдэг .

-Таны итгэлийг хэн нэг нь найз чинь алдаж байв уу?

-Байлгүй яах вэ, амьдралд юу эс тохиолдох вэ дээ. Жишээ нь,нэг найз маань миний нөхрийг таагүйгээр хэлээд надаас хөндийрч байсан.  Гэхдээ найз маань буруугаа ойлгоод надаас уучлалт гуйсан л даа.

-Нууц амрагын харилцаанд нөхөрлөл байдаг уу? Энэ талаар таны бодол

-Энэ асуултыг сонсоод  нэг таагүй юм санаанд орлоо. Тэр үед энэ сэдвээр ярилцсан сэтгүүлч миний яриаг мушигаад “ Нууц амрагтайгаа сайхан жаргаж чадаж байвал болоо ш дээ” гэсэн гарчигтай яриагүй зүйлийг  ярьсан болгоод  биччихсэн байсан юм. Түүнээс хойш би хэвлэл мэдээлэлд ярилцлага  өгөхөө больсон. Би чинь гэр бүлтэй хүн, тэр үед надад их эвгүй байсан. Ер нь бол энэ харилцаа ил далд байсаар байгаа  энэ харилцааны эхлэл нь нөхөрлөл байх гэж бодож байна.

-Эмэгтэйчүүдийг олон ааштай гэж ярьдаг, таны хамгийн ихээр тэвчиж чаддаггүй зан юу вэ?

-Хүүхнүүдийн үнэн худал нь  мэдэгдэхгүй хов жив ярьдаг нь таалагддаггүй. Ийм яриа хүнийг үнэхээр эвгүй байдалд оруулдаг. Энэ хов урлагийн биднийг их дайрдаг. Иймээс бид хоорондоо уулзахдаа хэнд ч хэрэггүй ямар ач холбогдолгүй зүйл ярьдаггүй

-Орчин үеийн охидын талаар та юу хэлэх вэ?

-Уучлаарай, үнэндээ одоогийн охид надад таалагддаггүй. Хүн бүхэн адилгүй л дээ. Одооны охидыг анзаараад байхад  бүгд өндөр гуалиг, царайлаг болсон. Тэгсэн хирнээ цаг барьдаггүй, ажил хэрэгч биш, хариуцлагагүй байна. Цаг барихаас тухайн хүний соёл ажлын хариуцлага эхэлнэ гэж би боддог.

-“Царайны сайхнаар цай сүүлэхгүй” гэдэг үг эсрэг утгаараа байх болж?

-Сайхан царайтай хөөрхөн байж болно. Сайхан царай шигээ сэтгэл сайхантай л байх хэрэгтэй. Би хэзээ ч царай харж хүнтэй нөхөрлөдөггүй, тэр царайны чинь цаана хүн чанар гэж үнэтэй зүйл нуугдаж байдаг.  Үүнийг зарим хүн олж хардаггүй. Одоо ч өнгө мөнгөнд хууртдаг цаг үе болчихож.

- Уран бүтээлч хүнтэй уулзаад уран бүтээлийнх нь  талаар асуухгүй өнгөрч болохгүй байх. Сүүлийн үеийн уран бүтээлийн талаар?

-Би жилдээ 3-4 киноны уран бүтээл дээр ажилладаг. Кинонд тоглохоос гадна найруулагчаар ажиллаж байна. Одоо үндэсний телевизийн олон ангит кинонд тоглож байна.

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.