ЭБЭХ-ний дэд сайд Ц.Гарамжав: Сэтгэлдээ бурхантай хүн өгөөмөр, хүнлэг байдаг
Хүчирхэг хүүхнүүдийн орон зай “Лидер эмэгтэй” булангийн энэ удаагийн ярилцлагын хойморт Эрдэс баялаг эрчим хүчний дэд сайд, олноо “Монполимет”-ийн Ц.Гарамжав гэдгээрээ алдартай хатагтай уригдлаа. Ерөөс түүний байгаа байдал, имиж нь дуу цөөтэй, хэлэхээсээ илүү хийдэг, цээжээ дэлдэхээсээ илүүтэй хөдөлмөрлөдөг бүсгүй. Тиймдээ ч баргийн хүний сэтгэлийг уудлаад, яриулчихаж дөнгөдөг би дэд сайд хатагтайгаас хангалттай хэмжээнд “юм” салгаж чадаагүйгээ нуумааргүй байна. Тэр лав “би ингэсэн”, “би тийм юм хийсэн” гэж яриад байдаг нийтлэг дүр биш аж. Өөрийгөө сурталчлах, зарлах дургүй, харин хийсэн ажил, оршихуй нь, алдаа оноо нь хүнийг олон үггүй тодорхойлдог гэж үздэгээ ч шулуухан хэлсэн юм.
Уул уурхай хэмээх хүчир, том салбарт монгол бүсгүйчүүдээс хамгийн дээд амжилт, дээд оргилд хүрсэн цорын ганц бизнесмэн бол тэр. Амьдралынхаа 29 жилийг уул уурхайд зориулахдаа Ц.Гарамжав хатагтай өөрийгөө, амьдралаа, бас баялгаа өөрийн гараар бүтээж босгожээ. Чухам түүний энэ чадвар, мэдлэг, туршлага монгол төрд хэрэгтэй учраас Ц.Гарамжав хатагтай Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайдын суудалд уригдаж, энэ нь шинээр сонгогдсон сайдууд дундаас хамгийн мэргэн, нүдээ олсон сонголт болсныг олон нийт сайшаасан. Бизнест хийдгээ хийж, зорилгодоо хүрсэн тэрээр өдгөө бизнесмэн хатагтай бус төрийн сайд болсон. Улмаар 2012 оны сонгуульд УИХ-д жагсаалтаар нэр дэвшээд байгаа билээ.
Бусдын адил бизнесийн хатуу ширүүн ертөнцөд унаж, босож, давс чихрийг нь эн тэнцүүхэн амтлахдаа амьдралын болоод баялаг бүтээхийн утга учир нь олсноо бусадтайгаа хуваалцах өр нинжин сэтгэл гэдгийг ойлгож, амьдралынхаа зарчим болгож ирснээ тэрээр нэгэнтээ онцолж байсан. Магадгүй чухам энэ буянлаг сэтгэл нь түүний боловсрол мэдлэг, чадвар туршлагатай нийлж өнөөгийн хүчирхэг нэгэн хатагтайг амжилт, баялаг, аз жаргал өөд дуудсан ч юм билүү гэх бодол тэр үед төрж байсан нь энэ удаад батлагдлаа. Тэр энэ ертөнцөд, бидний амьдрал, цаг үед түүчээ нь болж, буян түгээж, гэрэл гэгээ бэлэглэхээр ирсэн сэтгэлдээ бурхантай оршихуй аж. Ийм хүмүүс олон байгаасай гэх бодол төрнө
-Таниас ярилцлага авах гэж мөн ч их хөөцөлдлөө. Дэд сайдын ажил таныг ийм цаг наргүй ажлаар дарж орхив уу даа. Магадгүй эмэгтэйчүүд ажлыг төрийн, хувийн гэхгүй махруу, чин сэтгэлээсээ хийдэг юм уу гэх бодол төрж сууна. Төрийн алба тавлаг уу?
-Алба тавлаг байнаа. Цаг хугацааны хувьд уул уурхайн салбар нийгмийн анхаарлын төвд байгаа онцлогтой үе байна. Тиймээс Эрдэс баялгийн яамны ажил ачаалал ихтэй байна. Мэргэжлээ зөв сонгож, өөрийнхөө ажлын байрыг зөв олсон хүн өөрт оногдсон ажлаа эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай дуртайяа хийдэг шүү дээ.
-Сайд, дэд сайд нарыг янз янзын шалгуураар томилсон гэж яригдсан. Таны хувьд ямар шалгуураар томилогдсон бэ?
-Миний хувьд Улсын барилгын зургийн институдид шороо шигшигч, техникч, лаборантаас авахуулаад лабораторийн эрхлэгч хүртэл 11 жил, “Монполимет” группийг 18 жил удирдан ажиллаж, нийтдээ уул уурхайн салбарт 29 жил хөдөлмөрлөж явна. Тухайлбал, “Монплимет” групп уул уурхай, барилгын салбарт олон зуун ажлын байрыг бий болгож, улсынхаа эдийн засагт өөрсдийн хувь нэмрээ жилээс жилд өсгөн оруулж, залуу инженер техникийн ажилчдыг сурган мэргэшүүлж, байгаль орчноо хамгаалж, нөхөн сэргээх ажлаараа улсын хэмжээний 7 удаагийн “Тэргүүлэгч хамт олон”-оор шалгарсан. Олон улсын байгууллагууд ч нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг стандартын хэмжээнд хийж байгааг баталгаажуулсан. Энэ мэтчилэн улсад болон хувийн хэвшилд олон жил үр бүтээлтэй ажилласан ажлын үр дүн, туршлагын шалгуурыг харгалзан Эрдэс баялгийн яамны дэд сайдаар ажиллах саналыг Засгийн газраас өгсөн гэж бодож байгаа.
-Саяхан төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд зарлалаа. Та эхний аравт багтсан байна лээ. Аргагүй уул уурхайн бизнест олон жил хүч үзсэн хүнд байх ёстой хөрөнгө гэж олон нийт үзсэн. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?
-Бүтээн байгуулалт, бизнесийн салбарт нийтдээ 20 гаруй жил ажиллалаа. “Монполимет” групп улсын төсөвт олон тэрбум төгрөгийн татвар оруулдаг. Татварын хэмжээ ч жилээс жилд нэмэгдэж явдаг. Төрийн албан хаагч болсноос хойш Хөрөнгө орлогын мэдүүлгээ сая анх удаа өгсөн хэрэг. Гэвч зарим сонин, хэвлэлд гарсан мэдээллийг аваад зориуд буруу мэдээлсэн тал байна лээ. Өнөөгийн цаг үед үндэсний компаниудын олж байгаа орлого нь дараа дараагийнхаа төслийг бүтээн байгуулах, хэрэгжүүлэх үйлст зориулагдан явж байдаг. Ер нь бид шударга өрсөлдөөний нийгэмд амьдарч байгаа юм бол хөдөлмөрөөрөө баялгийг бий болгож байгаа ажил хэрэгч хүмүүсээ дэмжиж, амжилт бүтээлээс нь хөгжлийн талбарт хэрэглэх талаас нь илүү сурталчилж байх хэрэгтэй гэж боддог.
-21-р зууны Монголын хөгжлийн гарцыг тодорхойлж буй уул уурхайн салбарыг та чухамдаа түүхэн цаг үед нь толгойлж байна. Чадварлаг мэргэжилтэн, төрийн сайдын тухайд энэ салбарын хөгжлийг та ямраар харж байна вэ?
-Үнэхээр ч 21-р зууны эхэнд Монгол улс газар нутгийнхаа арвин их ашигт малтмалын баялгаар дэлхий дахины анхаарлыг татан тодрон гарч ирж байна. Ирээдүйн Монгол ямархуу хөгжилтэй улс орон болохыг шийдвэрлэх, алдах эрхгүй, хариуцлагатай түүхэн үед бид ажиллаж байна. Ашигт малтмалын баялагтай улс орнууд зарим нь Африкийн орнууд шиг харамсалтай байдал руу орж байна. Зарим нь Кувейт, Катарын орнууд шиг ард олноо бодсон зөв бодлоготойгоор хөгжиж байна. Бид аль нэг улсын хөгжлийг хуулбарлах биш Монголынхоо газар нутаг, ард иргэдийнээ эрх ашиг, соёл иргэншил, хойч хэтийн үеийнхэндээ үлдээж, өвлүүлэх бодлоготойгоор уул уурхайгаа хөгжүүлэх ёстой.
Уул уурхайн салбар Монгол улсад эрчимтэй хөгжиж эхэлж байгаа энэ үед ашигт малтмалуудаа түүхийгээр нь хямд төсөр үнээр экспортонд гаргаж байгааг багасгаж, боловсруулах үйлдвэрүүдийг олноор барьж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх бодлогыг төр засгаас дэмжин хэрэгжүүлж эхлээд байна. Энэ нь Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, Өмнийн говийн аж үйлдвэрийн цогцолбор, баруун хойд болон дорнын бүсүүдийн үйлдвэржилтийн бодлогуудаас харагдаж байгаа. Ашигт малтмал дээр суурилсан аж үйлдвэржилтийн бодлогыг дагаад олон мянган ажлын байрууд бий болж, ард түмний амьдрал сайжрах болно. Гэвч дан ганц уул уурхайн салбар биш тээвэр харилцаа холбоо, эрүүл мэнд, соёл боловсрол, банк санхүү, дэд бүтцийн бүх салбарууд зэрэг хөгжих шаардлагатай юм.
Мөн ард иргэд маань хөгжлийг өөрөөсөө, гэр бүлээсээ, хамт олондоо бий болгож жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийг хөгжүүлж, хөгжлийн төлөө Монгол хүн болгон өөрчлөгдөх хэрэгтэй байна. Жижиг дунд үйлдвэрийг эх орондоо эрчимтэй хөгжүүлэхийн төлөө өргөн бодитой үйл ажиллагааг хэрэгжүүлээд эхэлсэн. Жижиг дунд үйлдвэрлэл хөгжчихсөн улс орнуудын эдийн засаг ямар ч хямралд тогтвортой байдаг нь бусад улс орнуудын туршлагаас харагдаж байна. Иймээс бид эдийн засгийн бүх салбаруудаа жигд хөгжүүлэх бодлоготой, зорилттой байгаа.
-Уул уурхайн баялгаас ард түмэнд хүртээх хуваарилалтын талаар та ямар бодолтой байна вэ?
-Газар нутгийнхаа баялгийг... Ард түмэндээ хэрхэн хуваарилах вэ гэдэг асуудал бол дэлхий даяар олон янзаар зохицуулагддаг, шийдвэрлэхэд бэрх асуудлуудын нэг байдаг л даа. Байгалийнхаа бүх баялгийг бид энэ цагт зэрэг зэрэг ашиглах нь буруу гэж боддог. Байгалийн баялагтай улс орнууд баялгийн үр шимийг хэрхэн ард түмэндээ зөв зохистой хуваарилах, хойч үедээ үлдээх талаар онол боловсруулсан судалгаа Нобелийн шагнал хүртсэн байдаг. Онолын гол үзэл бодол нь бидний хойч хэтийн үе үеийнхэн маань биднээс илүү буюу бидний хэмжээний байгалийн баялагтай байх ёстой гэсэн санаа юм. Иймд бидэнд уул уурхайн салбарын хөгжлийн үндэсний стратеги бодлого туйлын чухал байгаа. Өнөөгийн цаг үед бидэнд ноогдох эрдэс баялгаас ард түмэндээ хүртээж, хуваарилж явах шаардлагатай байгаа. Үүнийг заавал бэлэн мөнгө тараах хэлбэрээр биш, төрөл бүрийн нийгмийн бодлогын хэлбэрээр хуваарилж, хэвшүүлэх арга зам бас бий.
-Сүүлийн үед гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах талаар их ярьж байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Монголчуудын амьдрал хүнд байсан нийгэм, эдийн засгийн шилжилтийн цаг үед гадаадын хөрөнгө оруулалтыг урьж, хөхүүлэн дэмжих гэрээнүүдийг байгуулж, хууль гаргаж байсан. Сүүлийн жилүүдэд зарим гадаадын хөрөнгө оруулалттай төслүүдтэй холбоотой эдийн засгийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлж болох хандлагууд илэрч байна. Жишээлбэл, Ашигт малтмалууд болон экспортын бүтээгдэхүүний үнэ, ханшийг унагах, үйлдвэрлэлийн явц, санхүүгийн хяналтыг тодорхой болгохгүй байх, монгол ажилчдын тоог тохирсон хэмжээндээ хүргэж ажиллуулахгүй байх, зарим бүтээгдэхүүний дотоодын зах зээлийг монопольчлон эзэмших зэрэг. Гэвч гадаадын хөрөнгө оруулалтыг хумих нь буруу гэж боддог. Бид гадны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа эдийн засгийн хараат бус байдлыг үндэсний аюулгүй байдалтай хослуулан хууль эрх зүйн зохицуулалтыг маш боловсронгуй болгож, үндэснийхээ эрх ашгийг дээдэлсэн бодлогын тууштай арга замуудтай болох хэрэгтэй байна. Мөн гадаадын хөрөнгөө оруулалтын гэрээг ил тод, тухайн орон нутаг, ард иргэдийн эрх ашгийг дээдэлсэн, харилцан ашигтай байх зарчим дээр хийгдэх хэрэгтэй гэж үздэг. Мөн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг ялгаварлан үзэх бодлогыг арилгах цаг аль хэдийнэ болсон.
-Хоёулаа баахан улс төр, уул уурхай ярьлаа. Та бол бизнесийн салбартаа, тэр дундаа хамгийн том салбар уул уурхайд орон зайгаа тунхаглаж, хүлээн зөвшөөрөгдсөн бизнесмен хатагтай. Харин сайдыг албыг аваад төдий удаагүй байгаа. Сайд байх нь улс төрч байх танд таалагдаж байх юм уу?
-Таалагдах, таалагдахгүйн тухай асуузал ярихаасаа илүү “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг цаг нь над дээр ирсэн юм болов уу гэдэг өнгөөс нь харж байгаа. Харьцуулъя гэвэл сайд болсон эхний өдрөөсөө л өндөр хариуцлага ирснийг мэдэрсэн. Нэгэнт төрөө засалцахаар сэтгэл шулуудаад ороод ирсэн учраас цаашдаа үр бүтээлтэй ажиллахыг хичээж байна.
-Та бизнесээс улс төрд хөл тавьсан төрийн түшээдийн нэг. Төрөөс төрсөн тэрбумтан хэмээх имиж таныг дагалдахгүй. Хөрөнгөө мөнгөө бий болгож, босгочихсон учраас төрийн мөнгөнөөс хумслаад байхгүй байх сайн талтай гэж олзуурхдаг. Нөгөө талаар бизнесмэнүүд улс төрд олноороо байж бодлого тодорхойлох нь эрх ашгийн зөрчилтэй учраас сонгодог улс төр биш гэх онол ч түгээмэл. Та ямар бодолтой явдаг вэ?
-Ашиг сонирхлын зөрчилтэйд хамаарагдах категорит байгаа бол тухайн чиглэлийн шийдвэр гаргах түвшинд ажиллах нь онолын хувьд буруу. Гэвч өнөөдрийн бизнесийн эрх зүйн орчин тогтвортой бус, улс төрд өнөөгийн зах зээлийн үеийн хөгжлийн бүтээн байгуулалтыг уян хатан бодлоготойгоор мэдэрдэг, бэлтгэгдсэн улс төрчид цөөн байгаагаас бизнесменүүд улс төр лүү олноороо орж байна гэж хардаг. Хөгжингүй улс орнууд хувийн хэвшил, бизнесийнхээ хөгжлийг эргэлт буцалтгүй дэмждэг. Тэр улс гүрнүүдэдэ улс төрчид нь улс төрөө хийгээд, бизнесийнхэн бизнесээ л хийдэг. Яагаад гэвэл бизнесийнхээ орчныг тайван тогтвортой дэмжин хөгжүүлж байдаг. Бизнесийнхэн үйлдвэрлэлийнхэн нийгмийнхээ баялгийг бүтээж байдаг гэдгийг тэд сайн ойлгодог. Манай улсад удахгүй ийм тогтвортой хөгжлийн цаг үе ирнэ гэж итгэдэг.
-Ярилцлагынхаа сэдвийг улс төр бизнес мэтийн хөндий сэдвээс бага зэрэг холдуулъя гэж бодлоо. Та нууцлаг эмэгтэй. “Монополимент”-ын Гарамжав гэж эмэгтэйчүүлээс уул уурхайд цойлж яваа ганц бизнесмэн байдаг гэхээс цаашгүй. Нууцлаг байхыг туулсан амьдрал, эрхэлж буй бизнес тань шаарддаг уу, эсвэл таны мөн чанар чинь дотогшоо чимээгүй юм болов уу? Та юу гэж боддог вэ?
-Ер нь өөрийгөө сурталчилаад, зарлаад явах шаардлагагүй гэж боддог. Хүний амьдарч, хөдөлмөрлөж, нөхөрлөж нийгэмдээ нөлөөлж бий болгож байгаа сайн сайхан зүйлс, алдаа оноо нь тухайн хүнийг тодорхойлж байдаг. Үйлдвэрлэл, бизнесийг удирдаж байхад зав чөлөө гардаггүй дээ. Хорвоогийн амьдралын зовлон, жаргалыг хүмүүсийн адил л үүрч туулж явна.
-Нутаг ус, аав ээж, бага насныхаа сэтгэлд тод дурсамжаас хуваалцаач?
-Аав ээж, эмээ өвөө нар маань бүгдээрээ Булганых. Өвөө маань Харцага Дамдин гэгч Халиун сумын Бүрдийн голоор нутагладаг, олон адуу малтай хүн байж. Аав маань “Цогт тайж” кино гарах болгонд Туул голыг гаталж яваа олон адууг заагаад “Энд манай адуунууд байгаа. Кинонд тоглуулах гэж хотод авчраад Баянхошуунд тогтоож дийлэхгүй байсан” гээд ярьдаг байсан. Одоо энэ киног үзэхээр сайхан байдаг даа. Эмээ ижий маань Дашинчилэн сумын Цамбын Норжмоо гэж сайхан хүн байлаа. Ижий маань энэ биед минь шингэж үлдсэн, энхрий, нандин, сайхан сэтгэл юм даа.
-Амьдралынхаа хамгийн аз жаргалтай бас хамгийн хүнд үеэ дурсаач гэвэл?
-Энэ тухайгаа би “Монголын шилдэг бизнесмэнүүдийн түүх” гэдэг номон дээр нэлээн дэлгэрэнгүй ярьсан байдаг юм. Амьдрал, ажил хөдөлмөр, бизнесийн түүх минь бэхшээл дүүрэн он жилүүдийг туулж ирсэн. Энэ түүх залуу үед маань хэрэг болно гэж боддогоос илэн далангуй ярилцлага өгдөг.
Өнөөдөр байгаа амьдралдаа сэтгэл дүүрэн амьдрах нь аз жаргал юм. Хийж бүтээхийн мөнхийн зорилготой, ажлаа барахгүй байх нь аз жаргал. Хөгжилд хүрсэн дэлхий ертөнцийн сайн сайхныг олж мэдэх, амжилтанд хүрч байгаа хүмүүсийг, найз нөхдөө олж харах нь аз жаргал. Үр хүүхдүүд маань амьдралын дөрөөнд хүрч байгааг харах нь аз жаргал. Мөн бүх Монголчууд сэтгэл амгалан, айл бүр хүссэнээрээ сайн сайхан амьдралтай болох нь бидний аз жаргалын дээд болно гэж боддог.
-Ирээдүйн бизнесмэн хатагтай, өнөөгийн сайд бүсгүй балчир ахуйдаа энэ амжилтаа зөгнөдөг байсан болов уу? Ер нь таны амжилтын нууц юу байсан гэж боддог вэ?
-Товчхондоо “Санаа сайн бол заяа сайн” гэдэг үг л миний амжилтын нууцыг тодорхойлно.
-Бизнесийн орчин бүсгүй хүний эмэгтэйлэг оршихуйг өөрчилдөг, эршүүд болгодог гэх нэг нь байхад эсрэгээрээ эршүүд, дайчин хүүхнүүд л бизнест амжилт гаргадаг гэх хэсэг ч бас бий. Та алийг нь дэмжих вэ?
-Заавал эршүүд байж амжилтанд хүрнэ гэж би боддоггүй л дээ. Харин ч эмэгтэйчүүд уян хатан, гоо сайхан, ухаалаг чанараараа илүү амжилтанд хүрч ч болно. “Гоо сайхан ертөнцийг аварна” гэж үг байдаг. Нэг үеэ бодвол эмэгтэй хүнд гадаад дотоод гоё сайхнаа хадгалах, хөгжүүлэх, бүрэн бололцоотой шинэ зуун ирж байна. Бизнест үйл ажиллагаа, сэтгэлгээний хурд илүү амжилт авчирна.
-Ер нь улс төрийн орчин Гарамжав гэдэг хувь дотоод ертөнцийг хэр өөрчилж байгаа бол? Та хэр өөрчлөмтгий хүн бэ?
Хүн нэг л мөн чанартай байдаг гэж боддог. Хүний дотоод мөн чанар өөрчлөгдөхөөсөө илүү хөгждөг. Улс төрийн ертөнцөд орсноор миний дотоод мөн чанар дээр өндөр хариуцлага гэдэг зүйл нэмэгдсэн. Өнөөгийн манай цаг үед хүний дотоод ертөнцийн хөгжилд улс төр харш нөлөөтэй байгаа. Гэвч өөрийн дотоод ертөнцийн мөн чанар дээр бат зогсох хэрэгтэй.
-Хүн бүрт эрхэмлэх үнэт зүйл, нандигнах юм байдаг. Таны эрхэмлэх нандигнаж явдаг зүйл нь юу вэ?
-Шантрашгүй хөдөлмөр, хязгааргүй хайр, шударга ёс, сайн үйлс.
-Бурхан, шашин шүтлэг, хүнлэг энэрэнгүй сэтгэлийн талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Бурхан шашин бол хүний дотоод ертөнцийг тэтгэж, аварлаа илгээж байдаг зүйл. Сэтгэлдээ бурхантай хүн их хүнлэг, өгөөмөр байдаг юм. Шүтлэгтэй хүмүүсийг өөртөө итгэх итгэлгүй гэж үздэг ч тийм биш гэдэг нь мянга мянган жилийн түүхээр батлагдана.




