Хардах гэдэг хайрлахын нэр биш
Хайртай хосууд бие биенийгээ харамлах үе байлгүй яахав. Гэхдээ алхам тутамдаа хардаж, утасны дуудлага, мессэж бүрийг шалгах нь хэт их хайрласандаа өөр хэн нэгнээс харамлаж байна гэсэн үг биш. Харин хардалт гэдэг өвчин туссан байна гэсэн үг. Уг өвчин нь хайртдаа итгэх итгэл нь багасаж, илүү зүйл ургуулан бодох чадвар өндөр хөгжсөний улмаас үүсдэг. Илрэх шинж тэмдгүүд нь хажуугаар өнгөрсөн залуу/бүсгүйрүү санамсаргүй харах, андуурч ирсэн дуудлага, мессэжийг том шалтгаан болгон өлгөн авч бүхэл бүтэн байцаалт явуулах зэргээр эхэлнэ. Удалгүй өвчин даамжирсаар утга учиргүй зүйлээс болж хардаж, мөрдлөгө явуулна. Харамсалтай нь ийм харилцаа удаан үргэлжлэхгүй. Харамлах нэрээр холдуулсаар бүр мөсөн алдах магадлал өндөр байдаг. Хайр гэдэг нь хардалт дээр бус итгэл, тэвчээр, халамж дээр л тогтдог. Эм тун нь хэтэрвэл хор болдог шиг хардалт тун нь хэтэрвэл өвчин болж, байнгын стресс, үл итгэлцэл, эргэлзээг дагуулна. Хардана гэдэг бол хайрлахын нэр биш. Хайртай бол итгэх хэрэгтэй.






