Хотоор нэг “элсний нүүдэл”
Монголын хүн амын тоо гурван сая ч хүрээгүй. Хүн амын ихэнх нь Улаанбаатар хотдоо суурьшсаар... Амьдрал ахуйгаа дээшлүүлэхээр их хотыг бараадсан хүмүүсийн нүүдэл үргэлжилсээр байгаа. Нэг сая хүн амтай Монгол улсын нийслэл Улаанбаатар хот. Уг нь “Азийн цагаан дагина” хэмээгддэг байсан манай нийслэл...
...Энд ийм газар байсан билүү хэмээн уулга алдахад хүргэдэг өндөр өндөр байшингууд... Өдөр нь хоосон байсан газрыг шөнө нь хашаалаад, маргааш нь байшингаа бариад эхэлдэг. Шинэ байшин барилга нэмэгдэх нь сайн ч ямарч эмх замбараагүй, өөрөөр хэлбэл хот төлөвлөлт мөн эсэх нь мэдэгдэхээргүй. Шавааралдсан байрнууд, байшингууд, машинтай байтугай, явган хүн ч явахаар орон зайгүй. Дэндүү давчуу...
За энэ байшин барилгыг орхие. Хотын соёл хотын хүмүүс гэж ярих нь өнөө үед их болсон. Өнөөх хотожсон хүмүүс нь хаана байнаа. Машины замаар малаа хариулж байгаа юм шиг л алхана. Гарцаар гарна гэдгийг бараг мэдэхгүй. Харин саяхнаас машины дугаараар хязгаарлалт хийж эхэлснээс хойш, “цэнхэр хувцастнууд” явган зорчигчдыг замаар гаргаж эхэлсэнтэй холбоотой, машины урдуур сүлжилдэх нь харьцангуй гайгүй болсон. Сайн дурын “цэнхэр хувцастнууд”-даа талархая.
Нэрт сэтгүүлч Балдорж агсны зохиол “Элсний нүүдэл” хэмээх киног уншигч та санаж байгаа болов уу. Хөдөөнөөс гурван найз охин “амьдрал эрэн” хот руу ирдэг. Хүмүүсийн дунд хөдөөнөөс ирэгсдийг “элсний нүүдэл” гэцгээн нэрийддэг болсон гэнэ.
Хотын хүнд байх наад захын соёл манайханд алгаа. Машиныхаа цонхоор татсан тамхиныхаа ишийг, идсэн чихрийнхээ цаасыг хэнэг ч үгүй хаячих юм. Энэ бүр юу ч биш, хүн багахан зорчдог байшин, гудамжны буланд эрчүүд, эрэгтэй хүүхдүүд “морь хараад” зогсож байх юм. Хүмүүсийн дунд бас нэгэн ийм явган яриа байдаг нь юу вэ гэвэл: Унаган хотынх нь гадаад руу, харин хөдөөний хэд нь хэдэн малаа зараад, хотын захад хашаа худалдаж аваад, хотын зүг нүүдэллэх болсон. Үнэндээ энэ оргүй хоосон яриа бишээ. Хотын гудамжаар л нэг “элсний нүүдэл”...
Би өөрөө ч “хөдөөний л хүн”... гэхдээ би хотын соёлыг мэддэг. Хогоо хогийн саванд хаях, замаар гарахдаа, гарцаар, гэрлэн дохиотой газраар гарчих тийм л хэцүү гэж үү?
Өөр нэг “заваан” зүйл бол, хаа сайгүй самар цөмөх юм. Бид чинь ямар хэрэм биш. Хэн түүж, ямар аргаар цайруулсан нь тодорхойгүй ариун цэврийн шаардлага ерөөсөө хангаагүй самрыг, гудамжинд ил задгай зарсаар л... Түүнийг нь амтай болгон цөмдөг гэхэд бараг л хилсдэхгүй байх. Үүнээс л өнөөх халдварт өвчин чинь тархаад байгаа шүү дээ. Бас автобусны буудал бараадсан жимсний лангуунууд, хогоо муудсан жимсээ хажуудаа хаячихна.
Ямар нэгэн зүйл худалдан, мөнгөө олж амьдралаа залгуулах нь хүний эрхийн асуудал л даа. Гэвч үүнд зохицуулалт хэрэгтэй л байх.
Замын нүхэн гарцуудыг уншигч та нэг анзаараад үзээрэй. Үнэхээрийн “аймшигтай”... Хог, үнэр...
Уг нь “Хот тохижилтын газар” гэж байгууллага баймаар л юмсан. Эдгээр гарцуудыг цэвэрлэдэггүй юм уу, эсвэл цэвэрлэснийг хүмүүс өдөртөө л тийм заваан болгочихдог юм уу бүү мэд. Миний л хувьд тэр нүхэн гарцаар дахиж гармааргүй санагдсан.
Цэвэр цэмцгэр амьдрах нь хүмүүс бидэнд өөрсдөд маань хэрэгтэй гэдгийг ойлгох ухаан байдаггүй л юм байхдаа. Бүгдээрээ хичээгээд дотроо ухамсарлаад хогоо хогийн саванд хаяад, замын хөдөлгөөндөө соёлтой оролцчихвол болохгүй зүйл баймааргүй л юмсан. Буруу бүхнийг бусдаас эрэхийн оронд шинэчлэлийг өөрөөсөө эхэлцгээе хотын залуус аа!
У.Чимэг
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.







