Бүсгүй та нойрны эрүүл ахуйн дүрэмтэй танилцана уу
Хүний бие махбодод хоол тэжээл хэрэгтэйн нэгэн адил нойр нь юуны урьд бие махбодыг байгальтай холбоотой байдгийн үр дүнд бий болсон төрөлх зүйл, болзолгүй рефлекс юм. Таныг унтаж байхад чинь уураг тархи амарч, дараах өдрийн ажилд энергиэ хуримтлуулан бэлтгэж байдаг билээ. Ийм учраас юуны өмнө нойр нь алдагдсан энергиэ нөхөн авахын тулд хангалттай үргэлжилсэн байх шаардлагатай. Эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд тогтмол сайн унтаж байвал амралт болж сая чадна.


- Орой бүр 10-11 цагаас эхлэн унтаж, өглөөд 7-8 цагт босож байх нь хамгийн ашигтай үе юм. Унтахаас 1 цаг 30 минутаас 2 цагийн өмнө хооллож ундалсан байвал зохино. Мөн унтахын өмнө тамхи татах, тослог хоол, шоколад идэх, архи, аагтай цай, кофе уух явдал тайван бөгөөд бөх нойрсоход саад болох бөгөөд эдгээр нь мэдрэлийн системийг сэргээдэг. Харин өвлийн аяллаар явж байгаа хүмүүс шөнөдөө даарахгүйн тулд унтахаас өмнө сайн идэж уух хэрэгтэй.

- Унтахын өмнө тасалгаандаа цэвэр агаар оруулж байх хэрэгтэй бөгөөд 17-18 градусаас дээшгүй дулаантай байлгаж, өрөөндөө тогтмол цэвэр агаар оруулж заншаарай. Дулааны улиралд цонхоо, хүйтний улиралд салхивчаа онгорхой орхин унтаж сурах хэрэгтэй.
- Гурваас дөрвөн настай хүүхдэд 13-14 цаг, 5-6 настай 12-13 цаг, 7-8 настай 12 цаг орчим унтах ёстой. Үргэлж оройтох, хожуу унтах нь хортой. Хэрэв өглөө сэрээд орондоо удаан хугацаагаар босохгүй хэвтээд байвал, тэр өдөртөө бие сулран нозоорох болохыг анхаараарай. Унтахаар хөнжилдөө орохын өмнө цонхныхоо хөшгийг хааж, гэрлээ унтраан, телевиз болон бусад цахилгаан хэрэгслээ /радио, утас, хөгжим, факс, усны хаалт гэх мэт/ зогсоох зэргээр гаднын цочроогч зүйлсийг бүрэн арилгах хэрэгтэй.
- Өдөржин өмсөж явсан дотуур хувцасаа тайлж зөөлөн даавуугаар хийсэн тусгай хөнгөн хувцас өмсөн, бие барихгүй уужим хувцастай унтах нь таны цусны эргэлтийг саатуулахгүй сайн талтай. Унтлагын хувцас үргэлж цэвэр даавуун нэлээд нимгэндүү чөлөөтэй биеийг нухаж барихгүй, хөлс сайн нэвтрүүлдэг байвал зүгээр. Зунд хөвөн, өвөлд зузаандуу бөс бараагаар хийсэн унтлагын хувцас өмсөх нь зохимжтой. Хөнжил дулаан бөгөөд хөнгөн байвал зохино. Хөнжлөө тийчээд хаячдаг хүн бол уутан хөнжил хэрэглэнэ.

- Унтахын өмнө орондоо тамхи татах, ном унших маш хортой бөгөөд нойрсох үедээ гэдрэг харж хэвтэх хамгийн тохиромжтой бөгөөд баруун, зүүн ташаагаараа ээлжлэн, хөлөө ялимгүй атийж хэвтэж болно. Харин өвдгөөрөө нугарч, атирч унтах, эсвэл хөнжилдөө шургах, нүүрээрээ дэр лүү шигдэн унтах хортой. Унтахынхаа өмнө аль болох хүч их зарцуулсан ажил хийх, ялангуяа сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүмүүс ном унших, кино телевизор үзэх, хэрүүл хийх зэрэг наад захын тааламжгүй явдал нь нойр хулжих шалтгаан болдог. Унтахын өмнө тайван байж, өдөр юу хийснээ бодолгүй, ер нь бусадтай бага ярих хэрэгтэй.
- Ажлаа зөв хуваарилах нь тайван нойрсоход саад болдог гол шалтгаан болох мэдрэлийн ядаргаанаас хамгаалахад ихээхэн тус болно. Хэрвээ таны нойр хүрэхгүй бол дээшээ харж хэвтээд гараа гэдсэн дээрээ тавьж гүнзгий амьсгалж үзээрэй. Амандаа 100 хүртэл тоолж, усны долгио, борооны дусал, ойн шуугиан зэрэг нэгэн янзын дуу чимээг дүрсэлж бод. Унтахын өмнө бага ч гэсэн зугаалах нь сайн нойрсоход тус болдог юм. Хамгийн гол нь хоол идсэний дараа хэтэрхий цатгалан унтахыг завдах, унтахынхаа өмнө удаан боловсордог хоол хүнсний зүйл идэхийг цээрлэх хэрэгтэй. Харин бага зэрэг жимсний зүйл идэж болох ба алим, нар хамба, нохойн хошуутай цай уухад нойр сайжирдаг. Эрүүл агаар их ашигтай, харин яг цонхон доор унтах хэрэггүй, бээрэг хүмүүс хөлдөө халуун жин тавьж унтаарай. Ингэвэл нойр сайн хүрэх бөгөөд хучлага нь хөнгөн дулаан байх хэрэгтэй шүү.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







