Би 40 настайгаа “сайн, сайн байна уу?”гэж баяр бахдалтайгаар мэндчилнээ

...Амьдрал гэж чухам юу юм бэ? гэх асуултыг би олон хүнээс асуулаа. Өөрийнхөө хүссэн хариултыг нэг ч удаа олсонгүй. Гэхдээ би өөрөө энэ асуултандаа хариулж чадсан. Өнөөдөр би 40 настайгаа уулзах гэж байна. Өнгөрүүлсэн амьдралынхаа түүхийг эргээд нэг сөхье. Харамсах зүйлгүй амьдрахсан гэсэн миний чин хүсэл, төгсгөлгүй ихээр үргэлжлэх, миний амьдралын зорилго, алдаа гаргахгүй юмсан гэж хичээх зүтгэл минь намайг цаг үргэлж хөгжүүлж, хүмүүжүүлж байсан. Би 70-аад онд төрж, соц үед сурч боловсорч, 90-ээд оны зах зээлийн үед оюутан байсан.
Миний бага нас газар газрын хүүхдүүдийнх шиг л өнгөрсөн. Зуны амралтаараа хөдөө явж эмээ өвөөдөө туслах, ахлах ангидаа ороод пионерийн зусланд амарч, дээс резин тоглож өссөн. Тэр үеийн хүүхдүүдийн амьдралын хэмнэл хэв маяг нэг л хэвийн байсан даа. Онц сурлагатангууд 2-р ангидаа пионерт элсэнэ, “галстук”-аа цэнхэрээр эмжиж дарга болно. Улаан, цэнхэр тууз үсэндээ зүүж гангарна. Бидний үед даргын хүүхдийг сэхээтэн айлын ганган охид, тэр үеийн охидын мөрөөдөл болсон “тог, тог” гэж дуугардаг “лаакан” ботинкоор гангардаг байсан. Өчигдөрхөн мэт санагдах миний бага нас. Дэндүү гэгээхэн.
Дунд анги... бидний үеийнхэн 7 настайдаа сургуульд ордог байсан болохоор 6-р ангидаа 14 настай байсан. Анхны үерхэл, анхны хайрын тухай захидлуудтай энэ л насандаа учирсан.
Тэр нэгэн царайлаг хөвгүүнийг тодоос тод санаж байна. одоо болтол мартагддаггүй болохоор анхны хайр минь байсан юм болов уу? Түүнийгээ харахсан гэж битүүхэн хүсэмжилдэг хэрнээ, тааралдахаараа “үхтлээ” ичдэгсэн.
Саяхан би түүнтэйгээ санаандгүй тааралдсан, гэтэл тэртээх ард минь үлдсэн 20 гаран жилийн өмнөх тэр мэдрэмжийг амссан. Бага насны минь ариухан анхны хайр минь. Миний зүрх яасан хурдан ямар чангаар цохилсон гэж санана? Хажуу дахь хүнд сонсогдохоор байсан шүү.
Ахлах анги... Сурагчийн гоёл болсон бор “форм”, цагааан “партук”-аар ижилссэн миний цайлган үе. Хайрын үгстэй нандин захидлууд, том хүн болчихсон мэт давилуун зан, бүхнийг өөрөө шийдэх гэж зүтгэх зөрүүд ааш энэ бүхэн 18 насных. Аяа ахиад хэзээ ч ирэхгүй арван найман нас минь...
Хаврын өглөө шалгалтандаа бэлтгэж эртхэн босоод “билет”-ээ уншина. Би өөрийнхөө үеийнхнийг магтахыг хүсч байна. Манай үеийнхэн эртэч ажилсаг, хичээл зүтгэлтэй байсан. Хавар намрын ажил, хагас сайн өдрийн “субботник”, мод тарьж, ногоо хураах, чулуу түүх гээд “нийгмийн тустай хөдөлмөр” чин сэтгэлээсээ оролцдог байсан.
Хорьж болдоггүй 20 нас... Би оюутан байлаа... Дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр юмгүй байсан үе. Картын бараанд “очерлож”, олуулаа идсэн амттай хоол энэ үеийнх. Аль тасагт амттай хоол хийж байгаа нь үүдний хонгилд ороход л үнэртдэг байсан. Хааяахан гэрээс ирэх ээжийн хийсэн боорцгоо иддэгсэн. Оюутан цагийн минь хамгийн сайхан дурсамж гэвэл охидын үерхэл байсан. Одоо ч бид найзалсан хэвээрээ....
...Амьдралын их далайд хөл тавьсан миний 21 нас. .. Анхны үрийнхээ зулайг үнэрлэж, уйлан хайлан байснаа тодоос тод санаж байна. Яах учраа мэдэхгүй жаахан охин, “өөрөө хүүхэд байж, хүүхэд төрүүлчихлээ” гэж олон ч хүнд зэмлүүлсэн дээ.
Амьдрахын утга учрыг ойлгох гэж чадан ядан байсан тэртээх он жилүүдэд маань уйтгар, гунигтай зэврүүн өдрүүд байсан ч аз жаргалтай, баяр баясалтай өдрүүд түүнээс ч их байсаан. Бас миний үргэлжлэл болсон дөрвөн сайхан хүү намайг энх амгалан хаан шиг тайван, амгалан, омголон болгодог. Өнөөдөр би гайхамшигтай 40 настайгаа “сайн, сайн байна уу?” гэж баяр бахдалтайгаар мэндчилнээ.







