Ээж модны хадгийг цэвэрлэлээ
Өнгөрөгч долдугаар сарын 22-нд Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид хэвлэлийн бага хурал хийж “Амьд байгалиа хайрлая” сайн санааны аяныг санаачилж буйгаа мэдэгдсэн билээ. Энэхүү аян нь модонд уясан хадгийг цэвэрлэх ажил байсан юм.
Энэхүү аяны эхний ажил наймдугаар сарын 3-нд болж, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт байдаг Ээж модны хадгийг цэвэрлэжээ.

Аяны санаачлагч Б.Галаарид “Ээж модыг анх өмхөрч унахаар нь өөр нэг идэр сайхан модыг чимэглэсэн байсан. Нэг мод үхэнгүүт өөр нэгийг чимэглээд л үхүүлээд л байдаг аж. Сүүлийн хориод жилд хэд хэдэн мод үхчихээд байна. Харамсалтай нь ингэж чимэглэсэн модны мөчир салааг хадаг чивчрэн боомилж, ёроолд нь овоолсон цай, ороосон торго тэргүүтнээс болоод мөнөөх мод ёроолоороо хөгцрөн өмхөрдгийг хүмүүс яагаад ойлгож ухаарахгүй байна” хэмээн өөрийн фэйсбүүктээ бичжээ.

Энэхүү аяныг “Нийслэл өргөө” ХК дэмжиж автобусаар үйлчилсэн бол “Очир дагинас” компани аянд оролцогчдын хүнсний хэрэгцээнд өөрийн бүтээгдэхүүнээсээ хангасан байна. “Тэнгэрлэг бөө” сэтгүүлийнхэн ч бас энэ удаагийн аянд нэгджээ.








