Насандаа тохируулж хувцаслах нь
25-35 нас
Энэ насны уншигч бүсгүйчүүд маань өөрийн стилээ хэдийнээ тодорхойлсон, моодны чиг хандлагыг мэддэг, өөртөө итгэлтэй байдлыг мэдрэх үе юм. Одоо та мөр цээж, хүзүү, хөлөө зоригтой ил гаргаж болно. Ажил дээр зохих шаардлагын дагуу хувцаслах боловч гадуур задгай зоримог хувцасыг сонгож болно. Энэ үед таны нүүр царайны байдлаас их зүйл шалтгаална. Зарим нь 40 хүртлээ жийнс өмссөөр байдаг бол нөгөө хэсэг нь сонгодог загварыг илүү сонирхох болно. Богино юбка, ил задгай хувцасны тухайд мөн адил та энэ насандаа өмсөхөд тохиромжтой. Ёсзүйн хувьд энэ бүхнийг хориглон цээрлэдэггүй боловч та өөрийн бие галбираа сайтар мэдэрч сонголтоо хийх нь чухал.
Чимэг зүүлтийн хувьд 30-аад насныхан тунгалаг чулуу сонговол зүгээр. Харин орой үдэш бол гялалзсан өнгөлөг зүүлт зүүж болох ба тэдгээр нь заавал өндөр үнэтэй байх албаггүй. Өсвөр насныхан шиг хэт хямд пластмасан ээмэг бөгж, зүүлтээр гоёх ч хэрэггүй. Авангард загварын орчин үеийн чимгийг зөвхөн тохирох хувцастай хамт хэрэглэвэл зүгээр.
Хэт их будаж, этгээд, фантастик эсвэл дисконы хувцасанд дурлах хэрэггүй. Гялалзсан саатай, одтой хувцас чинь эстрадын одод, охидын сонирхох зүйл шүү дээ.
35-40 нас
Энэ насныхан эмэгтэй хүний гоо сайхны оргил үеээс буух, нас тогтох үе. Энэ насныхан ихэвчлэн сонгодог стилийг баримтлах нь зүйтэй бөгөөд тэр нь заавал костюм байх албатай биш. Сайн чанарын нэхмэл хувцас, энгэр битүү даашинз байж болно. Харин эдгээр нь хэт бариу байж хэрэггүй.
Богино юбка, цамцны тухайд бол таны бие галбирт энэ бүхэн чинь хэр зохиж байна гэдгээс шалтгаална. Хэрэв таны фигур, нүүр царайнаас чинь насны баримжаа хэт мэдрэгдэхгүй бол дээрх хувцасыг зоригтой өмс. Хамгийн гоёмсог, үнэт чимэг зүүлтийг та хэрэглэж болно. Энэ үед та өөртөө илүү анхаарал тавьж байнга гоо сайхны салоноор үйлчлүүлж, биеийн тамираар хичээллэх хэрэгтэй.
Энэ насанд хямд хувцас өмсөх зохимжтой биш гэж үздэг. Ядахдаа ажилдаа өмсдөг ганцхан сайн хувцастай байх хэрэгтэй. Энд бас гутал хамааралтай шүү. Таны тэр ганц костюм, ганц гутал үнэхээр сайн чанарынх байг.
Хувцас сонгохдоо хэт хөнгөмсөг маягийн загвараас зайлсхий. Аль болохоор үнэт эдлэл хэрэглэж энэ нь нэг загварынх байвал нэн зохистой.
45-аас дээш насныхан
Бөөрөнхийдүү махлаг цээж, хүзүү тэдний төрхийг улам аятайхан харагдуулна. Тэр бүү хэл өдий хүртлээ охин мэт бие галбиртай яваа бүсгүйчүүд ч энэ үед хөх болоод ташаагаараа жаахан махалж, мэгш мариа суувал зүгээр. Дэндүү их дэглэм барьж, хоол сойх нь нүүрэндээ шинэ үрчлээ нэмэгдүүлнэ.
Өнгөний зохицлыг сайтар бодож сонгох үе ирж байна. Тод өнгийн даашинз, цамцаа шүүгээнийхээ ёроолд хийж болно. Мөн биед эвтэйхэн, өндөр өсгийтэй, чанар сайтай гутал өмсөхийг эрхэмлэ.
Үсэнд чинь буурал суусан бол даруу өнгөлөг өнгөөр будаарай. Мөн буурал нь сорлон ургасан тохиолдолд зарим үед таньд маш сайн зохисон байдаг.
Хувцасны даруу загвар, чимэг зүүлтний үнэт ижил загварыг сонгож хэт олныг унжуулах хэрэггүй. Таны хувцасанд нэмэлт чимэг болж сайн чанарын цүнх алчуур байх ёстой.
Богино үс таныг залуу харагдуулахгүй. Хагас уртавтар долгионтой үс байвал зүгээр. Гэхдээ жижиг буржгар хими байх нь онц биш.
Хүзүү цээжээ ил гаргасан хувцас битгий өмс. Учир нь ил харагдах цээж хүзүүний арьс чинь насны жамаар залуугийнх шиг чинь толигор харагдахаа больсон шүү дээ.
Насны өндөрлөгийг аль болох хувцасаараа нууцлаж бай. Энэ насанд тансаг, дэгжин хувцас эдлэх ёстой. Дунд зэргийн өсгийтэй гутал, сонирхолтой янз бүрийн гоёотой, жижиг цэцгэн хээтэй, хар цагаан сонгодог хослол бүхий цамц таньд тохирно.
Моодноос гарсан хувцас бүү өмс. Мөн хэт орчин үеийн моодноос хувцас сонгох нь зохисгүй.






