Сүрчиг тань ямар ангиллынх вэ?
Үнэрийг мэдрэх нь өөрөөр хэлбэл гоо сайхныг хүртэн мэдрэх чадвар бол хүнд байгалиас заяасан асар их хишиг юм. Ялангуяа бүсгүйчүүд бид өглөө гарахдаа тансаг үнэрт сүрчгээр сэтгэл санаагаа сэргээгээд гардаг. Тиймээс түрхэж буй сүрчигээ ямар ангилалд хамаардаг, биед хортой эсэх талаар та доорх мэдээллээс мэдэж болох юм.
Цэвэр байгалийн гаралтай ургамал цэцэгсийн ханднаас бүтээгддэг анхилууны хувьд 1920-оод онд хөгжилийн шинэ шат бий болж Альдегид хувьсгал гарсан түүхтэй. Альдегив буюу 100% химийн найрлагатай сүрчиг үнэртний зах зээлд нэвтрэн орж ирснээс хойш сүрчигийг ерөнхийд нь хоёр ангилан хуваадаг болсон.
1. Байгалийн цэвэр түүхий эдээр бүтээгдсэн 
2. Альдегид буюу 100% химийн аргаар бүтээгдсэн.
Цэвэр 100% байгалийн гаралтай сүрчиг бараг байдаггүй ба сүрчиг нь өөрт агуулагдах байгалийн бодисынхоо агууламжаар үнэлэгддэг. Цэвэр байгалийн түүхий эдийн агууламж ньихсэх тусам сүрчигний үнэ нь нэмэгддэг. Жишээ нь: Хамгийн ховор, үнэтэй сүрчигийн түүхий эд бол Сарнай, Мэлрэг, Нил цэцгүүд бөгөөд дэлхийн зах зээл дээр нэг литр сарнайн цэвэр охь ойролцоогоор 83 сая төгрөгийн үнэтэй байдаг.
Та бидний сайн мэдэх дэлхийн нэртэй фирмүүд болох Эсте Лаудер, Жоржио Армани Кашерал, Ральф Лорен, Ланкомын сүрчигүүдийн найрлагын дийлэнх хувь байгалийн түүхий эдээс бүрддэг учраас үнэтэй бас чанартай байдаг. Энд Ланком фирмийн алдарт Трезор, Миракл, Эсте Лаудерийн Интүшин, Биюүтифүл, Ральф Лорены Гламиорис Романс гэх мэт сүрчигүүдийг дурдаж болно. Үүнээс гадна нэртэй фирмүүдийн сүрчигүүдийн бусдаас ялгарах нэг онцлог бол тэдгээр сүрчигүүдийн үнэр нь үнэртэлтийнхээ хугацаанд гурав хувирдаг буюу өөрөөр хэлбэл үнэр нь хувирч үнэртдэг явдал юм.
1. Top note буюу дээд үнэр: Энэ нь түрхэснээс хойш 15-20 минут үнэртдэг
2. Heart note буюу зүрхэн үнэр: Энэ нь дээд үнэрээс хойш 30-40 минут үнэртдэг
3. Base note буюу суурь үнэр: Энэ нь хувцас ба үсэнд шингэж үнэртдэг үнэр юм. Сүрчиг бол онолын хувьд “спирт, ус, эфирийн тос, альдетид дөрвийн нэгдэл”, харин хэрэглээний хувьд “хүний гоо сайхан, хувцаслалтын тансаг чамин гүйцээлт” юмаа. Спирт нь үнэрийг муудгахгүй хадгалах, хурдан тараах, ууршуулах, мөн үнэрийн хувиралд чухал үүрэг гүйцэтгэдэг. Харин ус бол сүрчигийг шингэлэх, хувирах үнэрүүдийг тусгаарлан салгах зориулалттай. Сүрчигийг бүтээхэд оролцдог анхилуун үнэрт бодисуудыг:
- Ургамлын
- Амьтны
- Химийн гаралтай гэж гурав ангилдаг. Өдөр тутамдаа бидэнд ойр байдаг цэцгүүдээс эхлэн хамгийн ховор нандин бүх цэцэгс өөртөө дахин давтагдашгүй өвөрмөц сайхан содон үнэрийг агуулж байдаг билээ.






