Яс сийрэгжилтээс зугтах зам бий
21-р зууны шидэт ундаа, элдэв амтат хүнсний бүтээгдэхүүнээс бидэнд барьсан бэлэг “яс сийрэгжих” өвчин гэж юу вэ? Тэр зөвхөн идэж ууж буй бүтээгдэхүүнээс минь болдог уу? Ажилтай, амьдралтай сэтгэл хангалуун бүсгүй таньд тохиолдож болох энэ аймшигт өвчний тухай бид өгүүлэх гэж байна. Тухайлбал, ясны сийрэгжилт цэвэршиж буй эмэгтэйд элбэг тохиолддог нь бэлгийн дааврын хэмжээ буурснаас болдог гэнэ. Та доорх зөвлөмжийг уншаад өөртөө тусгаж аваарай.
Хэвийн ясны үндсэн хэсгүүд нь цавуулаг бодис ба кальцийн хуримтлалаас бүрдэнэ. Дааврын нөлөөнд ясны доторхи сувгуудаар кальци нь яс ба цусны хооронд шилжиж хөдлөж байдаг. Харин сийрэгжсэн яс цавуулаг бүтэц, эд эсийн хуримтлал үүсэх явцаасаа илүү хурдан задардаг байна. Яс сулран зай завсар үүсч ясан доторхи суваг өргөсдөг. Ясны сийрэгжилт нь нас ахих тусам элбэг тохиолддог. Ясны сийрэгжилтийн үед ясны эд нимгэрч, алдагдсанаар яс муудаж, хэврэг, амархан хугарамтгай болно. Яс өсөж өөрийгөө засварлахын тулд тасралтгүй задарч мөн нөхөн төлжиж байдаг. Яс сийрэгжих үед холбогч эд, эрдэс давсны түвшин буурснаас ясны эдүүд эрчимтэй задарч, нөхөн төлжих явц буурдаг. Ясны өсөлт явагдахын тулд ясны эрүүл эдүүд байнга задарч улмаар нөхөн төлжиж байдаг юм.
Уг үйлийг өдөөн явуулах мөн тэтгэхэд бэлгийн дааврын ялгарал эр эм аль алинд нь буурснаас яс нимгэрч илүү сийрэг болно. Эмэгтэй хүнд цэвэршилтийн дараа эм бэлгийн дааврын хэмжээ хурдацтай буурснаас яс ч мөн адил хурдацтай нимгэрч ясны сийрэгжилтийг үүсгэдэг. Эрэгтэй хүний эр бэлгийн даавар болох тестерон нь аажим буурдаг учир ясны сийрэгжилт үүсэх магадлал харьцангуй бага байдаг. Яс сийрэгжилтийн үндсэн шалтгаанд тамхидалт, дааврын эмчилгээ, бамбай булчирхайн дааврын хордлого, удаан хугацааны бөөрний дутмагшил зэрэг болно.







