Элэг бүтэн байх шиг жаргал хаана байна?

Аз жаргал гэж чухам юу юм бэ? Амьдралаас түүнийг хичнээн эрэх гээв? Хажууд тань байх тэр л жаргалаа хаана байна гэж хайж  эрж цөхрөнгөө барах  хүмүүс их байх юм.  Мөнгөтэй л болчихвол азжаргал ирчих юм шиг санана. Магадгүй түүнээсээ болж л хайртай нэгнийгээ бурхны орныг зорьсон хойно нь л харамсаж үлддэг байх. Хүн бүр азжаргалыг өөр өөрөөр төсөөлдөг. Харин миний бодлоор...

Намайг 10 сар тээж төрүүлсэн ачтай буянтай ээж минь байна, алдаж эндэхэд засаад өгөх аав минь байна, эрхлэн тоглож өссөн эгдүүтэй хөөрхөн дүү нар минь байна, эргээд очиход тосоод авах эх нутаг минь байна.Энэ л миний жаргал юм байна. Хааяа нэг гадуур явж байхад ээжтэйгээ эмээтэйгээ хар яр гэж харьцах үеийнхэн минь таарах юм. Авч өгсөнийг нь голно, илүү үнэтэйг нэхнэ. Элдэв үг урсгана. Эцэс сүүлд нь харамсал гээч гашуун үнэнтэй учрах вий дээ. Эргээд бодоход энэ бүхэн чиний  төлөө л байдаг юм. Өнгөрсөн хойно нь харамсаж үлдэх биш одоо л ухаарч ойлгох хэрэгтэй. Элэг бүтэн сайхан амьдралтай хэрнээ гэр бүлээ хайрлахгүй илүүг хүсэж байхад чинь энэ амьдралыг хүсээд ч авч чадахгүй олон хүүхэд байдаг юм шүү. Ээж аавын хайр энэрлийг амтлаагүй , элэг бүтэн байхын жаргалыг амсах хувьгүй, ээжтэй ч аавгүй, аавтай ч ээжгүй  хойд эцэг эхийн гараар хүмүүжиж байгаа хүүхдүүд ч байна.

Бид дэргэдээ байгаа жаргалын үнэ цэнийг мэдрэхгүй дэндүү холын зүйлийг мөрөөднө. Таны хүсээд байгаа материаллаг зүйлс машин тэрэг тань  мөнгөтэй нэгэн рүү хэзээ ч урваж болно. Харин таны гэр бүл үүрд таных л байх болно.  Тиймээс өөрт байгаа нандин бүхнээ хайрлан хамгаалж хамтдаа цагийг өнгөрөөх хэрэгтэй . Бүхий л гэр бүл азжаргалтай элэг бүтэн байгаасай.
                                                                                                                                                                          
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.