Насан туршдаа үерхэх үнэнч найзууд гэвэл бид гурав

Монголын рок попын ертөнцөд хөл тавиад даруй 16 жилийн нүүрийг үзэж байгаа тус хамтлагийнхан үргэлж шинэ содон сюрприз, хит дуунууд, сонирхолтой тоглолтоор фэнүүдээ баярлуулдаг билээ.  Авьяас чадвар, гоо үзэсгэлэн, хөдөлмөрч чанараараа нэгэн цогц болж чадсан “Sweetymotion” хамтлагийн бүсгүйчүүдтэй уулзаж сонирхолтой ярилцлага өрнүүлсэн юм.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ. Хит дуунуудаар тоглолт хийх гээд завгүй байна уу?


Г.Сүндэрмаа: -Бид нар энэ онд багтааж хоёр цомог гаргахаар зорьсон. Тухайлбал, 1950-1960 оны үеийн олны сэтгэлд хоногшсон сайхан дуунуудаар цомог гаргана. Мөн охид залуустаа зориулан орчин үеийн цоглог хэмнэлтэй дуунуудаас бүрдсэн цомог гаргахаар боллоо. Бас энэ сарын 6, 7-нд “Cover concert” нэртэй ээлжит тоглолтоо хийхээр бэлтгэл ажил, клипний зураг авалт гээд их л завгүй явж байна даа.


-Яг одоо ямар дууны бичлэг хийлгэж байгаа юм бэ?

-“Өргөн Сэлэнгэ” гээд хүн болгоны сайн мэдэх дуу бий. Тэр дууны найруулга нь бэлэн болсон учраас хоолойныхоо бакал тавилтыг хийж байна. Ойрноос хоолойны бичлэгт орох төлөвлөгөөтэй байгаа.

-Хоёр цомгийнхоо хөгжмийн найруулга дээр хэнтэй хамтарч байна вэ?


-Монгол дууны цомог дээр Чинбаатайгаа хамтарч ажиллана. Орчин үеийн дууныхаа цомгийг янз бүрийн хүмүүстэй хамтарч хийж байгаа. Хоолойны бичлэгээ “Prosounds” болон Монголд байгаа томоохон студид хийлгэхээр төлөвлөсөн.


-Олны сэтгэлд хоногшсон хит дуунуудаас бүрдэнэ гэхээр нэлээд сайн сонголт хийх хэрэгтэй болсон байх?


-Тэгэлгүй яахав. Маш олон дуу байдаг юм билээ, болдогсон бол бүгдийг нь дуулчихмаар санагдсан шүү. Ээж аав, эмээ өвөө нараасаа зөвлөгөө авч хамгийн гоё гэсэн 10 гаруй дууг сонгосон.

-Энэ зуныг хэрхэн өнгөрүүлэв. Амарч зугаалж амжив уу?

Э.Ганболор: -Үнэхээр амарч чадсангүй ээ. Их ажилтай байсан учраас бид нар Гачууртад хоёрхон хоног л амарсан. “Өмнөх ажлаа амжуулчихвал амрах цаг олдох байлгүй” гээд л зүтгэж байна.

-Америкаас ирээд хэд хэдэн тоглолт хийсэн. Цаашид төлөвлөсөн зүйл олон байгаа нь тодорхой?

-2010 онд Америкаас ирээд “Number one” тоглолтоо хийсэн. 2011 онд Чинбаа маань “Давтагдашгүй” тоглолтоо хийсэн. Мөн бид тус оны гуравдугаар сарын 8-нд эмэгтэйчүүд, эхчүүддээ зориулж тоглосон. Өнгөрсөн жил хамтлагийнхаа 15 жилийн ойд зориулж “Celebration” нэртэй тоглолт хийсэн дээ. Энэ мэтчилэн өнгөрсөн хугацаанд дөрөв, таван тоглолт хийгээд чамгүй мэрийж ажилласан байна. Цаашид улам их хичээж, үүнээс ч гоё зүйлүүдийг хийхээр төлөвлөж байгаа.
-“Emotion” хамтлагийнхан тухайн үедээ нэлээд олон кино жүжгийн дууг амилуулж байсан санагдана.


 Харин одоо “Sweetymotion” энэ тал дээр хэрхэн ханддаг бол?

Г.Сүндэрмаа: -Чинбаа маань нэг шинэ киноны хөгжмийг бичиж байгаа. Энэ ч утгаараа тус киноны “Уучил” нэртэй дууг дуулах санал ирж, Чинбаа хөгжмийг нь зохиож өгсөн. Дуугаа аль хэдийнэ бичүүлээд бэлэн болгочихсон шүү. Хүний дотоод сэтгэлийг хөндөж, зүрхэнд хүрсэн их гоё дуу бий. Энэ хорвоо дээр хүмүүс бие биенээ уучилж амьдрах шиг сайхан зүйл байхгүй гэсэн утга агуулгатай. Бид нар энэ дууг дуулахаараа л уйлчих гээд байдаг юм.(инээв) Хоолойны бичлэгт орж байхдаа хүртэл сэтгэл минь их хөдөлж байлаа.

-Киноны дуу дуулахаас гадна дүр бүтээгээч гэсэн санал их ирнэ биз?

-Өө, мэр сэр ирнэ. Бидний өмнө хийж бүтээхээр төлөвлөсөн ажил олон байгаа тул кинонд тоглох тухай бараг боддоггүй. Одоохондоо иймэрхүү саналыг хойш нь тавьчихсан. Саяхан бид Чука ахын зохиосон “Хайртай чиний хавар” нэртэй их сайхан дууг дууллаа. Энэ дууны инээдмийн өнгө аястай клипэнд бид гурав сонирхолтой дүр бүтээж тоглосон. “Wanted” студид клипийг нь хийлгэсэн, тун удахгүй үзэгчдийн хүртээл болох биз ээ. Мөн энэ дууг Чука ахын “Санахын аялгуу” тоглолтын тайзнаа дуулах байх.

-“Sweetymotion” хамтлагийн ноён нуруу, уран бүтээлийн тулгуур нь Чинбаа. Гэхдээ та бүхний сэтгэлд өөрийн гэсэн аялгуу болоод шүлэг зохиох мэдрэмж цөөнгүй төрдөг байх гэж бодлоо?

-Тэгэлгүй яахав. “Наддаа эргэж ирээч” дууны аяыг манай Э.Ганболор зохиосон шүү дээ. Шүлгийн хувьд, зарим яруу найрагчдаас зөвлөгөө авч өөрсдийн дотор бодогдож байгаа зүйлийг илэрхийлэн хамтдаа бичиж байсан түүхтэй. Их олон жилийн өмнө буюу бүр Америк руу явахаас өмнөх “Emotion” хамтлаг гэж байхад төрсөн дуу байхгүй юу. 2009 онд гаргасан “Sweetymotion” цомогт маань энэ дуу багтсан. Хөгжим бүжгийн коллежид сурч байхдаа би нэлээд хэдэн шүлгийн мөрт бичиж байсан санагддаг юм. Яг юу бичиж байснаа одоо бараг санахгүй байна. Сэтгэл хөдөлсөн үед нэг их сайхан дөрвөн мөрт ч юмуу эгшиглэнтэй аялгуу санаанд орж ирдэг юм.


-Монголын рок попын ертөнцөд “Sweetymotion” шиг оршин тогтнож чадсан эмэгтэй хамтлаг байхгүй гэхэд болно. Та нарыг өдий хүртэл зангидаж, ийм сайхан түүхийг бүтээх эрч хүч хаанаас ундарч байсан бол?

-Бид гурав бүр долоон настайгаасаа эхлээд л Хөгжим бүжгийн коллежийн нэг ангид суралцаж байсан шүү дээ. Тэр үеэс хойш маш гоё найзууд болж 14, 15 наснаасаа эхлэн дуу хууртай холбогдсон. Үерхэл нөхөрлөл, бие биедээ итгэх итгэлцэл, хайр хүндлэл биднийг нэгэн гэр бүл шиг болгосон гэхэд хилсдэхгүй. Бие биенээсээ эрч хүч авч, нэгэн цогц болж чадсанаараа өдийг хүртэл хамт яваа байх. Мэдээж амьдрал юм чинь, өөр зүйлээс эрч хүч авалгүй яахав. Гэхдээ л бид гурав аз жаргал, зовлон гунигаа хамгийн түрүүнд бие биетэйгээ хуваалцаж ойр дотно байдаг даа.

-Охидын шивнээ өрнөхөд хэн хэндээ хамгийн сайн зөвлөгч, дотны туслах нь байж сурсан биз?

-Тийм ээ, хэн нэгэнд нь асуудал тулгарахад ний нуугүй ярилцана. Тухайн асуудалд өөр өөрсдийн өнцгөөс хандаж, маш олон талаас нь харж байгаад зөвлөдөг. Бие биеэ хамгийн сайн мэдэх учраас бид гурав ямарваа нэгэн бэрхшээл тулгарахад хоорондоо ярилцаж байж л шийдвэрлэнэ.


-Нөхөрлөлийн үнэ цэнэ гэдэг ямар агуу болох, найзаараа бахархах сэтгэлийн тухайд өөрсдийн бодлоос хуваалцаач?

Г.Сүндэрмаа: -Найз гэдэг бол маш том ойлголт л доо, миний хувьд. Хүний амьдралд маш олон найз таарна. Өчигдөр танилцсан найзаас эхлээд л өнөөдөр таарсан найз гэх мэт. Харин насан туршийн үнэнч найз гэдэг бол маш ховор байдаг шүү. Яг насан туршдаа нөхөрлөх үнэнч найзууд гэвэл бид гурав л гэж хэлнэ дээ. “Зовсон цагт нөхрийн чанар танигдана” гэгчээр яаж ч зовж зүдэрсэн бай, хамаагүй. Ямар ч үед бие биенийхээ дэргэд байж чадах үнэнч найзууд бол бид гурав.
Э.Ганболор: -Бид гурав ёстой л хувь заяаны зураг төөргөөр учирсан найзууд. Нөхөрлөл маань байгаагүй бол анхнаасаа хамтлаг үүсэхгүй байсан. Амьдралын зорилго, хүсэл мөрөөдөл минь болсон энэ хамтлаг байгаагүй бол бидний нөхөрлөл хэр удаан үргэлжлэх байсныг мэдэхгүй. Биднийг холбох олон сайхан эрхэм нандин, үнэт зүйл байдаг учраас өдийг хүртэл хамт явж байгаагаараа бахархдаг. Мэдээж хэрэг энэ олон жилийн хугацаанд бие биеэ илүү таньж мэдэж авсан. Эргээд харахад бид нар их гоё дурсамжтай, бас бахархууштай он жилүүдийг хамтдаа өнгөрүүлсэн байна.
-Хамтлаг байгуулж, урлагийн ертөнцөд хөл тавих хүсэлтэй охид залуустаа хандаж та бүхэн юуг зөвлөх бол?
Г.Сүндэрмаа: -Юуны өмнө хөгжмийн боловсролтой байх зайлшгүй шаардлагатай. Ядаж л ноот уншаад сурчихсан байхад хэнд ч гологдохгүй шүү дээ. Мөн өөрийнхөө дотоод ертөнц, хүсэл мөрөөдлийг мэдэрч яг ямар стиль жанрын дуу тохирох эсэхийг олж мэдэх ёстой. Бас аливаа зүйлд үнэн сэтгэлээсээ хандаж байх хэрэгтэй. “За энэ дууг гялс дуулаад тэрүүгээр ингэж шоудаж, ийм зүйлээр клип хийчихье” гэж аргацаавал цаашид хол явахгүй шүү дээ.


-Таныг чимдэг зүйл юу болохыг сонирхоё?

-Олны танил хүн гэдэг утгаараа, бусдад үлгэр дуурайлал болохуйц байдлаар биеэ зөв авч явахыг хичээдэг. Мөн дотоод гоо сайхандаа илүү ач холбогдол өгнө. Гаднах төрх нь хэчнээн гоё сайхан боловч дотоод сэтгэлдээ муухай бодол тээж явбал тэр хүн “гэрэлтэж” харагдахгүй. Тэгэхээр аль болох сайхан зүйл бодож, хүсч мөрөөдөж, өөдрөг байхыг хичээж, инээмсэглэж явбал гоё эрч хүч, энерги хуримтлагддаг гэж боддог юм.

-Сэтгэл хөдлөх үедээ ч юмуу бухимдсан үедээ хэрхэх бол..?

-Найзуудтайгаа ярилцаж байж дотроо онгойлгоно. Тэр бүхнээ хадгалаад явбал эрүүл мэндэд муу, өөрийгөө л зовоохоос хэтрэхгүй. Бусдад уурлалаа гээд яах юм бэ. Ер нь би их тайван, зарим зүйл дээр жаахан хэнэггүй ханддаг л даа. Бүр албаар тэгдэг гэхэд болно. Бүх зүйлийг анхаарч, ач холбогдол өгөөд байвал стресс гэдэг чинь бүр толгой дээр гараад “суучихна” шүү.


-Та нарын бага насны тухай сонирхмоор байна. Хүүхэд ахуй цагтаа чухам юу мөрөөддөг, хэр дүрсгүй охид байсан бэ?

Г.Сүндэрмаа: -Би яг дуучин болно гэж мөрөөдөж байгаагүй. Жаахан байхдаа их уян хатан хүүхэд байсан учраас эмээ өвөө маань намайг “Уран нугараач болгоно” гэж ярьдаг байсан юм билээ. Зургаан настай байхад аав минь намайг Хөгжим бүжгийн коллеж руу хөтөлж аваачаад хийл хөгжмийн ангид оруулсан. Хүмүүс төгөлдөр хуурыг “Хаан хөгжим” гэдэг бол, хийл хөгжмийг “Хатан хөгжим” гэж болохоор. Би хийл хөгжимдөө дуртай. Өсвөр насандаа дуулах хоббигоо дагаад нөгөө хоёртоо санал тавьж “Англи дууг хэн сайн дуулах вэ” улсын уралдаанд оролцоод түрүүлж байлаа. Ингэж л анх дуулах гараагаа эхэлж байсан түүхтэй улс. Эргээд бодоход би үнэхээр дуучин болох одонд төрсөн хүн юм шиг санагддаг байхгүй юу. Бурханаас заяасан жаахан авьяасаа чадах чинээгээрээ хөгжүүлэх гээд чармайж явна, би. Өөрийгөө айхтар мундаг дуучин болчихсон гэж бодохгүй байна. Миний мөрөөдөл гэвэл, барууны одод шиг мундаг дуучин болох. Тэр мөрөөдөлдөө хүрэх гээд өдийг хүртэл чармайж ажилласан даа.
Э.Ганболор: -Миний хувьд бүр цэцэрлэгт байхдаа “Цагдаа юмуу тагнуулч болно” гэж мөрөөддөг байлаа. Хөгжим бүжгийн коллежид ороод өсвөр нас хүртлээ хөгжимд дурласан. Харин өсвөр насандаа найзуудтайгаа хамт дуулж эхэлснээр рок попын ертөнцөд эргэлт буцалтгүй орсон доо. Одоо бодохоор багын мөрөөдөл минь их инээдтэй санагддаг.
Ц.Сарнай: -Янз бүрийн л юм мөрөөддөг байж дээ. Цэцэрлэгт байхдаа “Эмч болно” гэж мөрөөдөөд чагнуур зүүсэн хүн болгон гоё харагддаг байсан. Харин жаахан том болоод ирсэн чинь өөрийн эрхгүй л хөгжимтэй холбогддог байгаа. Бараг ухаан орсон цагаасаа эхлээд л ээжийнхээ хөгжим тоглож байгааг харсан. Гэрт маань ч төгөлдөр хуур байдаг болохоор би дурлахгүй гээд яахав дээ. Намайг зургаан настай байхад Хөгжим бүжгийн коллежид оруулсан, харин би төд удалгүй дуучин болох гэж мөрөөдөж эхэлсэн. Миний хувьд, дуучин болно гэдэг их том мөрөөдөл байлаа. Гэртээ алдарт Уитни Хьюстон, Мариан Кэри зэрэг дуучдын хуурцгийг сонсч, дууных нь үгийг бичиж аваад дуурайж дуулдаг байлаа.


-Сэтгэлд хоногшиж үлдсэн мартагдашгүй дурсамж, сонирхолтой түүхээсээ ярихгүй юу?

Г.Сүндэрмаа: -Би багадаа их дүрсгүй охин байсан юм билээ. Охин дүүгээ уруу татаж буруу үйлдэл хийчихээд л түүн рүүгээ бухдаг. Аав ээж маань ч үүнийг сайн мэднэ. Нэг удаа манай эмээ орны доогуур барааны саван хатаах гээд тавьчихсан байж билээ. Тэр нь тос даасан зузаан бор ааруул шиг харагдаад арааны шүлс асгардаг байгаа. Өнөөх саванг нь дүүтэйгээ хамт хувааж идээд гэдсээ өвтгөж, эмээдээ баахан загнуулсан түүхтэй. Тийм нэг хөгжилтэй дурсамж санаанаас ер гардаггүй юм.
Э.Ганболор: -Би нэг их тийм айхтар адтай охин байгаагүй юмаа. Манай аав ээж хоёр ажлынхаа хажуугаар гадагшаа явж, наймааны бараа авчирдаг байлаа. Нэг удаа надад хадаасан ээмэг, торон трико авчирч өгсөн юмдаг. Тухайн үед нэг хоёрдугаар ангийн жаахан охин ийм ээмэг зүүж, торон трико өмсөнө гэхээр их л ганганд тооцогддог байсан цаг. Би ч их ганган амьтан болов оо. Гэтэл манай ахын охин хамаатны охинтой нийлээд надад уурласан шарандаа торон триког минь хайчилж, бүр жорлонд хийгээд усыг нь татчихаж билээ. Би тэр үед аймаар уйлаад аягүй их гомдож байсан түүхтэй. Аваад өмсье гэсэн ч хайчилсан юмыг яалтай билээ дээ. Одоо хүртэл энэ явдал санаанаас гардаггүй юм шүү. Хааяа энэ тухай ярихаар тэд “Чамайг их дэглэдэг байж дээ” гээд л инээлддэг юм.
Ц.Сарнай: -Би чихмэл нохой, хүүхэлдэйнд их дуртай охин байсан. Манай гэрт ах дүү, хамаатан садны хүүхдүүд байнга шахуу л бужигнадаг байсан үе. Нэг удаа эгчийн маань хүүхэд миний хүүхэлдэйг таван давхрын цонхон дээрээс шидээд бөөн юм болдог байгаа. Би ч сүртэй нь аргагүй уйлаад очсон чинь хүүхэлдэй минь ашгүй бүтэн байж билээ. Түүнийгээ чирээд л гэртээ оруулж байлаа. Одоо манай гэрт бүр жаахан байхдаа тоглож байсан чихмэл тоглоомууд минь байгаа шүү.


-Хамгийн хайртай тоглоом тань юу байв?


Э.Ганболор: -Бид гурав 14, 15 настайдаа хамтлаг байгуулаад Сарнайгийн гэрт хамт амьдарч эхэлсэн шүү дээ. Тухайн үед хүн болгон л өөрийн гэсэн тоглоомтой байлаа. Бодвол, тэр бүхэн нь Сарнайгийн тоглоом байсан байх. Бүгд л таалагдсан тоглоомоо өмчлөөд авчихсан. Надад нэг цагаан бамбарууш байж билээ. Гэвч тэднийхээс явах үедээ анзаараагүй орхисон ч юмуу, алга болгоод удсан даа. Харин саяхан Сарнай маань гэрийнхээ агуулахыг ухаж байгаад тэр бамбаруушийг маань олж өгсөн. Хуучирсан ч гэлээ, хөөрхөн бамбаруушаа угааж цэвэрлээд орныхоо дэргэд тавьчихсан байгаа. Миний хайртай тоглоомыг олж өгсөн Сарнайдаа их баярласан шүү.
-Саша, Бэнжи гээд хоёр хөөрхөн нохойтой гэдгийг мэдэх хүн олон бий. Найзууд чинь одоо хүртэл хамт байгаа юу?
Саша маань энд цуг байгаа. Ажил ихтэй байдаг болохоор минийх гэхээсээ илүү ээжийн нохой болсон. Бэнжи маань Америктаа үлдсэн. Өнгөрсөн жил очихдоо авчрах гээд чадаагүй.

-Тайзан дээр гараагүй үедээ та нар их энгийн хувцасладаг юм байна?


-Урлагийн хүн гэдэг ондоо шүү дээ. Бидний өмссөн хувцас, гоёл гээд бүх зүйл тайзан дээр байхаар зориулагдсан. Харин шоу тоглолт, арга хэмжээ, уулзалт, нэвтрүүлэг гээд чухал ажилгүй үедээ бид аль болох биед эвтэйхэн байдлаар хувцаслах дуртай.

-Спортоор хичээллэж байгаа юу?


-“Golden Gem” клубт нэг жил хичээллэсэн. Харин одоо “Гранд плаза”, “Мах mall” их дэлгүүрт байрладаг фитнесс клубуудэд ээлжээр хичээллэж байгаа.


-Чинбаа, Сарнай хоёр маань охиндоо зориулж дуу зохиосон шүү дээ. Тэр дуу хэзээ сонсогчдод хүрэх бол..?

Ц.Сарнай: -Охин маань одоо хоёр настай. Тэр дууны ая нь бэлэн болчихсон. Шүлгийн хувьд, хоёр гурван сонголт бий. Бид хоёр энэ дууг гаргах гэж нэг их яарахгүй байгаа. Охиндоо зориулсан дуу маань цорын ганц, давтагдашгүй байх учраас сайтар бодож сайн уран бүтээл гаргана гэж зорьсон.

-Уншигч охид залуустаа хандаж юуг хэлэх вэ?


Г.Сүндэрмаа: -Чин сэтгэлээсээ хийсэн зүйл цаг хугацааны ямар ч шалгуурт тунаж үлддэг юм. Хүсэл мөрөөдөлтэй байж, түүндээ хүрэхийн тулд үнэнчээр хөдөлмөрлөх хэрэгтэй. Хэчнээн авьяастай байж болох ч, хөдөлмөрлөхгүй бол тэр чинь зэвэрнэ. Тиймээс хөдөлмөр, авьяас, аливаа зүйлд үнэнч хандах байдал их чухал даа.
Э.Ганболор: -Хүн бүр маш гоё мөрөөдөлтэй амьдрах ёстой. Мөрөөдөл тань биелэх эсэх нь нэг их чухал биш. Мөрөөдлийнхөө төлөө явж байх хугацаанд сурч мэдэж авсан бүхэн тань амьдралын маш үнэтэй дурсамж болдог. Тийм болохоор мөрөөдлөө дагаж амьдарвал та бүхний хүсэл зорилго утга учиртай болно.
Ц.Сарнай: -Хүүхэд байхаасаа эхлээд мөрөөдөж, түүнийхээ төлөө зүтгэж чадвал биелдэг юм байна лээ. Харин аливаа зүйлд хэтэрхий их шунавал буруу юманд хүргэнэ. Өөрийгөө ямар чиглэлээр явбал амжилтанд хүрэх вэ гэдгийг мэдэрч, өөрийгөө төлөвшүүлэх хэрэгтэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.