Л.Намуулан: Дөрвөн мянган хүнээс долоохон хүн шалгарсны нэг нь би

Дэлхийн шилдэг авиа компаниар тодорсон "Emirates airline"  компанид дөрвөн мянган өрсөлдөгчөөс монгол бүсгүй шалгарч ажиллаж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Дэлхийд нэр хүндтэй компанид ажиллах батламжаа гардах үеэрээ Л.Намуулан Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлж, төрийнхөө далбааг Арабын нэгдсэн Эмират улсад мандуулсан гавьяатай. Түүнийг  амралтаараа эх орондоо ирээд байх үед нь уулзаж, ярилцлаа.

-Монгол бүсгүй дэлхийн томоохон авиа компанид онгоцны үйлчлэгч хийж байна гэсэн мэдээллийг сонсоод бахархах сэтгэл төрж байлаа. Онгоцны үйлчлэгч болсон талаар тань яриагаа эхлэх үү?   

-Би өмнө нь Хүмүүнлэгийн ухааны их сургуульд сэтгүүлзүйн чиглэлээр сурч байсан. Ингээд 2008 онд буюу гуравдугаар курст орох зун  онгоцны үйлчлэгчийн сургалт, давхар хэлний курст сургана гэсэн зарыг хараад сонирхож үзсэн юм. Тэгээд Малайз руу онгоцны үйлчлэгчийн сургалтад сурахаар Монголоос 15-уулаа очиж байлаа. Зуучилсан компани нь биднийг хятад хороололд байрлуулж, их тааруу үйлчилсэн л дээ. Хэлний сургалт нь ч тааруу байсан болохоор зарим нь цааш үргэлжлүүлэн суралцахаасаа халшраад Монгол руу буцсан. Миний хувьд хүний нутагт нэгэнт ирчихсэн болохоор ганзага хоосон яаж буцах вэ гэж бодоод англи хэлийг маш сайн бэлдэж байгаад  их сургуульд нь элссэн. Ингээд бизнесийн удирдлага, менежмент мулти медиагаар дөрвөн жил суралцаад төгссөн юм. Сургуулиа төгсөөд нутаг руугаа явахынхаа өмнө Малайз дахь танилууддаа  явах гэж байгаа тухайгаа дуулгасан. Тэгэхэд миний хүндэтгэж явдаг нэгэн энэтхэг эмэгтэй “Хүүе Намуулан чи ёстой зөв үедээ залгалаа. Маргааш 09.00 цагаас Эмиратын эйрлайны шалгуур болох гэж байна. Хүрээд ир ” гэсэн. Эхэндээ шалгуулахыг нэг их хүчлээгүй. Харин намайг заавал хүрээд ир гэсэн болохоор нь очсон юм. 

-Мэдээж олон хүмүүс шалгуулсан байх. Тэднээс давуу байж өөрийн онцлогийг харуулна гэдэг хэцүү. Тухайн үед ямар шалгуураар сонгож авч байсан юм бэ?

-Намайг ороход танхим дүүрэн үнэхээр сайхан охид, залуучууд цугласан байв. Миний хувьд тэднийг хараад л сүрдээд эхэлсэн. Бүр больё гэж бодсон шүү (инээв). Энэ үед найз нар маань дэмжиж, урам хайрласны эцэст зориглон шалгаруулалтад оролцсон. Эхлээд биднээс англи хэлний шалгалт авсан. Мөн харилцаа, сэтгэхүй, хоолойны өнгө, бие бялдар зэрэг шалгуур тавьсан. Хажуу дахь хүндээ хэрхэн хандаж байгааг нь хүртэл анзаардаг юм билээ. Шалгалт бүрийн дараа жижиг цаас өгнө. Цаасан дээр та эхний шатанд тэнцлээ, эсвэл уучлаарай манайд ирж шалгуулсанд баярлалаа гэсэн хариу байдаг. Эхний шатуудын шалгаруулалтдаа тэнцэхээр урамшаад, улам хичээдэг юм билээ. Сүүлийн шалгаруулалт нь ганцаарчилсан ярилцлага байсан. Ярилцлагын үеэр бага нас, яагаад энэ компанид орох болсон талаар асууж байсан.  

 

-Шалгуулчихаад л хариугаа хүлээсэн үү. Хариу хүлээхэд хэцүү байсан биз. Түгшээд, догдлоод л?

-Хариу нь мэдээж тэр дор нь гарахгүй. Тэгээд л хүлээх үлдсэн дээ. Шалгаруулалтын дараа удалгүй сургууль төгсөх шалгалт эхэлсэн. Тиймээс би их завгүй болсон л доо. Хамгийн сүүлийн шалгалтаа өгчихөөд гэртээ харина гээд бүр догдолчихсон, ачаа тээшээ янзлаад сууж байтал утас дуугарч, “Эмиратын эйрлайн компаниас ярьж байна. Танд баяр хүргэе. Манай компанийн шалгаруулалтад тэнцлээ. Хэзээнээс ажилдаа орох боломжтой вэ. Арваннэгдүгээр сард орж амжих уу” гэсэн. Шалгаруулалтаас хойш хоёр сар холбогдоогүй байсан болохоор мартчихсан байсныг ч хэлэх үү маш их баярласан. Догдолсондоо нарийн юм ч асууж чадаагүй. Эргээд холбоо барих утсыг нь авч, дөрвөн жил хариагүй болохоор гэртээ харьчихаад ирмээр байна гэдгээ учирласан. Намайг ойлгож нэгдүгээр сарын 2-нд ажилдаа ороорой, онгоцны тийзийг чинь явуулъя гэсэн. Ингээд би гэдэг хүн Монгол руугаа, гэр рүүгээ баяртай мэдээтэй ирсэн дээ. 

-Дэлхийн нэг номерын авиа компанид ажилд орно гэдэг хүн бүрт дуулгах сайхан мэдээ байлгүй яах вэ. Тухайн үед хэчнээн өрсөлдөгчөөс шалгарсан юм бэ. Их сонирхолтой тоо бий байх?   

-Малайзаас дөрвөн мянган оролцогч шалгуулсан юм билээ. Над руу утасдаж энэ мэдээг дуулгасан хүн “Дөрвөн мянган хүнээс долоохон хүн шалгаруулж авсан. Түүний нэгээр та шалгарлаа баяр хүргэе” гэж хэлэхдээ л миний өмнөөс догдолж байсан нь утасны цаанаас надад мэдрэгдсэн шүү. Нүдэнд минь өөрийн эрхгүй нулимс цийлэгнээд л явчихсан. Хамгийн түрүүнд энэ мэдээг ээж, эмээдээ дуулгахаар залгаж билээ. 

 -Танай компани шалгарсан долоон хүнээ дадлагажуулсан уу. Эсвэл шууд нислэгт явуулдаг юм байна уу?

-Би их азтай хүн. Нэгдүгээр сараас орсон группийг “Эйрбус- 380”, “Бойнг- 777” гэсэн онгоцонд хослуулж мэргэшүүлсэн нь анхных байсан. Тиймээс л хоёулангаар нь мэргэшиж хоёуланд нь үйлчилгээ хийж нисдэг.  Хэрвээ арваннэгдүгээр сард ажилдаа орсон бол ганцхан “Эйрбус-380” онгоцоор  мэргэшиж ажиллах байсан. Түүнчлэн эрүүл мэндийн анхан шатны тусламжийг үйлчлүүлэгчиддээ өгөх хэмжээний дадлагатай байх шаардлагатай байдаг юм билээ. Энэ бүгдэд биднийг дадлагажуулсан. Жирэмсэн эх төрөхөөр өвдлөө гэхэд эх барьж авна гээд бүгдийг л заадаг юм.          

 -Дэлхийн хэмжээний авиа компанийн ажилтнууддаа тавьдаг шалгуур нь өндөр байх. Ажилд орсныхоо дараа шантрах үе байв уу?

-Дэлхийн улс орныг үзнэ гэдэг маш сайхан. Ажлын хувьд үйлчилгээнийх ч гэлээ дэлхийг тойрно гэдэг үнэхээр сайхан санагддаг юм. Мэдээж ажил дээр хэцүү үе тохиолдоно. Янз бүрийн ааштай хүнтэй таарна. Тэгэх бүрт “үүнийг л өнгөрөөчих юм бол хэдхэн цагийн дараа буучихна шүү дээ” гэж бодон хүнд байдлыг даван туулдаг. Үйлчилгээний ажил болохоор яаж ч муухай ааш гаргасан инээгээд л өнгөрөөдөг дөө. Дүрэмт хувцсаа өмссөн үедээ инээх ёстой. Инээд бол тэр хувцасны нэг хэсэг юм. Хөх тэнгэрээр нисч, дандаа инээж явдаг ийм гоё ажил хийдэг таниараа бахархдаг гэж манай нэг дүү хэлж билээ. Тэр үг нь надад маш их урам хайрладаг юм.

 

-Ажлынхаа нэг өдрийг манай уншигчдад сонирхуулахгүй юу. Ажил, амралтаа хэрхэн зохицуулдаг вэ?

-Сар бүрийн 28-нд дараа сарын ажлын хуваарь гарчихсан байдаг. Миний ирэх сарын ажил тодорхой болчихсон. Сонирхуулж хэлэхэд ээж минь Москвад байхдаа намайг төрүүлсэн. Дөрвөн настай байхдаа аав ээжтэйгээ хамгийн сүүлд Москва явж байлаа. Тэр цагаас хойш Москва руу очиж үзье гэж их хүсдэг байсан юм. Харин ирэх сарын 6 болон 9-нд хоёр удаа Москва нисэх хуваарь гарчихсан байсан. Үнэхээр их баярлаж байгаа шүү дээ. Ажлын хувьд авиа компанид цаг баримтлал маш чухал. Нислэг үйлдэхээс хоёр цагийн өмнө заавал ажил дээрээ очсон байх ёстой. Гэрээс ажлын унаа ирж авна. Ажил дээрээ очих үед нэг секунд ч хоцрох ёсгүй. Цагаа картаар уншуулдаг болохоор нэг секунд л хоцрох юм бол хаалга хаагдаад орох боломжгүй болчихдог. Мөн ажил таслалт хоёроос дээш байж болохгүй. Иймэрхүү чанга зарчимтай байдаг.

-Анх шалгаруулалтад тэнцэж байсан үеийн тань бичлэгийг харсан. Монголынхоо төрийн дууллыг эгшиглүүлсэн тэр үед юу бодогдож байв?

-Бид сургалтын коллежоо төгсөх үеэрээ нислэгт гарч, үнэлгээ авдаг байсан. Тэр үеэр бидний ажиллах явцыг шалгадаг байсан юм билээ. Тухайн үед мэдээгүй. Би нислэг болгон дээр нялх хүүхэдтэй эсвэл настай хүнд үнэн сэтгэлээ зориулж сайн үйлчилгээ үзүүлж буулгадаг. Гэтэл европчууд буучихаад үйлчлэгчийн талаар сэтгэгдлээ бичдэг юм билээ. Үүнийг нь ч мэддэггүй байсан юм. Тэгсэн төгсөлтийн үеэр компани дээр миний үйлчилгээ үзүүлж байсан бүх үйлдлийг зарлаад “Намуулан Лхагвасүрэн from Mongolia” гээд л шилдгээр тодорсныг минь зарласан. Группээс төгсч байсан 400 гаруй хүүхдээс хоёр хүнийг шилдгээр шалгаруулсан байсан. Баярлан тайзан дээр гараад бэлгээ авахад, энгэр дээр од зүүлгэсэн. Түүнийгээ зүүгээд суудалдаа суусан чинь дахин тайзан дээр дуудаж Монголоос анх удаа манай компанид ажиллан шилдгээр тодорлоо хэмээн баяр хүргэн дахин бэлэг гардуулсан. Үүний дараа дэлгэц дээр Монгол Улсын төрийн далбаа гарч, Төрийн дуулал эгшиглэсэн. Үнэхээр сайхан санагдаж, миний хувьд олимпийн аварга болж байгаа юм шиг л санагдаж билээ (инээв). Мэдээж олимпийн аваргатай харьцуулахад хийсэн зүйл гэж юу байх билээ дээ.

 

-Агаарт найман цаг ажиллах, энгийн бидний найман цаг ажиллах хоёрыг харьцуулахад ялгаатай байх нь дамжиггүй. Ажилдаа хэр дассан бэ?

-Үнэхээр их ялгаатай. Нислэг найман цаг байлаа гэхэд ажлаа эхлэхээс авахуулаад нислэг дуусан буудалдаа очих хүртэл 13 цаг болно. Нислэг хийж явахад суух зав гарахгүй. Эйрбус гэхэд нислэг бүр байнга дүүрэн хүнтэй байдаг. Энгийн зэрэглэлд 399 хүн, бизнес класст 76, дээд зэрэглэл гэхэд 14 хүн нийлээд 500-аад хүнтэй ниснэ. Ажлынхаа хажуугаар сууна гэсэн ойлголт байхгүй. Түүнчлэн агаарын даралт нөлөөлнө. Гэхдээ нислэг болгоны дараа унтаж амрах 2-3 цаг заавал өгдөг.

-Багадаа ер нь ямар хүүхэд байв. Сэтгүүлзүйн чиглэлээр сурч байсан болохоор сэтгүүлч болно гэж бодож байв уу?

-Би их нийгмийн идэвхитэй, урлагт хайртай хүүхэд байсан. “Монгень” цогцолбор сургуульд сурч байхдаа сургуулийн нээлт, хаалт, шинэ жил гээд сургуулиас зохион байгуулж буй бүхий л арга хэмжээнд идэвхитэй оролцдог, амжилт ч гаргадаг байсан. Тэгээд шүлэг их уншдаг, бичих гэж  оролддог байсан.Ингээд л сэтгүүлч болно гээд их сургуульд элсэн орж байлаа.

 -Онгоцны үйлчлэгчийн ажил залуу хүний ажил. Залуу хүний хувьд олон зорилгыг өмнөө тавин зүтгэж байгаа болов уу. Зорилгоосоо бидэнтэй  хуваалцаач?

-Онгоцны үйлчлэгч бол залуу хүний ажил учир би цаашид гурван жил ажиллана гэж төлөвлөж байгаа. Энэ компани маш том групп. Зөвхөн "Эмират эйрлайн" компани нь гэхэд 60 мянган ажилтантай. Тэгэхэд үүний цаана “Эмираци” групп нь дотроо гурав, дөрвөн охин компанитай. Биднийг хариуцдаг нэг менежерийн удирдлага дор гэхэд 200 онгоцны үйлчлэгч бий. Менежер нь хүн бүрт анхаарал хандуулах ёстой. Би өөрөө менежментээр төгссөн болохоор энэ том группийн ямар зохион байгуулалттай, ямар менежментээр ажилладгийг бага багаар судалж, харж, суралцаж байгаа. Сурч мэдсэнээ эх орондоо ирээд хэрэгжүүлнэ гэсэн бодолтой явдаг.

 

-Олон улсын авиа компанид ажилладаг хүн Монголынхоо авиа компануудтай харьцуулж хардаг байх?

-Шүүмжлэхээр зүйл байдаг л даа. Гэхдээ удахгүй мундаг сайхан болно байх гэж боддог.

 -Таны хувьд гэр бүл зохиоход ажлаасаа болоод хүндрэл учирдаг болов уу. Гэр бүл төлөвлөлтөө хэрхэн харж байна вэ?

-Гэр бүлийн хувьд төлөвлөсөн зүйл байхгүй. Юманд ам гарч болохгүй гэдэг. Заавал зорилгодоо хүрчихээд гэр бүлтэй болно гэж хүмүүс ярьдаг. Хайр сэтгэлтэйгээ учраад үнэхээр гэр бүл зохиохоо хүрвэл хамтдаа зорилгодоо хүрч яагаад болохгүй гэж. Тиймээс одоохондоо тэр  талаар бодоогүй байна. Хүнд зурсан зураг гэж бий. Түүгээрээ л болох байх даа.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(150.129.141.100) 2016-10-14 15:40:02
Мундаг юм а амжилт намуулангийн мейл фейсбуук эдр нь бга хун бну
g (112.72.13.134) 2013-11-30 21:36:37
сайхан эмэгтэй байна аз жаргал хүсье
sonor (84.244.21.17) 2013-11-06 14:54:16
Aztai geheesee iluu chadvartaibolovsroltoi uhaalag bvsgvi bn gej bodlooUneheer baharhah setgel turluuAjiliin amjilt huseye
oyunaa (124.158.109.223) 2013-09-03 09:09:50
ih uhaalag hicheengui shan busgui bna ajlil amidraliin undur amjilt husye
kihylkih (124.158.104.189) 2013-08-12 16:49:23
xvssenee xiidg zan chn taalagddg shvvamjilt
AMy (122.201.18.161) 2013-08-12 14:20:34
yamar goy yum be ih aztai bvsgvi yumaaa amjilt hvsie