МУГЖ Б.Сарантуяа 9 дэх удаагаа үзэгчидтэйгээ хамт төрсөн өдрөө тэмдэглэлээ

4 дүгээр сарын 20. Энэ өдөр хэн нэгний хувьд энгийн нэгэн он цагийн эргэлт байж мэднэ. Харин тэгш тоо давхцсан энэхүү өдрийг хоног тоолон хүлээх хүмүүс олон. Жил бүрийн энэ л буухиа он удаан үргэлжилж, үзэгч түмнийгээ баярлуулна гэдэгт тэд итгэлтэй байдаг. Энгийн эрхэмсэг хүчирхэг бүсгүйн хоолойны царааг хэн ч бардам магтаж чадна. Учир нь тэр хийсэн, бүтээсэн, дуулсан, дурлуулсан бас уяраасан.  МУГЖ Б.Сарантуяа гэдэг нэр аль хэдийнээ Монголын томоохон “брэнд” болжээ. 


Мундаг дуучин болно хэмээн хүсэл тээсэн 16 настай бяцхан охин өнөөдөр 45 нас хүрчихлээ. Цаг хугацаа гүйцэгдэхгүй хурдлахын хэрээр түүний олз омог ч дундрашгүй арвин болсоор...  Урлагийн тогоон дотор 29 жил  боловсорсон тэр, үзэгч түмний үнэлэмжинд “мундаг дуучин” хэмээн багтан явдаг. Тэгвэл бяцхан охины зорилго хэдийнээ биелжээ. 2500 хүний суудалтай Монгол бөхийн өргөө зай завсаргүй  үзэгчдээр дүүрч, тасралтгүй баяр бахдалын алга ташилт үргэлжилж байсан нь тэр бүхний баталгаа юм. 


МУГЖ Б. Сарантуяа 9 дэх удаагаа төрсөн өдрөө алтан тайзан дээр тэмдэглэж буй нь энэ юм. Тэр үргэлж урам зориг бэлэглэдэг үзэгч түмнийгээ баярлуулж бас хамтдаа баярлаж энэ өдрийг өнгөрүүлдэг уламжлалтай. Тэгвэл дуучин Сараагийн хоолойн сүр хүч дор, бөмбөгөр их ордоны алтан тайзан дээр болж өнгөрсөн халуухан тоглолтын уур амьсгалаас уншигчидтайгаа хуваалцаж байна.


Суудлаа зэхэн тухлаж буй үзэгчдийг өндөр ритмтэй хөгжмийн хэмнэл, түүний аянд эвлэгхэн бүжиглэх жавхаалаг дуучин хоёр маань хэзээний гэгэлзүүлээд эхлэв. Энэ тоглолтын уур амьсгал ямар болохыг хэн ч таамаглаж байлаа. МУГЖ Б. Сарантуяа тоглолтоо нэрлэсэн “Сэхүүн салхи” дуугаар орчныг сэвэлзүүлж,  хэн бүхнийг хуучин дурсамжинд нь эргэн аваачсан юм. Тоглолт цааш үргэлжилсээр бөөрөнхий тайз өнгө гэрлээр солигдон басхүү дуучны маань цагаан царай, танан цагаан шүд, гялтганасан хар даашинз гээд өнгө гэрлийн зохицол дунд хараа ер салсангүй. 

МУГЖ Б. Сарантуяагийн тоглолтын хамгийн хүндтэй зочдын нэг бол түүний ээж юм. Тэрээр “Сарана” хэмээх дуугаараа ээждээ зориулан мялаалга өргөлөө.

Энэ удаагийн хөтлөгчдөөр рок хэмээдэг Р.Мөнхсайхан, дуучин М. Нара нар томилогджээ. Тэдний энгийн инээд, хөгжөөн наргиа үзэгчдэд таалагдаж байлаа. Ер нь амьд уур амьсгал, амьд тоглолт, амьд хөгжмийн хамтлаг гээд шалгуур өндөртэй тоглолт болсонийг хэн хүнгүй мэдсэн бас мэдэрсэн. Үзэгчдийн голд ач охины хамт тухлан суух, МУСГЗ Д.Ухнаа гуай ч үүнийг сайшааж байсан юм. Гавъяаты хувьд хоногшил болсон дуунуудаа дараалан уянгалуулсан ч ер цуцсан шинжгүй. Бүр тоглолтын дунд хэсэгт “Аав ээж хоёр минь” хэмээх ур чадвар ихээр шаарддаг дууг дуулахаар төлөвлөсөн байх юм. Үзэгчид ч чих тавин хүлээж байлаа. Тодоос тод, хүчтэйгээр цуурайтах тэр аялгууг амьсгаа даран чагнах үзэгчид жилээс жилд хүчирхэгжих тэр хоолойг бишрэн уухайлна.

Мөн нэмж хэлэхэд “Содура” киноны дуу энэ тоглолтын нэгэн чимэг байсан гэдгийг хэлэх нь зүйтэй.

Үүний дараа түүнд урлагийн салбарт гаргасан хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж, МУ-ын Ерөнхийлөгчийн тамгийн газраас “Хүндэт жуух бичиг”-ийг гардууллаа.  Ийнхүү баяр дээр баяр нэмсэн шагнал, бэлгийн хур, цэцгийн баглаанд гавъяат бялахсаар....

“Сэхүүн Салхи” тоглолтонд олон сайхан цэцэгс дэлбээлэн гарч ирсэн. Түүний шавь Улсын Филормоны гоцлол дуучин Л. Насанбуян, царайлаг чадварлаг хэмээн үзэгчидээс сайн үнэлэмж хүртэж буй залуу дуучин Хишгээ, Ангирмаа багшийн хамт. Мөн хамгийн их үзэгчдэд таалагдсан  нь “New Star”студэд харъяалагддаг, дуучин Б. Сарантуяагийн дүү нар үзэсгэлэнт бүсгүйчүүд төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлсэн нь энэ тоглолтын нэгэн гэнэтийн бэлэг байлаа. Тэд бол альтернатив дуучин Х.Отгоо, Ч. Соко, Б.Баярцэцэг, Э.Болор-Уянга, Ж.Нара нар байсан юм.

Энэ үдэш түүнд барих гэнэтийн бэлэг тасарсангүй, гавъяатын зүгээс гэнэтийн бэлэг ч дууссангүй. Дуучин маань өөртэйгээ нэгэн өдөр төрсөн үзэгчдэд гарын бэлгээ гардуулсан. Энэ дунд дөнгөж хөлд орж буй бяцхан хүүхдүүдээс эхлээд 70 гаруй настай эмээ хүртэл байсан юм.

Манай улсад болж буй дулаахан уур амьсгалтай тоглолт, дэлхийн хэмжээний оддын тоглолт мэт санагдах үе байсныг ч сэтгүүлч миний бие нуух юун. Дуучин Б. Сарантуяагийн фен групп нэг дор цугларч, олон өнгийн лоозон гэрлээр жигдрэн шагширч, телевизийн шууд дамжуулалт дэргэд хийгдэж, бүх зүйл нэгэн цогцложээ. Техник технологи, уран бүтээлчидийн алдаа саад гараагүй гэхчлэн ямар өндөр хэмжээнд бэлтгэж, хөлс хүч зарцуулдагийг үзэгчид магтахын сацуу, залуу уран бүтээлчид үлгэр дуурайлал авсан биз ээ.

Тоглолт өндөрлөх дөхөж бэлгээ өгч амжаагүй хүмүүс яаран тайз руу ухас хийнэ. Уламжлал ёсоор бялуу задарч дуучин маань үзэгчидтэйгээ хамт төрсөн өдрийн дууг эгшиглүүллээ.  Тоглолтын дараа ирсэн зочид уран бүтээлчид МУГЖ Б. Сарантуяад зориулж мялаалгын үгээ дэвшүүлж харагдсан. Энэ дунд Залуу дуучдаас A Cool, Sweetymotion хамтлаг, Ая зохиогч Б. Чинбат, мөн дуучин Дэлгэрмөрөн. Оюунбилэг, Тайванбат, Ангирмаа, Дашдондог, Цогоо гэх мэт цөөнгүй уран бүтээлчид уригдсан байлаа. Ийнхүү хоёр цаг үргэлжилсэн тоглолт өндөрлөж, гавъяат маань уламжлал ёсоор мэхийн ёсолж, үзэгч түмэн сэтгэл ханамжаар дүүрэн алга ташилтаа өргөн барьсан юм. Саяхан амьсгалах агааргүй, яриа чихэнд хүрэмгүй шуугиантай байсан өргөө өнгө зүсээ олж, хүмүүсийн цуваа бага багаар холдсоор байлаа...

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.