Д.Дорждэрэм: “Даатгалын ашиг тусыг ойлгуулах нь бидний зорилго”

Бид нийгэмд оршиж буй эрсдэлийг бууруулах тал дээр олон төрлийн ажил үйлчилгээг явуулж байна. Энэ явцад тохиолдсон бодит асуудлыг үнэн зөвөөр ард иргэддээ хүргэх хэрэгтэй байна. Гэвч өнөөдөр бүх хэвлэл мэдээлэл улс төржөөд байгаа энэ цаг үед уг асуудалд эерэгээр нөлөөлөхөөс илүүтэй нэр хүнд олох “арга хэрэгсэл” болгох гээд байх юм. Тус үйл явдал дан эмэгтэйчүүдийн оролцоотой учраас танай сайтын сонгох нь зүйтэй гэсээр бидний ярилцлага эхэллээ.
Мандал даатгал компаний Эрсдэл хариуцсан захирал Д.Дорждэрэм:
“Даатгалын ашиг тусыг ойлгуулах нь бидний зорилго”
-Уншигчиддаа ойлгомжтой болгох үүднээс болсон үйл явдлыг уншигчидад маань товч танилцуулахгүй юу?
Энэ оны 6 сарын 6-ны өдрийн шөнийн12 цагт Улиастайн зам дээр сөрөг урсгалаас ирсэн машинтай зөрөх гэж замаас гарахдаа замын хажууд байгаа хүнийг дайрч амь насанд нь хүрсэн хэрэг гарсан юм. Хэрэгтэн эмэгтэйн мэдүүлж буйгаар өөдөөс ирсэн машин гэрлээ солиогүйн дээр, зам хэт нарийн байснаас энэ хэрэг боллоо. Жолооч эмэгтэй Мандал даатгалын албан журмын жолоочийн даатгалд даатгуулсан байсан учир осол гарсан газар дээрээсээ бидэнрүү хандсан юм. Дуудлагын дагуу манай мэргэжилтэн очиж үзэхэд хүний амь нас эрсдсэн осол болсон байсан. Эрхзүйн үүднээс манай даатгуулагч буруутай байсан ч гэсэн бид нар хохирлыг нь барагдуулах үүрэгтэй. Хариуцлагын даатгал нь даатгуулагч биш хохирогч талын бүх хохирлыг барагдуулна. Хуулийн дагуу нөхөн төлбөр нь дээд тал нь таван сая төгрөг байна гэсэн заалттай. Тус тохиолдолын хувьд дээд хэмжээгээр ологдоноо. Харин хохирогчид өгөх нөхөн төлбөр л бид нарыг мухардалд оруулаад байна.
-Мухардалд оруулна гэдэг нь хохирогч талд мөнгө өгөх үү? үгүй юу? гэдэг асуудал уу?
-Манай талаас нөхөн төлбөр олгоход ямар ч асуудал байхгүй. Харин хохирогчийн оршин суух хаягаар биднийг очиход хууль дүрмийн дагуу өв залгамжлах ёстой хохирогчийн ээж 78 настай хэвтрийн эмэгтэй, ой 2 сартай түнхний мултралтай нялх охин, мөн бидний эмзэг бүлгийн гэж нэрлэх таагүй орчин хүлээн авсан юм. Тиймээс бид энэ мөнгийг захиран зарцуулах чадваргүй эдгээр хүмүүсийг асран хамгаалах хүн хайхаар болсон. Ингээд шууд л тухайн дүүргийн нийгмийн ажилтан дээр очсон.
Хорооны нийгмийн ажилтны зүгээс өгсөн гэр бүлийн гишүүдийн тодорхойлолт үнэндээ “аймшигтай” байлаа. Талийгаач ой найман сартай хүүхэдтэй, хүүхэд нь түнхний мултралтай. Талийгаачийн ээж 78 настай хөгшин, бүтэн хараагүй. Түүний эгч тархи толгойн өвчтэй, оюун ухааны хомсдолтой группд. Харин орчин тойрон, төрөл садангийн хүмүүс бүгд архичид гэсэн. Энэ л мэдээлэл биднийг мухардалд оруулсан.
-Хуулинд энэ талаар ямар нэгэн заалт алга гэж үү?
-Хуулинд асран хамгаалагч нь захиран зарцуулах эрхтэй гэсэн боловч энэ хоёрын асран хамгаалагчийг олж тогтоох, энэхүү мөнгийг хохирогчдод жинхэнэ утгаар нь, бодит байдлаар хүргэх яг ийм нарийн заалтууд огт байхгүй байсан. Бид Албан журмын даатгагчийн холбоонд хүртэл хандаж “Энэ асуудал бидний мэдлээс халилаа, яах вэ” гэхэд жолоочийн Албан журмын даатгал “Танайх анх удаа амь эрсэдсэн хохирогчийн талд нөхөн төлбөр олгож байна. Бид энэ асуудлыг судлах хэрэгтэй” гэсэн хариу өгсөн.
Маргааш нь Мандал даатгалын мэргэжилтний хамтаар бид хотын захын дүүрэгт байрлах талийгаачийн гэрт очлоо. Ганц жижиг умгар гэрийн хаалгаар ороход нилээд ядруу гэр орон, хоймортоо талийгаачийн зургийг зулын хамт байрлуулсан харагдав. Бид талийгаачийн эгч, өнөөх оюуны хомсдолтой гэх бүсгүйтэй танилцаж, болсон хэргийн тухай ярилцахад энэ эмэгтэй эрүүл саруул, ажил төрөлтэй, зүгээр л амьдралын төлөө зүтгэж яваа Монгол эмэгтэйчүүдийн адил энгийн сайхан бүсгүй гэдэг нь ил тод харагдсан юм. Хорооны зүгээс түүнийг “мэдрэл муутай” гэж тодорхойлсныг түүнд дуулгахад “Би тархи толгойны өвчтэй нь үнэн, гэхдээ нийгмийн ажилтан надтай нэг ч удаа уулзаж байгаагүй шүү дээ, нэг ч удаа уулзаж үзээгүй байж ингэж хэлж болдог юмуу” гэж хариулсан юм.
-Талийгаачийн эгчийг “оюуны хомсдолтой” ойр хавийн архичдыг гэр орондоо цуглуулдаг гэж байсан?
Харин тиймээ. Хорооны нийгмийн ажилтаны өгсөн мэдээлэл энэ. Гэвч бодит байдал дээр энэ хүн ямар ч асуудалгүй, харин ч энэ гэр орныг авч яваа ганц хүн байна гэдгийг бид мэдлээ.
-Яг энэ тохиолдолд нийгмийн ажилтан, засаг дарга нар хариуцлага үүрэх ёстой юм биш үү?
-Уг нь хуулийн дагуу тухайн дүүргийн засаг дарга, нийгмийн ажилтан дүүргийнхээ иргэнд үйлчлэх ёстой. Гэхдээ хуулиндаа манайд болсон энэ хэргийг хариуцна гэсэн заалт байхгүй байгаад байгаа юм.
-Таныг эмээ өөрөөсөө мөнгө өгч байна гэж бодоод л баярлаад байх шиг байна?
-Харин тиймээ, манай иргэд даатгалын тухай ойлголт муутайгаасаа болоод хууль дүрмийн дагуу ирж байгаа мөнгө гэж ойлгохгүй байна лээ. Би тэр хүнд учрыг нь ойлгуулж хэлсэн боловч хөөрхий надад баярлаад үлдсэн. Манай иргэд даатгалын тухай сайн ойлгодоггүй нь харагдсан. Осол гаргасан хүн иргэний болон эрүүгийн хариуцлага үүрэх үүрэгтэй. Энэ утгаараа даатгуулагч маань хууль дүрмийн дагуу хариуцлагаа үүрнэ. Харин хохирогч болсон иргэдийн хохирлыг даатгалын компани барагдуулж тэднийг хохиролгүй болгоно гэдгийг даатгуулсан ч бай, даатгуулаагүй ч бай үүнийг мэдэж байх хэрэгтэй. Хүн өөрсдөө хөөцөлдөж даатгалын компани дээрээс нөхөн төлбөрөө нэхэх эрхтэй шүү дээ.
-Даатгалын компани энэ бүхний эцэст даатгалын системээс ашиг олдог гэж үү?
-Албан журмын даатгал үнэндээ бидэнд одоохондоо ашиггүй байна. Дунджаар 29-33 мянган төгрөгний хураамж төлчихөөд 5 сая төгрөгний нөхөн төлбөр олгож байна гэдэг. Түүнээс гадна өдөр тутамд жижиг нөхөн төлбөрүүдийг олгож байдаг, үйл ажиллагааны зардал ч мөн маш өндөр өртөгөөр бүтдэг. Харин юугаараа ашигтай вэ гэхлээр хүмүүс даатгал гэдэг зүйлийг ямар учиртайг, ирээдүйд ямар хэрэгтэйг ойлгож ухаарч байгаад нь л юм. Даатгалын компани гэдэг нийгмийн үүрэгтэй, үүнийг л нийгэмд ойлгуулах нь бидний зорилт болоод байна. Ямар нэг асуудал гарлаа гэхэд хэнд хандах нь ойлгомжтой, хэнээр асуудлаа шийдүүлэх нь ойлгомжтой болох юм.
-Энэ бүхний эцэст танай зүгээс ямар шийдэлд хүрч байна?
-Эцсийн бүлэгт бид гэр бүлийн хүмүүсийн хүссэн дөрвөн ханатай гэр, охины эмчилгээнд шаардагдах эм тариаг авч өгөөд үлдсэн мөнгийг сар бүр олгож байхаар данс нээлгэж байгаа юм. Нэгэнт энэ охиныг асран хамгаалах чадвартай хүн гарч ирсэн нь энэ хэргийг шийдэхэд бидэнд асар их дөхөм болж өгсөн юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа







