К.Номинжин жүжигт тоглоно
Нью-Йорк хотод төвтэй олон улсын тайзны урлагийн МИТУ компанийн уран бүтээлчид манай улсад ирж, дуучин К.Номинжинтой хамтран “Зүрхэн тасархай” жүжиг тоглохоор болжээ. Энэ сарын 16,17-нд “Black box” театрт болох эл жүжиг нийгэм, соёлын тогтворгүй байдал хүмүүсийн хайр сэтгэлийн асуудалд хэрхэн нөлөөлж байгаа тухай өгүүлэх юм. Дуу, бүжиг, уран уншлага зэрэг тайзны урлагийн бүх төрлийг нэгтгэсэн “Зүрхэн тасархай” жүжгийн зохиолыг Хейнер Муллер бичиж, Рубен Поландо найруулж байгаа юм.
Жүжгийн гол дүрд дуучин К.Номинжингоос гадна МИТУ компанийн жүжигчин Жастин Нестор, Майкл Литтиг нар тоглох юм. Монгол бүсгүй, америк залуугийн хайр дурлалын тухай өгүүлэх 45 минутын үзүүлбэр бүрийн дараа уран бүтээлчид үзэгчидтэйгээ 15 минут ярилцах гэнэ. Ингэснээр театрын амьд харилцааг бий болгож, дэвшүүлсэн асуудлынхаа тухай гүн гүнзгий ойлголт хүмүүст өгөх гэнэ. МИТУ компани ашгийн бус төсөл хэрэгжүүлж, нийгэмд эерэг нөлөө үзүүлэхийн тулд уран бүтээлээ туурвидаг.
Энэ жил эдийн засаг, уул уурхай, баялаг түүхээрээ дэлхийн анхаарлын төвд байгаа манай улсыг сонгон “Зүрхэн тасархай”-г тоглохоор болсон аж. Тэд АНУ-д амьдарч байгаа дуучин бүсгүйг сонгон санал тавихад К.Номинжин талархан хүлээн авсан юм билээ. Уран бүтээлчдийн зарим нь хараахан Монголд ирж амжаагүй байгаа ба энэ сарын 10-наас бүгд цуглаж тайзны сургуулилалтаа эхлүүлэх юм.
mongolnews.mn






