Хүүхдийг “ХҮН” болгон хүмүүжүүлэх нь чухал...


Германы Элзи-Брандстроем хотын сургуулийн сурагчдыг гэрийн даалгавар хийлгэхээс чөлөөлжээ. Энэ мэдээллийг уншаад надад нэгэн бодлын зөв юм шиг сэтгэгдэл төрлөө. Бидний үед олон сувгийн телевиз үздэггүй байсан, үндэсний телевиз, Монголын радио хоёроос л мэдээлэл авдаг байсан. Интернет, үзвэр үйлчилгээ тоглоомын газар гээд юу юу нь ч байгаагүй. Хичээлээ тараад чөлөөт цаг ихтэй, гэрийн даалгавар хийх нөхцөл боломжтой байсан. Гэтэл орчин үеийн хүүхдүүд “РОБОТ” шиг л амьдраад байх шиг санагддаг юм. Өглөө эрт босоод хичээлдээ явна, өдрийн 1 цаг 35 минут хүртэл хичээлтэй. Хичээлээ тараад янз бүрийн дугуйланд хичээллэнэ. Орой ядарсан хүн, гэрийн даалгавартайгаа ноцолдоно. Эцэг эхээрээ загнуулна, бүр цаашлаад “алганы амт” хүртэнэ. Ялангуяа эрэгтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зодолдох бол энүүхэнд. Хэрүүлтэй, хэлцээтэй гэрийн даалгавраа арай чүү нэг муу юм хийж амжаад унтах гэсээр байтал аль хэдийнээ 00 цаг болчихсон байна. Ингээд л хүүхдүүдийн маань нэг өдөр дуусна. Суралцсаар байгаад л өдөр өнгөрнө. Хүүхэд л юм хойно тоглож наадах гэнэ. Болохгүй болохгүй гэрийн даалгавраа хийхгүй явж болохгүй гээд л бүх юмнаас нь хязгаарлана. Манай улсын боловсролын тогтолцоонд хүүхэд бүр заавал үзэж судлах ёстой гэж ерөнхий эрдэмийн хичээлүүдийг оруулж өгсөн байдаг. Хүнд ерөнхий эрдэмийн хэрэгтэй л дээ гэхдээ тухайн хүүхдийнхээ ирээдүйд ямар мэргэжилтэй ямар хүн болоход нь л дунд сургууль суурийг нь тавьж өгдөг болохсон. Эцсийн эцэст боловсрол мэдлэгтэй хүмүүсийг бус , хүн шиг “хүн” болгохыг л зорьдог бол...

Өчнөөн өндөр зардалаар боловсрол эзэмшчихээд өөрсдийгөө соёлтой боловсролтой, мэдлэгтэй гэж өргөмжилдөг залууст хүнийг хүндлэх хайрлах, тэр бүү хэл хүнтэй олигтойхон мэндлэх соёл байдаггүй л биз дээ.

Аливаа улс орны хөгжилийн түвшинг тодорхойлогч нэг гол хүчин зүйл бол тухайн улсын хүмүүсийнх нь боловсролын түвшин.

Боловсролтой, мэдлэгтэй хүн гэж хэнийг хэлэх вэ? Энэ асуултанд хүн бүр өөр өөрийнхөөрөө л хариулах байх.  Миний бодлоор үүнийг

Нэгд: Хүний суралцсан сургууль, суралцсан жилээр нь бус юу сурч мэдсэн бэ?

Хоёрт: Сурсан зүйлээ түгээж чадаж байна уу?

Гуравт: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж чадаж байна уу? Гэдгээр нь дүгнэх байх.

Боловсролтой хүн “ХҮН” шиг байж чадаж байна уу? Орчин үед сургуулийн өмнөх цэцэрлэгээс нь эхлээд их дээд сургуулийн боловсролын төлбөр төлж өндөр үнээр эзэмшиж байгаа. Бүх зүйл мөнгөөр хэмжигддэг болсон.

Ингэлээ гээд юу өөрчлөгдсөн юм бэ? Харин ч баян ядуугийн ялгаа улам бүр ихсэж, амиа боддог хүн чанаргүй залуус улам л олшроод байх шиг. Нэгэн жишээ дурьдъя л даа.

Оюутны байрны, жижигхэн нэг тасагт 4-5 оюутан амьдардаг. Тэд тус тусдаа хоолоо хийж иддэг гэнэ. Эндээс юу харагдаж байнаа? Зөвхөн “хар амиа” л бодох үзлийг бий болгож байна. Нэг нь хоолгүй бол бусдыгаа хараад шүлсээ залгиад, усаа уугаад л хоосон хонох нь...

Бусдыгаа хүндэлж хайрлах , туслаж дэмжих, бусадтай байгаагаа хуваалцдаг хүний сайхан сэтгэл минь хаана гээгдээд байнаа? Цэцэрлэгээс нь, дунд сургуулиас нь хүн чанартай байхын , хүн байхын үзэл бодлыг төлөвшүүлэх юмсан. 



У.Чимэг 



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.