Г.Оюунгэрэл олимпод хувийн амжилтаа эвдэж чадсан
Олон улсын зуны 30 дахь удаагийн олимп өнөөдөр 3 дахь өдрөө үргэлжилж байна. Харин олон улсын усан спортын холбооноос Монгол Улсад олгосон цагаан хуудсын дагуу Лондонгийн олимпийн наадамд оролцох эрхтэй болсон Г.Оюунгэрэл өчигдөр олимпийн усан замд хурдалсан юм. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан 100 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд өрсөлдсөн тэрбээр гараандаа зургаан тамирчинтай өрсөлдөж, 1:27.17 секундын амжилтаар зургаан тамирчнаас тавдугаар байрт шалгарсан байна. Тэр ийнхүү хувийн дээд амжилтаа шинэчилж чадлаа.
Түүний хамт урьдчилсан гараанд уралдсан зургаан тамирчнаас Босния ба Герцеговина улсын тамирчин Ивана Нинкович 1:14.04 цагийн амжилтаар манлайлжээ. Харин Г.Оюунгэрэл түүнээс 13.13 секундээр хоцорч барианд орсон байна. Энэ төрөлд нийт 46 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай тамирчин 45 дугаар байрт бичигджээ.







