Ц.Баясгалан: Би Жульетта биш гэдгээ мэддэг

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Ц.Баясгалантай ярилцлаа. Тэрбээр 1990-ээд оны дунд үед их сургууль төгсөж жүжигчин болсон юм билээ. Ганцхан телевизтэйн дээр жүжигчид реклам сурталчилгаа, клипэнд тоглож олны танил болно гэдэг ойлголт байгаагүй үед л тэр урлагт хөл тавьсан.


Залуу уран бүтээлч өөрийгөө таниулахыг хүссэн ч олон даваа, нугачаа түүнийг тоссон. Амар хялбарыг нь дагаж шоу бизнест хөл тавилгүй театрын жүжигчин болно гэсэн хүслээ өвөрлөсөөр тэр өдий хүрчээ. Харин сүүлийн жилүүдэд “Ану хатан”, “Эдит Пиаф” жүжигт тоглосноор нь Баясааг хүмүүс мэддэг болсон. Энэ жүжгүүдийг бүтээхэд ч тэр гол тугийг нь барьж явсан.

“Ану хатан” романыг олж уншаад, түүнийгээ Б.Баатар найруулагчид уламжлан, жүжиг болгон тайзнаа амилуулаад өөрөө гол дүрд нь тоглосныг уншигчид санаж буй биз ээ. Дараа нь “Гэгээн Муза” наадмын ганц хүний жүжгийн төрөлд “Эдит Пиаф” жүжгээр өрсөлдөхөөр шийдэж, Францаар дуулж өөрийгөө сорьсон. Ирэх хавар энэ жүжгээ Францад очиж тоглоно гэж байгаа. Саад болгоныг давж гараад баясгалантайгаар ирээдүй рүү тэмүүлж яваа энэ бүсг үй өнөөдрөөс эхлэн гурав хоногийн турш УДЭТ-ын тайзнаа “Эдит Пиаф” жүжгээ тоглох юм.


-Францын алдарт дуучин Эдит Пиафын тухай өгүүлсэн жүжгийг та тайзнаа амилуулж байна. Тэгвэл хэзээ нэгэн цагт Ц.Баясгалан жүжигчний тухай ийм бүтээл олны хүртээл болж болох юм гэж төсөөлж байв уу?

-Мэдээж гайхамшигтай уран бүтээл туурвисан, алдартай хүмүүс түүх болон үлддэг. Сайхан зураг зурж, симфони зохиож, зохиол туурвиж, шинжлэх ухааны гайхамшигт нээлт хийсэн хүмүүс ийн дурсагдана. Би яаж өөрийгөө тийм хүмүүстэй зүйрлэх билээ. Жүжигчин Баясгалан театрынхаа өдөр тутмын үйл ажиллагаанд оролцоод л явж байна. Хожим хүмүүс намайг яаж дурсахыг би мэдэхгүй шүү дээ. Хүмүүсийн зүрх сэтгэлд хүрсэн мартагдахааргүй уран бүтээл хийсэн хүмүүс л тэгж дурсагдах байх аа.

-Гэхдээ та энэ жүжигт яг л тэр дуучин шиг дурлаж, шаналж, дуулж байгаа. Тэгэхээр таны амьдралд ч гэсэн түүнтэй ижил зовлон, шаналал, баяр баясгалан бий биз дээ. Тийм болохоор л таны амьдрал хэрхэн дүрслэгдэх бол гэдгийг сонирхсон юм.

-Хэрэв эгэл жирийн жүжигчний тухай өгүүлэх, тэр нь миний дүрээр илрэх бүтээл байхаар бол төсөөлж болох л юм. Яг үнэндээ намайг уран бүтээл хийхэд хажуугаас тусалдаг хүн байдаггүй. Зарим эмэгтэй жүжигчний нөх өр нь бүх ажлыг нь зохицуулаад тэр хүн зөвхөн жүжиглэхдээ л анхаарч байгаа харагддаг. Харин би нөхөргүй. Мөнгө босгох, менежмент хийх гээд бүх ажлаа өөрөө л хариуцна. Мэдээж тусалж, дэмждэг олон сайхан найзууд бий. Тэднийхээ дэмжлэгтэйгээр олон ажлын ард гарсан. Тийм болохоор миний тухай өгүүлэх бүтээлд мятрашгүй зан төлөв их гарах байх. Унаж босоод л, бүтэж байсан ажил нь нэг өдөр бүтэхээ болиод л. Шинэ уран бүтээл хийснийхээ дараа янз бүрээр муулуулна. Зарим нь зохион байгуулалттайгаар миний уран бүтээлийг дарна. Ингээд бодохоор энэ бүхний ард гарах гэж шантралгүй тэмцэж, зүтгэсэн маань л бодогдож байна. Нөхөргүй ганц бие эмэгтэйн хувийн амьдрал ямар байх вэ. Үе үехэн сонирхолтой дурлалтай учирч таарна. Уран бүтээлд миний амьдралын адармаатай хэсэг л түлхүү орж таарна. Мэдээж анхны дүр, жүжигчин болсон, дуулж эхэлсэн, өөрийгөө таниулахын тулд ямар их цаг хугацаа зарцуулсан тухай өгүүлэх байх аа. Жижиг дүрд тоглож, түүнийгээ сайн хийхийн тулд хичээн судалж байсан нь ч багтах болов уу. Гэхдээ бид жижиг дүр дээр ажиллаа гээд муудахгүй л дээ. Театрынхаа олон сайхан жүжигчинг дэргэдээс нь харж, тэднээс суралцаж байгаа юм.

-Эмэгтэй хүн аливаа саад бэрхшээлийг давж, турьхан нуруундаа дэнд үү хүндэдсэн ачааг түүртэхгүй үүрдэг байгалийн чадвартай. Таны яриаг сонсохоор багагүй зовлон туулсан юм шиг санагдлаа.

-Би амьдралынхаа зовлонг зовлон гэж боддоггүй их сонин хүн. Хүүгээ жаахан байхад, нөхрөөсөө салчихсан. Бидний цалин ямар билээ. Ганцаараа хүүгээ тэжээх амаргүй. Гэсэн ч гэртээ, хувийн амьдралдаа тохиосон энэ бүхнийг зовлон гэж боддоггүй минь үргэлж миний талд байдаг ээжтэйгээ хамт байгаатай л холбоотой. Хүүгээ төрүүлснээс хойш ээж минь миний нөхөр, ар тал, бүх зүйл болж ирсэн. Ингээд бодохоор ээжийгээ өрөвдчихлөө. (Ийнхүү яриад түүний хоолой зангирч, нулимс нь мэлтэгнэсэн. Мэдээж хэцүү бүхнийг давах ганц ноён нуруу нь болсон ээжийгээ л гэсэндээ тэр) Ээжтэйгээ хоёулхнаа л амьдралын төлөө зүтгэдэг байжээ. Одоо ч гэсэн миний ээж өглөө бүхэн “Долоон банштай цай уувал ядаргаа тайлдаг юм” гээд намайг халуун хоол ундтай гаргадаг. Ийм хүн надад байдаг болохоор би хувийн амьдралынхаа зовлонд түүртдэггүй. Миний ар тал бат бөх. Мөнгөгүй байх үеэ ч би зовлон гэж боддоггүй. Ээж минь энх, хүү минь эрүүл байхад л жаргал шүү дээ. 70 настай гэхэд миний ээж их идэвхтэй амьдардаг. Хийн дасгал хийнэ. Тэр төрлөөрөө дүүргийнхээ тэмцээнд тэргүүлдэг. Харин би ажлынхаа төлөө л шаналдаг. Ямар ч сайн жүжигчинд шинэ дүр аваад түүнийхээ үрийг олж, ажиллах амаргүй. Больдог ч юм бил үү гэж шантрах үе байна. Нухчигдан, дарагдаж байсан үе ч надад бий. Манай Дэмидээ намайг “Мөн ч их дарагдаад босож ирсэн мятрашг үй хүүхэн шүү” гэж нэг удаа хэлсэн. Би олны өмнө гарч ирэх гэж олон жил тэмцэж, зүтгэсэн. Ингэсний хүчинд туршлага хуримтлуулж, тайзан дээр гараад үгээ яаж хэлэх, үзэгчдийг хэрхэн эзэмдэх вэ гэхчилэн суралцсаар ирсэн. Урлагт хайртай, эзэмшсэн мэргэжилдээ дуртай учраас би бөхөөгүй.


-Таныг урлагт дурлуулсан хүчин зүйл нь юу байсан юм бол?

-Намайг бүр жаахан байхад миний аав үлгэр ярьж өгөхдөө өөрөө үлгэрийн баатруудад хувирч үзүүлдэг байсан нь сэтгэлээс гардаггүй юм. Ингэж л би жүжигт дуртай болсон. Дараа нь ОРТ сувгаар шөнөжин балет, дуурь үздэг болсон. Увс аймгийн хүүхэд шүү дээ, би. Хөдөө хааяа л урлагийнхан ирнэ. Тэгсэн хэдий ч концертийг пиг дүүрэн үзэж, жүжгийг цөөн хүн үзнэ. Яагаад ийм сайхан зүйлийг хүмүүс үзэхгүй байгаа юм бол гэж их гайхдаг байж билээ. Урлаг руу тэмүүлсэн сэтгэлийг минь хэн ч хорьж дийлэхээргүй байсан л даа. СУИС-д орсноос хойш миний багш Ц.Гантөмөр урлагт бүр их дурлуулж, надад урам хайрласан. Миний хийснийг үнэлж “Чи бол чадалтай, маш их хол явах уран бүтээлч. Чиний хүмүүжил маш сайн” гэж хэлдэг байсан. Мөн тайзны ярианы Уртаа багш сургууль төгсдөг жил “Чи бол их хол явах оюутан. Одоогийн жүжигчдээр бодоход чи Сувдаагийн хэмжээнд очихоор жүжигчин болох ёстой шүү. Гэхдээ жаахан нэр алдарт хүрэхээрээ битгий сагаж дэврээрэй” гэж бүх оюутны өмнө хэлж байсныг нь хэзээ ч мартдаггүй.

Ардын жүжигчин Сувдаа эгч бол энэ хорвоогийн хамгийн сайхан бүсгүй. Би гаднах байдлаараа тэр хүний хаана ч хүрэхг үй. Мэдээж багш минь намайг мэргэжлийн ур чадварын хувьд тэр хүний энд хүрээсэй гэж л тэгж хэлсэн гэдгийг би мэднэ. Бас сургууль төгсөөд “Орчин үе” театрт ажиллаж байхад. ардын жүжигчин Б.Мөнхдорж найруулагч их урам өгч “Чи бол Цэвээнжав гуайн хойд залгамж халаа. Тэр хүн шиг характерны дүр хийх ёстой. Чи театрт ажилла” гэснээр би 1997 оны аравдугаар сард энэ театрт ирсэн. Манай театрын дарга байсан Зориг багш минь намайг Увс аймгаас сонгон шалгаруулж авчирсан хүний нэг. Тэр хүн бас “Баясаа чи зүгээр л “цэнхэр” дүрийн жүжигчин биш шүү” гэж хэлдэг байсан юм. Энэ бүхний хүчээр л би урлагт дурласан. Гэхдээ би хэзээ ч өөрийг өө Жульетта эсвэл өөр жүжгүүдийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн дүрээр төс өөлж байгаагүй. Би тийм энхрий ялдам царайтай биш шүү дээ.

-Таны хувьд бусадтай өрсөлдөх нь чухал уу, өөрийгөө ялан дийлэх нь чухал уу?

-Бусадтай өрсөлдөхгүй шүү дээ. Өөртэйгээ л өрсөлдөнө. Оногдсон дүрээ бүтээж чадаж байна уу, үгүй юу гэдгээр дүгнэнэ. Гантөмөр багш “Та нар эхний таван дүрийг бол өөртөө байгаа нөөцөөр босгочихно. Түүнээс цаашаа өөрийгөө “эвдэх” хэрэгтэй” гэж хэлдэг юм.

-Та багаасаа л дуулдаг байсан уу?

-Би дунд сургуульд байхаасаа л дуулдаг байсан ч дуучин болох тухай биш жүжигчин болно гэж мөрөөдд өг байсан. Оюутан байхад манай Батцэрэн багш намайг дуулаачийн ангид давхар сурч, төгс гэж зөвлөх өд нь бараг л миний замыг өөр тийш нь болгох гэлээ гэж бодоод “үгүй” гэж хариулж байлаа. Дуулах нь миний хообий. Уран бүтээл болгон ажиллаж дуулсан нь “Ану хатан” жүжгийн дуу. “Эдит Пиаф” жүжигт би долоон дуу дуулдаг. Дөрөв нь тухайн дууны нэг бадаг эсвэл дахилт байгаа бол гурван дууг төгөлдөр хууртай, бүтнээр нь дуулна. 


-Дуулах, жүжиглэхээс өөр авьяас өөрөөсөө олж нээв үү?

-Би шинэ авьяас нээх тухай ч бодоогүй юм байна. Харин ч чаддаг байснаа чадахгүй болсон байна. Би оюутан байхдаа пальто оёод өмсчихд өг байсан бол одоо өмдний шуумгаа ч өөрөө оёхгүй оёдолчин руу гүйдэг болсон. Харин авьяас биш ч гэсэн сүүлийн үед хүнд туслачих юмсан гэсэн сэтгэлтэй болчихоод байгаа. Амжилттай яваа нэгнийг хараад өмнөөс нь баярлаж, өвдөж зовсон хүнийг хурдан эдгээсэй гэж хүсэх болсон, магадг үй нас нэмээд тэр юм болов уу.

-Тэгвэл яг одоо хэн нэгэн таны санаанд багтамгүй их мөнгийг өгвөл юу хийх вэ?

-Уран бүтээлд л зарцуулна. Би өөрийнх өө амьдралд ийм зүйл бий болгоно, авчих юмсан гэж огт боддогг үй юм. Уран бүтээл л надад чухал. Одоо хэсэг зуур амсхийж хоёр янзын хөгжим тоглож сурах шаардлага байна. Уртын дууны шуранхай заалгах хэрэгтэй байгаа. Иймэрх үү авьяас надад байгаа үгүйг шалгамаар байна. Түүний дараа ахин шинэ уран бүтээл хийнэ.

-Та ч бас ард түмний сэтгэлд хоногшсон сайхан дүрийг хэзээ нэгэн цагт бүтээнэ гэж боддог байх. Ямар дүр байх бол оо?

-Уртаа багшийн хэлсэн үг нөлөөлс өн болоод ч тэр үү би “Ану хатан” жүжгээрээ овоглодог болно гэж тухайн үед зорьж байсан. Жүжигтээ тоглосон. Дараа нь кинондоо тоглохоор эхний байдлаар санхүүжилтээ олоод явж байсан. Дараа нь дүрээсээ цуцлагдаж “Би кинондоо тоглож чадсангүй дээ” гэж шаналж байлаа. Нуугаад яах билээ. Гэхдээ одоо бол энэ бүхнийг мартсан. Харин ч өөрийгөө сорих түүнээс ч илүү бүтээл хийх болно гэсэн итгэлтэй байгаа.

-Танай хүү их том болсон байна билээ. Ээжийнхээ уран бүтээлийг хэрхэн үнэлж, дүгнэдэг вэ?

-Миний хүү арванхоёрдугаар сард 17 нас хүрнэ. Оюутан болоод ШУТИС- ийн барилгын инженерийн ангид сурч байгаа. Миний хүү ээжийгээ шүүмжлэлтэй талаас нь харж дүгнэдэг. “Үс, нүүр, царайгаа тэгчихгүй яасан юм бэ” гэх мэтээр ээждээ зөвлөгөө өгдөг юм.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
bi (103.26.194.55) 2013-11-13 00:56:25
ene hun hend tegtlee daragdaj nuhluulj bsii Bol mededeg hun bval helwevh kkk