Гэрийн нөхцөлд хөлийн хумсаа арчилцгаая
Урин дулаан цаг наашилж, ганган хээнцэр гутлаараа гоёх үе ойртсоор л байна бүсгүйчүүд ээ. Тэгвэл амралтын өдрүүдээр хөл болон хөлийн хумс арчилгаандаа анхаарвал ямар вэ? Гоёмсог хумстай, цэвэрхэн хөлөөрөө өөртөө итгэлтэй алхахыг хүсэж байгаа бүсгүйчүүддээ дараах мэдээллийг бэлтгэлээ.

Хөл болон хөлийн хумсыг зөв арчлах хамгийн эхний алхам бол сайн зөөлрүүлэх явдал юм. Эхлээд бүлээн усанд зөөлрүүлэгч зориулалтын шингэн, эсвэл ургамлын ханд хийж, хөлөө 10-15 минут дүрнэ. Хуруунуудын завсар тусгай салгах хэрэгсэл хавчуулбал хумс авахад хялбар байх болно. Хөлийн хумс арчилгаанд хумсны хутганаас гадна гарын хумс арчилгааны бүх багажаа ашиглаарай бүсгүйчүүдээ. Хумсыг авахдаа гол хэсгийг тэгшхэн авч, хоёр үзүүрийг нь үл ялиг дугуйруулж засах нь тохиромжтой байдаг. Харин эрхий хурууны хумсыг хэт дугуйруулж засах нь хумс шигдэх, үрэвсэх аюулд хүргэдгийг анхаараарай.
Хумсыг шигтгэж ургуулахгүйн тулд хөлдөө таарсан гутал өмсөж байгаарай. Хэрвээ шигдэж ургавал, тэр хэсгийг нь ариутгаж цэвэрлээд, шигдсэн хумсыг маш болгоомжтой авах хэрэгтэй. Анхаарал болгоомжгүй авснаас хумсны эргэн тойрны мах урагдаж, үрэвсэх аюулд хүргэдэг. Харин ингэсэн тохиолдолд бүсгүй та хуруу болон хумсаа тойруулан иод түрхээд, нимгэн хөвөн тавьж боохыг зөвлөе. Хумсыг авч дуусаад, эргэн тойрных нь илүүдэл арьсыг авна. Үүний тулд хөлөө дахин дахин бүлээн усанд 10-15 минут дүрж дэвтээгээд, сайтар арчилж хатаана. Дараа нь зориулалтын саваагаар арьсыг хөндийлж, хойш нь болгоод дугуй хошуутай хайчаар хөндийрсөн арьсыг хайчлаарай. Хэрэв хумсны гадаргуу зузаан бол хумс өнгөлөгчөөр зүлгээд, бүдэг цайвар өнгийн будгаар будаж болно шүү, бүсгүйчүүд ээ. Хумсыг шарлуулахгүйн тулд будахын өмнө хамгаалах тос тавих ба дараа нь тэжээлийн тос түрхэж, иллэг хийх нь зүйтэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







