МУГЖ Ц.Чулуунцэцэгийн шавь уртын дуучин О.Оюун-Эрдэнэ ”Уртын дууг дуулж сурсан минь эх орноо хайрлах сэтгэлийн минь нэгээхэн хэсэг билээ”

Уртын дуу сонсхоор өөрийн эрхгүй дотроос ямар нэгэн зүйл огшиж, эх орноороо омогших сэтгэл төрдөг билээ. Магадгүй уртын дуу сонсхоор монгол хүний сүлд хийморь сэргэж байгаа нь тэр буй за. Хүнийг уяруулдаг, ухааруулдаг энэхүү гайхамшигт урлагийн талаар уртын дуучин О.Оюун- Эрдэнэтэй ярилцлаа. Тэрээр БНХАУ- д болсон олон улсын уртын дуу дуулаачдын уралдаанд 2-р байр, Алдарт дуучин С.Дамчаа гуайн нэрэмжит улсын уралдааны тэргүүн байр, "Морьтон ардын түмний эх"  уртын дуу дуулаачдын уралдааны тэргүүн байр, "Говь шанхийн улсын уртын дуу дуулаачид"- ын тэргүүн байр, Үндэсний дууны их наадамд хоёр удаа оролцож хоёр, гуравдугаар байрыг эзэлсэн. Мөн алдарт дуучин Ж.Дорждагва гуайн нэрэмжит "Дуртмал сайхан" олон улсын уралдаанд оролцож тэргүүн байранд орсон юм.


Зууны манлай уртын дуучин, гавьяат жүжигчин Ж.Дорждагва гуайн нэрэмжит "Дуртмал сайхан" уртын дуучдын олон улсын уралдаанд амжилттай оролцоод ирсэн танд баяр хүргэе. Тэмцээний сонин сайхнаас яриач?

За баярлалаа. Зууны манлай уртын дуучин, ардын жүжигчин Хөдөлмөрийн баатар Н.Норовбанзад,   Зууны манлай уртын дуучин, гавьяат жүжигчин Ж.Дорждагва гуайн нарын төрсөн нутаг болох Дундговь аймгийн Гурван сайхан сумын нутаг дахь Их газрын чулуунд орших задгай театрт “Дуртмал сайхан” олон улсын уртын дуу дуулаачдын уралдаан зохион байгуулагдсан. Энэхүү наадам, уралдаанд мэргэжлийн театр чуулгын болоод 21 аймаг, Улаанбаатар хотын ардын авъяастнууд нийт 100 орчим уртын дуучид ирсэн.  Наадмын хүрээнд бас нэгэн сонирхолтой арга хэмжээ болсон нь  зууны манлай уртын дуучин, ардын жүжигчин Хөдөлмөрийн баатар Н.Норовбанзад гуайн нэрэмжит  "Уяхан замбуу тивийн наран" хөшөөн дээр ургах нар угтах ёслол хийсэн. Бүх дуучид өглөө нар мандах үед "Уяхан замбуу тивийн наран" уртын дууг дуулсан. Тэр үед үнэхээр гайхалтай сайхан мэдрэмж төрсөн.


Энэ жилийн уралдааны онцлог юу байв?

Энэ жилийн уралдаан маш олон зүйлээр онцлог байсан гэж би хувьдаа үзэж байгаа. Хөдөө задгай тайз, жинхэнэ амьд байгальд уртын дууны гайхамшгийг мэдэрсэн. Үзэгчид маань хаа сайгүй хадан дээр  суугаад уртын дуучдын дуулахыг сонсож байлаа. Мөн олон уртын дуучид мартагдсан дууг сэргээн дуулсан, олон улсын шинж чанартай болсон. Түүнчлэн үндсэн 5 шүүгчээс гадна хөндлөнгийн 5 шүүгчтэй байсан тэмцээний шүүлтийн хувьд  онцлогтой байсан. 


Уртын дууны уралдаанд маань  олон улсын хүрээнд явагдсан тэгэхээр ямар ямар улсын дуучид оролцсон бэ? Энэ их сонирхолтой байна.

Энэхүү уралдаанд ОХУ-ын Улан-Үдэ хотоос, БНХАУ-.ын ӨМӨЗО-оос, арлын Япон, Солонгос улсаас дуучид оролцлоо.

Уралдаан ямар журмаар явагдсан бэ? Ямар ямар дуучид манлайн тэргүүн байрт орсон бэ?

Уралдаан А буюу мэргэжлийн дуулаачид Б буюу ардын авъяастан  гэсэн хоёр ангиллаар явагдсан. 2 үе шаттай явагдсан дуучид өөрийн урын сангаас болон мартагдсан дууг дуулах, мөн тэмцээнийг зохион байгуулагчдаас өгсөн заагдсан дуунуудаас сонгон дуулах журмаар явагдсан. Уртын дуучдын гран прин шагналыг “Түмэн эх” чуулгын дуучин МУСТА  Б.Мөнхбаатар, мэргэжлийн дуучдын тэргүүн байранд Үндэсний дуу бүжгийн эрдэмийн чуулгын гоцлол дуучин МУСТА С.Цогтсайхан орсон. Б ангилалийн тэргүүн байрыг О.Оюун-Эрдэнэ миний бие авлаа.


Та хэдэн наснаасаа эхлэж дуулж эхэлсэн бэ? Дуунуудаа хэрхэн сурч байсан бэ?

Би цэцэрлэгт байхаасаа дуулж эхэлсэн. Надад хамгийн анх "Цомбон туурайтай хүрэн" гэдэг дууг манай хөрш МУГЖ Д.Түвшинжаргал багшийн дүү Бямбаа гээд эгч зааж өгч байсан. Мөн Өмнөговь аймгийн Булган сумын ЕБДС-ын дуу хөгжмийн багш Н.Гансүх багш баян хөгжимтэй “Үлэмжийн чанар”, “ Янтай ван гөөгөө” зэрэг ардын богино дуунууд зааж өгч байлаа. Дараа нь  манай авга эгчийн хань Айна гэж ах байсан тэр хүн маань “ Өнчин цагаан ботго”, “Хүрэн толгойн сүүдэр” дуунуудыг зааж байлаа. Мөн Төв аймгийн ЕБДС-ыг дуу хөгжмийн багш МУСТА Р.Болдбаатар багш маань “Хулст нуур” гээд бэсрэг дууг баянтай тоглож зааж өгч байлаа. Ингээд ярьвал олон сайхан хүмүүс над уртын дуу зааж өгсөн. Тэр үед (би ч хөгшин хүн биш л дээ,  1991 оны үед, инээв) одоо шиг уртын дуутай бичлэг, CD   жаахан  ховор учир хот явсан хүнд кассет захина. Түүнээсээ уртын дуунуудаа сурч байсан даа. Тэгээд оюутан болж ирээд 2004 онд МУГЖ Ц.Чулуунцэцэг багшид шавь болж улам олон уртын дууг сурч эхэлсэндээ.

Тэмцээндээ хэр бэлтгэлтэй оролцов? ололттой тал юу байсан бэ?

Ерөнхийдөө фромтай байсан. Нээх сайн бэлдэж амжаагүй. Энэ уралдаанд говь шанхын аялгуугаар "Холч морь" гээд уртын дуу дуулсан. Энэ дуугаа 2011 онд Өмнөговьд  Болсон Шанхын уртын дууны уралдаан орохдоо сурч байсан юм. Цогтцэций суманд очиж ахмадуудаас асууж байгаад сурсан. Тэр дуугаа баяжуулан энэ тэмцээнд амжилттай оролцсон. Уралдаанаас  уртын дуу бол байгальтайгаа зохицсон байгалийн бүтээгдэхүүн гэдгийг илүү ихээр мэдэрсэн. Дуулж байхад шувууд нисэлдээд л. Уртын дуугаа яаж дуулвал илүү сайхан сонсогдох нь вэ гэдгийг дуучид маань илүү мэдэрч, мэдэж авсан байх. Мөн мартагдсан дуунуудыг мэдэж авсан. Бас нэг сайхан санагдсан зүйл бол уртын дуу Монгол хүний цусанд шингээстэй гэдгийг олж харсан.Тухайлбал жаахан хүүхдүүд хадан дээр суучгаад тэвчээртэй сонсоод байгаа юм.


Уртын дууг ам барьж дуулж болох уу?

Уртын дуучид тайзан дээр үргэлж өөрийнхөөрөө дуулдаг. Тухайн үеийн сэтгэл хөдлөлөөрөө дуулдаг. Сайн дуучин уу муу дуучин уу гэдэг тэндээс л харагддаг. Жижиг тоглолт , том тоглолтонд ялгаа байхгүй тайзан дээр гарах болгондоо бүхий л чадвараа гаргадаг юм.
Нар мандах үед "Уяхан замбуу тивийн наран" уртын дууг дуулж байхад ямар мэдрэмж төрсөн бэ? Анх удаа ингэж дуулсан уу?
Нар мандах үед "Уяхан замбуу тивийн наран" уртын дууг дуулсан нь наадмын бас нэг онцлог үйл явдал байсан л даа. Биднийг дуулахад нарны элч илүү дулаахан төөнөж, дуу хоолой хүртэл тун цээлхэн байсан. Өглөө 04 цаг 50 минутанд нар мандсан. Миний хувьд ийм эрт дуулж үзээгүй. Үнэхээр сайхан мэдрэмж төрдөг юм билээ. Нэг хадны наана цаана ороод бэлтгэлээ хийгээд дуугархад үнэхээр урамтай сайхан. Тайз бол баригдмал орчин. Харин байгаль дээр сул дуугараад байгаа юм шиг хирнээ маш сайхан цагинаж байдаг.

Залуу хүний хувьд уртын дуугаа яаж үеийнхэндээ хүргье гэж бодож байна?

Монголын энэ сайхан соёлыг өөртөө шингээнэ гэдэг үнэхээр том үйл хэрэг. Одоо CD, youtube -ээр ороод сонсох гээд л маш олон боломж бий болсон байна. Мөн залуучууд маань өөрсдөө уртын дуугаа сонирхож түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Уртын дуу бол монголын үнэт соёл юм. Гадаадын сонгодог, янз бүрийн дууг сонсхоо боль гэж би хэлэхгүй. Гэхдээ уртын дуугаа бас сонсох хэрэгтэй. Гайхамшигийг нь мэдрээд үзэх ёстой. Заавал уртын дуу дуулж чаддаг хүн уртын дуу сонирхох ёстой биш шүү дээ. Залуучууд маань уртын дууг олон хэлбэрээр дэмжиж бусдад түгээж болно. 


Бага байхаасаа одоог хүртэл уйдахгүйгээр уртын дуугаа дуулсаар байна. Тэгвэл таныг татаад байгаа уртын дууны сайхан зүйл нь юу вэ?

Уртын дууг сурч дуулсан маань миний эх орноо хайрлаж байгаагын нэгээхэн сэтгэл гэж хувьдаа боддог. Уртын дуу судлаач доктор Д.Оюунцэцэг гуайн хэлснээр уртын дуу бол Монголын сонгодог урлаг. Би уртын дуу дуулсныхаа дараа дотор минь тайвуу уужуу болж амьд ертөнцийг мэдэрдэг. Уртын дуу хэзээ ч өөрөөсөө хүнийг түлхдэггүй, үргэлж соронз мэт татаж байдаг. Бас үг нь үнэхээр гайхалтай. Аргадсан, ухааруулсан. Жишээ нь "Бор борын бялзуухай" эхнээс нь дуустал үгийг нь уншихад хорвоо ертөнцийн амьдралыг тэр чигээр нь өгүүлсэн байдаг. Энэ бол маш том философи юм. Тайвшрал, уужрал авдаг эрүүл мэнд талаас ярьвал амьсгаа зөв авч сурдаг. Анагаах ухаанд стрессээ тайлахын тулд орил чарла, дуу авиа гарга  гэдэг. Тэгвэл энэ бүгдийг уртын  дуу өөртөө шингээсэн байдаг. Орилж чарлахынхаа оронд аялгуут сайхан эгшгээр гаргаж ирэх нь өөрийгөө эрүүл байлгах нэг арга юм. Би жаахан бачимдаад ирвэл уртын дуугаа дуулдаг. Уртын дуу бол амьдарлын ухааныг хүнд өгдөг. Би нэг судалгааны ажлаас хархад найр наадам дээрээ уртын дуугаараа харилцдаг байсан гэсэн судалгаа гарсан байна лээ. Бүр амьдрал, улс төрөө хүртэл уртын дуугаар ярьдаг байжээ.

Уртын дуу хүний зан чанар, хүмүүжилд их нөлөөлдөг байх. Таны хувийн зан чанарт уртын дуу хэрхэн нөлөөлөв?

Уртын дууг сонсоод, сураад ирэхээр олон зүйлд хүлээцтэй хандаж сурдаг. Бодох сэхээрэх зүйл ч их гардаг. Мөн сонсгол маш сайн хөгжнө. Уртын дуугаа дуулж байхад монгол хэлнийхээ зарим үгний утгын гаргалгааг олж авдаг. Зарим хүмүүс хэлц үгээ ойлгохгүй байх  үе бий. Харин уртын дуу бол түүний нарийн ухааныг ойлгуулдаг. Мөн тэвчээр суулгадаг юм. Миний амьдарлын салшгүй нэг хэсэг бол уртын дуу. Уртын дуу өөрөө маш гайхалтай. Байгаль дээр дуулахад амьтад хүртэл гарч ирдэг. Нэг энгийн жишээ Өмнөговь аймгийн Гурван сайхан уулын Дунд сайхны хэцэд Мухаршивэртийн  ам гэж газар байдаг. Тэнд очоод дуулсан. Ёл тэр хавиар огт харагддагүй юм. Гэтэл ёл нисээд, уулаад хартад аргаль, янгир зогсож байсан. Тэр үед хамт  явж байсан хүмүүс маань бүг ямар гоё юм бэ гээд л. Нээрээ байгаль сонсдог юм байна гэж байцгаасан.


Тэгвэл жирэмсэн байхдаа сонгодог дуу сонс гэж эмч нар зөвлөдөг. Тэрний оронд хөл хүнд эмэгтэйчүүд уртын дуугаа сонсох ёстой юм шиг?

Тэгэлгүй яахав. Яг зөв. Монголчуудын цусанд байдаг гэдэг нь мэдэгддэг. Дүүгийнхээ хүүхдийг унтуулах гээд дийлхээ болохоороо уртын дуу сонсгохоор зүүрмэглэж эхэлдэг. Тэр үед дуугаа жаахан намуухан болгочихдог юм. Уртын дууг хүүхдэд сонсгоход уйлахгүй анхааралтай сонсдог. Багаас нь сонсгох хэрэгтэй байх. Тэдний хүмүүжилд маш эергээр нөлөөлнө. Уужуу тайван байж сурна гэж би бодож байна. Мөн уртын дуугаа хүүхдүүддээ багаас нь сонсговол үндэснийхээ үнэт зүйлийг авч үлдэж байгаа нэг хэрэг. Би өглөө гарахдаа уртын дуу сонсоод гарахад тэр өдрийн бүх ажил бүтдэг. Хийморь нь тэндээ байдаг байх.


Та МУГЖ Ц.Чулуунцэцэг гуайн шавь гэсэн. Яаж багш шавь болсон бэ?

Тиймээ би МУГЖ  Ц.Чулуунцэцэг багшийн шавь. 2004 онд “Дуулахын заяа зүрхэнд”  гэсэн нийтийн дуу дуулаачдыг улсын уралдаанд оролцоонд 3-р шатандаа дуулчаад тайзнаас буугаад явж байтал Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, Буриад улсын урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Ухнаа гуай  нааш ир чи хаанахын хүүхэд вэ говийн хүүхэд үү гэсэн. Би тиймээ л гэсэн. Өөрийнхөө нэрийн хуудсыг өгөөд маргааш  11 цагт залгаарай гэсэн. Оюутны байрны таксфоноос маргааш нь залгасан чинь чи өнөөдөр өдөр 14 цагаас “Түмэн эх” чуулга руу явж очоод Чулуунцэцэг гэдэг хүнийг сураглаад очоорой би хэлсэн байгаа гээд багшийн утасны дугаарыг өгсөн. Тэгээд л багшдаа дуулж шалгуулаад л шавь нь болсон доо. Багш минь олон зүйлийг надад зааж өгсөн. Багшдаа маш их баярладаг. Дашрамд хэлэхэд Ухнаа гуай талархал илэрхийлье. Би эмч мэргэжилтэй хүн. Миний найзууд  бүгд уртын дуу сонсдог ойлгодог. Харин одоо ажлынхан бас их дуртай.

Цаашдаа юу хийх төлөвлөгөөтэй байна? Мэргэжил, сонирхол хоёроо зэрэгцүүлэн хөгжүүлэх үү?

Эрүүл мэндийн салбараас гадна дуу дуулах гэдэг бол миний чансаагаа сорьж явдаг нэг салбар. Би цаашдаа улам сайн дуулж сурахын тулд сайн дуучдын дуулж байгааг судлах, өөрийн өнгө төрхөөрөө, арга барилаараа олон сайхан дуу дуулж, олон түмэнд хүргэнэ. Мөн уртын дууны талаараа судалгаа хийнэ гэж бодож байгаа. Уртын дууг судалж олон нийтэд хүргэхэд миний хийж чадах зүйл юу байна тэр бүгдийг би хийнэ. Энэ  бол миний зорилго. Нэг талаараа миний сонирхол ч гэлээ нөгөө талаараа чадал чансаагаа сорьж яваа хүн.

Уртын дууны гайхамшгаас яриад байвал дуусашгүй билээ. Тиймээс ярилцлага маань энд хүрээд өндөрлөж байна. Таны цаашдын ажил, уран бүтээлд тань өндөр амжилт хүсье.
 
Баярлалаа та бүхэнд ажлын амжилт хүсье.

 Монгол ардын уртын дуу "Тунгалаг тамир"  Уртын дуучин, анагаах ухааны магистр Отгобямбын Оюун-Эрдэнэ
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
chuka (103.10.21.94) 2014-02-04 15:17:31
mongol soyoliin salshgui heseg bol urtiin duu sh te sonsohloor setgel sergej bodol ariusaad neg l saihan boldogiim
ulaanaa (202.179.20.132) 2013-11-02 12:55:24
amjilt husiy
chimgee (202.126.91.153) 2013-09-24 17:24:17
duuchin duudee amjilt husiy
Урнаа (182.160.37.13) 2013-09-04 15:50:19
Сайхан ярилцлага байна Амжилт хүсье