Миний амьдралд Монгол телевиз


Би далаад онд төрж, наяад онд дунд сургуульд сурч боловсорч, харин ерээд онд их дээд сургуульд суралцаж төгссөн монголын эгэл нэгэн сэхээтэн эмэгтэй. Сэхээтэн гээд жаахан хуучинсгаар биччихлээ. Одоо ч ингэж ярихаа бараг больж дээ.

Намайг жаахан байхад Монгол телевиз өдөр бүр биш өнжөөд, Оросын сувагтай ээлжлэн гардаг байсан. Монгол телевиз гардаг өдөр бөөн баяр болдог сон. Би бүх нэвтрүүлгүүдийг нь үздэг, ямар сайндаа л телевизийн өмнө “наачихсан” юм шиг гээд хүн бүхнээр зэмлүүлдэг байлаа. Монгол киноны үгнүүдийг нь хүртэл цээжээрээ мэддэг байсан . Сонин хуйлж барьчихаад нэвтрүүлэгч болж толины өмнө хэдэн цагаар ч хамаагүй зогсоно. Багын минь энэ араншин намайг сэтгүүлч болоход нөлөөлсөн юм болов уу гэж боддог. Миний хамгийн ихээр хүсэн хүлээж үздэг нэвтрүүлэг бол сэтгүүлч Оюут гуайн бэлтгэн хүргэдэг “Мы пойдём Артек” буюу “Бид Артект очно”. Тэр үед би бага ангид сурдаг байсан болохоор орос хэлийг заавал сурна гэж өөртөө амлаж байсан сан. Бас нэгэн амтархан үздэг нэвтрүүлэг маань “Бүсгүйчүүд”. “...Бүсгүйчүүд бүсгүйчүүд ардын үрсийн багш билээ Бүсгүйчүүд  бүсгүйчүүд анагаан тэтгэх эмч билээ...“ Энэ дууг сонсож дуунд нь дурлаж энэ нэвтрүүлэгт оролцдог тэр үеийн шилдгийн шилдэг эмэгтэйчүүд, эгч нар шиг болох гэж хичээдэг байж билээ.

Би боддог юм, Монгол телевизэд монголоо гэсэн чин хүсэл зорилготой уран бүтээлч хүмүүс ажилладаг байжээ гэж... Хийж байгаа нэвтрүүлэг бүртээ сэтгэл зүрх хамаг бүхнээ зориулан ажилладаг байж. Нэвтрүүлэг бүртээ тохирсон дууны шүлэг, ая зориуд захиалгаар хийлгэдэг байсныг эргэн бодоход тэдний ямар их сэтгэл гаргадаг байсныг харж болно. “Бүсгүйчүүд” “Манайд ирээрэй” “Багачуудыг ордон” “Ургацын далай” гээд олон сайхан сэтгэлд шингэсэн нэвтрүүлгүүдийг нэрлэх байна. Миний үеийн хүүхдүүдийн амьдрал хүмүүжилд Монгол телевизийн оруулсан хувь нэмэр асар их. Тэр үед зурагтаар дандаа сайн сайхныг сурталчилдаг байсан. Хааяа оройны киногоор үнсэлцдэг хэсэг гарвал нүүр хийх газаргүй болтлоо ичиж бүр хөшчихдөг байж билээ.

Телевиз бол итгэл үнэмшлийн агуу том урлаг юм. Монголд энэ урлагийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж чадсан нь Монгол телевизийнхэн. Өнөөдөр цаг үеээ дагаад олон телевиз байгуулагдсан хэдий ч Үндэсний телевиз тэдний бат бөх үндэс суурь нь болж чадсан. Хөрс үндэс нь сайн байсан учраас салаа мөчир нь гайхалтай сайхан цэцэглэж байгаа. 45 жил... энэ бол хүний насаар бодоход ид хийж бүтээх нас. Хуримтлуулсан туршлагатай, алдаж оносон түүхтэй, нас биед хүрсэн тийм сайхан үе. Энэ агуу том Телевизээс олон сайхан дэлгэцийн бүтээлүүд цаашид ч төрсөөр байх болно гэдэгт итгэлтэй байдаг. Одоо ч би энэ Телевизээ үздэг, бас миний амьдралын салшгүй нэгэн хэсэг. 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.