Эцэг эхийгээ хүндэлж, өөрсдийгөө зөвөөр ойлгуулах нь чухал


Бид хаана, хэний хүүхэд болж хорвоод мэндэлхээ сонгодоггүй. Тиймээс ээж аавынхаа амин эрдэнэ нь болж төрсөндөө баярлаж тэднийгээ хайрлах хэрэгтэй. Хүн бүхэн арван хуруу тэгш байдаггүй учир тэднийхээ алдаа оноог шүүлгүйгээр, “эцэг эх минь төгс биш байж болно, гэхдээ л бидний сайн сайхныг л бодож, бидний төлөө хичнээн хичээж ирсэн билээ” гэдгийг санаж явах хэрэгтэй.

Эцэг эх маань биднийг хүндлэхгүй байна уу? Бид өөрсдөө тэднийгээ хүндэлдэггүй юм биш биз? Тэгвэл өөрчлөлтийг өөрөөсөө эхэлье! Бид эцэг эхээ хүндэлдэг болчихвол тэд ч биднийг хүндлэх болно.

Тэгэхээр эцэг эхийн маань бидэнтэй харьцах харьцаа нь таалагддаггүй байсан ч байгаа юмыг байгаагаар нь л хүлээж ав. Байдлыг өөрчилж чадахгүй бол байдалд хандах хандлагаа өөрчилчихье. Эцэг эх маань ямар болсонд бидний буруу ч байгаа, бид ч бас тэднийг “хүмүүжүүлдэг. Биднийг зүв зүгээр байсаар байтал үглээ, ууртай болчихоогүй байх, тийм үү? Одоо тэгэхээр, ээж ааваа сайхан зантай болгож хүмүүжүүлэхийн тулд юун түрүүнд өөрсдөө сайн хүүхэд болцгооё! Тэд маань хоцрогдсон сэтгэхүйтэй санагдаж байсан ч сонсьё, ойлгохыг хичээе. Энэ хорвоо дээр бидний төлөө хамгийн их санаа тавьдаг, бидэнд сайн сайхныг хүсдэг хүмүүс бол эцэг эх маань. Тэд биднийг өөртэйгээ адилхан, гэхдээ илүү аз жаргалтай, амжилттай байлгахыг үнэн сэтгэлээсээ хүсч байдаг.

Эцэг эхтэйгээ чин сэтгэлээсээ нухацтай ярилцах хэрэгтэй. Одоо хүүхэд чинь том хүн болчихоод байна гэдгийг зөвөөр ойлгуулж, эергээр тайлбарла. Тэд хэзээд бидний талд байдаг учир үүнийг ойлгож дэмжих болно.

Бид том болчихоор эцэг эх маань халамжлан тойлох ажлаас чөлөөлөгдөөд “бид ингээд хэнд ч хэрэггүй боллоо” гэж боддог тал бий.Тэгэхээр тэдэндээ цаг зав гаргаж эцэг эхийнхээ сонирхолыг өөр зүйл рүү хандуулж өг. Бидний гарыг ганзаганд, хөлийг дөрөөнд хүргэж, юугаар ч дутаахгүй байлгах гэж гүйсээр тэд маань эргэн тойронд бий болсон өөрчлөлтүүдийг анзаарах ч сөхөөгүй байсан байх. Тэгвэл одоо бидэнд ээж аавдаа  заах сургах зүйл зөндөө болсон байна. Тэдэнтэйгээ өөрийнхөө сонирхол хоббиныхоо тухай ярилц.Ээж аавдаа орчин үеийн технологийг танилцуулж сонирхлыг нь тийшээ хандуулъя. YouTube – ээс үзсэн сонирхолтой зүйлээ ээж аав, эмээ өвөөдөө үзүүлье. Улиг болсон зурагт, гал тогооноос нь хүчээр салгаж дэргэдээ суулгаж байгаад интернетэд ямар их сонирхолтой зүйл байдгийг үзүүл, өөрөө хүссэн зүйлээ олоод уншдаг үздэг болтол нь заагаад өгчих. Тэд маань “би чадахгүй” гэж зөндөө эсэргүүцнэ, гэхдээ бид “та чадна, маш амархан” гээд хийхгэх хэрэгтэй. Тэд удалгүй татагдаад л ирнэ.

Энэ бүхнийг бид хэрэгжүүлж чадвал гэр бүлийн уур амьсгал өөрчлөгдөж, эцэг эхтэйгээ дотны найз нөхдийн харилцаатай болж, үл ойлголцол арилж, аз жаргалтай гэр бүлийг бий болно.

 

Б. Агиймаа

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.