Эзэгтэй танд өгөх даалгавар байна – 16


 

                    

“Сонгууль-2012” нэртэй толгойны өвчин өдөр бүр хаалга тогшоод л эзэгтэй нарыг маань зовоогоод байна уу? Хаалган дээрээ гаргаад хадчихсан “Сонголтоо хийсэн, хаалга бүү тогш” гэсэн бичгээ өнөөдөр та хуулж аваарай. Учир нь...

Дарамт гэж бодсон тэр зүйлийнхээ давуу талыг ажиглаж, ашиглах боломж бидэнд бий. Эзэгтэй та хаалга тогшоод л бүлтэгнэж зогсоо алаг эрээн футболктой сурталчилгааны ажилтанг, уурлаж загнахаасаа өмнө найрсаг сайхнаар инээмсэглэн сурталчилгааны хуудсыг нь аваад “баярлалаа” гэж хэлээрэй.  Хаалгаа хамаг хүчээрээ савж хаахаасаа өмнө бүсгүй минь, хэрэв хайртай хэн нэгэн хүний чинь хамрыг нь хавчих шахуу, ингэж хаавал таньд ямар байх вэ? гэж бодоорой. Тэр хүн бас л хэн нэгний “хайртай хүн” нь шүү дээ. Тэгээд ч хаалгаа савж хаана гэдэг айл гэрийн хувьд уналт, доройтлын эхлэл болно гэж үздэг. Савж хаах тоолонд саванд үржүүлсэн зүйл чинь савагдаж гардаг хэмээнэ.

Ямар ч хамаагүй ажил хийж, амьдралаа залгуулах гэсэн энэ ажилчидад ямар л буруу байв гэж дээ. Хаалга орой үдшээр чанга тогшдог  “урилгагүй зочид”-ыг уучлаарай, хүүхнүүд ээ.

Харин бид, тэдний тараасан сурталчилгааны хуудсыг хэрхэн ашиглаж болох вэ? Урин дулааны улирал ирж бүсгүйчүүд бид гэр бүлийн хамтаар хотоос зайдуу, цэвэр агаартай лагертаа өнөө маргаашгүй гарах гэж байна.  Бороо, шороотой сэрүүн өдрүүдэд бид сурталчилгааны энэ хуудсыг цуглуулж байгаад гал гаргахад ашиглаж болно шүү дээ. Үгүй бол, лагерт гардаг эсвэл гэр хороололд амьдардаг танилдаа цуглуулж байгаад бэлэглэж болно. Цаашилвал, “том тод” үсэгтэй энэ хуудсууд уншиж сурч байгаа хүүхдэд чинь бэлэн цагаан толгой болчихно. Бяцхан үр чинь “би үүнийг уншиж чадна” гээд л хичнээн их дуртай байгааг нь та анзаараарай.  Уурлаж, уцаарлах амархан ч уучилж өршөөх хэрэгтэй. Хүүхнүүд ээ, толгой өвтгөсөн энэ өдрүүд удахгүй дуусна. Тэвчээр гаргаж түр хүлээ...


                                                                        Цэцэн авхай нь...



 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.