Шинэ Зеландын шинэ дуу хоолой Лорде

16 настай Шинэ Зеландын дунд сургуулийн сурагч Лорде буюу EllaYelich-O"Connor бол жирийн нэг дуучин биш харин маш онцгой авъяастай хөгжмийн зохиолч билээ. 50 гаруй дэлхийн томоохон хөгжмийн чартуудад дор хаяж 8,9 долоо хоног дараалан эхний байрыг эзэлж байгаа “Royals” хэмээх дуугаар нь түүнийг дэлхийн өнцөг булан бүрээс сонсох боломжтой. Тэрээр ирэх оны нэгдүгээр сарын 26-нд зохиогдох 56 дахь Grammy Awards –д дөрвөн төрөлд нэр дэвшээд байгаа билээ. 12 настайгаасаа өөртөө зориулж дуу бичиж эхэлсэн түүний дебют албум шинэ оны босгон дээр олны хүртээл болох юм. Ингээд бүсгүйчүүддээ Лордегийн талаар танилцуулъя.



ЛОРДЕ:
Би сургууль дээрээ найзуудтайгаа байхдаа, гэртээ даалгавраа хийгээд сууж байхдаа жирийн нэг дунд сургуулийн сурагч Элла, харин тайзан дээр гарахдаа Лорде болдог. Надад “Лорд” гэдэг нэр эрхэмсэг хэдий ч бага зэрэг эршүүд санагддаг байсан. Би багаасаа л язгууртан угсааны зүйлс их татагддаг байсан болохоор энэ нэр надад таалагддаг. Харин арай эмэгтэйлэг болгохын тулд нэрнийхээ төгсгөлд “e” үсэг нэмчихсэн. Зарим хүмүүс үүнийг шашин шүтлэгтэй холбоотой гэж буруу ойлгодог юм шиг байна лээ.



УРАН БҮТЭЭЛИЙН ХАЖУУГААР ХИЧЭЭЛДЭЭ ЦАГ ГАРГАХ:
Манай ээж аав хоёр энэ тал дээр их анхаарал тавьдаг. Учир нь тэд залуу хүмүүст юу хэрэгтэй гэдгийг сайн мэддэг хүмүүс. Би хичээлээ хийж бас унтаж амрах ёстой учир ээж миний iPhone –ийг шөнийн цагаар надад өгдөггүй. Тэгэхгүй бол би бүхэл шөнөжин Facebook, Instagram –д цагыг өнгөрөөнө гэдгийг тэр мэддэг юм. Би дунд сургуулийн 11 дүгээр ангид сурдаг. Би сургуульд сурах үнэхээр дуртай. Гэхдээ яг үүнтэй адил студи дээр их цагийг өнгөрөөж, шинэ зүйлс сурах дуртай. Ээж аав мань миний юу хүсэж байгааг мэддэг бас ойлгодогт нь би их баяртай байдаг. Хэрвээ би энэ жилийн сүүлээр сургуулиа орхихоор шийдвэл энэ бидний давах ёстой даваа байх болно. Би сургуулиа орхисон байлаа ч нэг л өдөр Их сургуульд хэвлэл мэдээлэл эсвэл кино урлаг судлахыг маш ихээр хүсэх байх.


ХӨГЖИМИЙН АМЬДРАЛЫГ СОНГОСОН ТУХАЙД:
10, 11 настай байхаасаа л би Дэвид Линчийн маш олон кино үзэж, хачирхалтай номнууд уншин, бүхэл өдөржин музей үзэх дуртай байсан. Би үргэлж өөрөөсөө том хүмүүстэй сонирхол нэгддэг хүүхэд байлаа. Би яг юу хийхийг хүсэж байгаагаа мэддэггүй байсан, бичих дуулах бол ердөө л хобби байсан юм. Гэвч Universal –тай хамтран The Love Club хэмээх албумыг хийсэн өнгөрсөн 18 сарын хугацаанд би юу хүсэж байгаагаа ойлгосон. Тэгээд л New York –руу очиж байгаа минь энэ. Би New York –ийн тухай маш олон кино үзэж байсан ч урьд өмнө нэг ч удаа очиж үзээгүй. Бүр онгоцонд ч сууж үзээгүй байсан. Яг одоо сэтгэл үнэхээр догдолсон байна.



АНХНЫ ЦОМОГ:
Өнгөрсөн жилийн дундуур би Nicki Minaj, Drake гээд реп хөгжим мөн Lana Del Rey шиг поп дуучдыг их сонсож эхэлсэн. Тэд бүгд баян тансаг зүйлсийн тухай, надад огт харъяалагдахгүй элдэв зүйлсийн тухай дуулдаг. “Бид яаж өөрт огт хамааралгүй ийм зүйлсийг сонсоод байдаг юм бэ?” гэсэн бодол миний толгойд эргэлдэх болсон. Тэгээд би хүн бүхний бодож явдаг зүйлсийн тухай бичсэн. Би бараг л бүрэн хэмжээний дууны үг бичиж, продюсер Joel Little бид хоёр хөгжим дээр хамтран ажиллах болсон. Миний хөгжимийн чадвар улам дээлшилхэд бид хэмнэл дээр ажиллаж эхлэх болно. Гэхдээ мэдээж бүх зүйл дууны үгнээс хамаардаг шүү дээ. Би анхны цомогоо онлайнаар үнэгүй цацахыг хүссэн. Миний насныхан баярлах болов уу гэж бодсон юм.



ӨСӨЖ БУЙ АЛДАР НЭРТЭЙГЭЭ ДАСАН ЗОХИЦОХ НЬ:
Шинэ Зеландад “алдар нэр” гэсэн ойлголт огтхон ч байдаггүй. Хүмүүс намайг одоо л мэддэг болж эхэлж байна. Энэ нь надад бага зэрэг сонин сэтгэгдэл төрүүлж байгаа юм шиг санагдаж байна. Гэхдээ манай оронд бол алдар хүнд гэдэг зүйлээс нуугдах их амархан байдаг. Би ийм гайхалтай гэр бүлтэй их азтай хүн... Би олон нийтийн сургуульд сурдагтаа их таатай байдаг. Би нэг эгч, нэг эмэгтэй дүүтэй. Миний олны танил болж байгаа нь тэдэнд их зугаатай байгаа шүү. Сүүлийн үед хүмүүс надад их олон бэлэг сэлт өгдөг болсон. Харин би үүнийг нь эгч дүү хоёрт өгдөг.

Г.Ариунзул


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.