“Ану хатан” комик хэвлэгдлээ


Монголын домогт хатны тухай анхны комик “Ану хатан” хэвлэгдлээ. Б.Шүүдэрцэцэгийн “Домогт Ану хатан” романаас сэдэвлэн залуу зураач Л.Батбилэгийн  бүтээл 360 гар зургаас бүтсэнээрээ онцлог энэ комикийг “M oil” групп ивээн тэтгэж хэвлүүлжээ. Комикийн ерөнхий зураач Л.Батбилэг нь “Ану хатан” түүхэн уран сайхны киноны хувцасны зураачдын багт ажилласан бөгөөд одоо Тайванийн Урлагийн их сургуульд суралцаж байгаа аж.

Түүнчлэн манай зах зээл дээрх комик номууд цөөхөн хуудастай олон цувралаар гарч байгаа бол “Ану хатан” 100 нүүртэй бүрэн хэмжээний ном юм. Комикт дүрслэгдсэн Ану хатан нь киноныхоо орд өргөө, хувцас, дүр төрхөөс сэдэвлэснээрээ сонирхолтой  юм.

Комик буюу зурагт ном нь зөвхөн хүүхдийн ном биш Япон зэрэг олон оронд залуус комикийн гол хэрэглэгчид байдаг тул цус сорогч Эдвард энгийн охин Белла хоёрын хайрын гайхам түүх “Twilight” цуврал зэрэг уншигчдыг байлдан дагуулсан уран зохиолын номуудын комик хувилбар нь заавал хэвлэгддэг. “Ану хатан” комик ч гэсэн бүх насны уншигчдад тохиромжтой, ойрадын угсаатын зүй, зан заншлын тайлбар зүүлт, 17-р зуунд хүчирхэгжин мандсан ч салхинд хийссэн мэт сарнин бутарсан Зүүнгарын хаант улсын өнгөт газрын зурагтайгаар “Сэлэнгэ пресс” ХХК-д хэвлэгджээ. Уг номын ивээн тэтгэгч “M oil” нь “Ану хатан” киноны Зуун модны байлдааны зураг авалтыг ивээн тэтгэсэн нийгмийн хариуцлагаа ухамсарлагч байгууллага ажээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.