Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй шүү бүсгүйчүүдээ!

Энэ жилийн хувьд "Өгөх өдөр" ТББ-тай олон байгууллага хамтран ажиллаж байгаа бөгөөд тэд хүүхэд багачуудын дунд уралдаан зарлаж мөн Э.Алтангэрэл хүүд туслахаас гадна Батсүмбэрийн асрамжийн газрын ахмадуудыг ор хөнжлийн шинэ даавуутай болгох зэрэг олон ажлыг төлөвлөн ажиллаж байна.
Мөн энэ өдөр тэд өнгөрсөн жилийн өгөх өдрөөр АНУ-ын нэрт зохиолч Шел Силверстайны “Өглөгч Мод” номыг нийслэл болон хөдөө орон нутгийн сургуулиудад үнэгүй тараасан бөгөөд тэр номыг уншаад төрсөн сэтгэгдлээ өөрийнхөөрөө тайлбарлах зургаар илэрхийлэх зохион бичлэг болон гар зургийн уралдааныг зарлаж байсан. Тэгвэл уралдааны ялагч өнөөдөр буюу "Үндэсний өгөх өдөр" шагналаа гардан авна. Түүнчлэн энэ өдөрт нэгдсэн Хамтын халуун сэтгэл нэгдлээс Батсүмбэрийн асрамжын газрын бүх ахмадуудад ор хөнжлийн даавуу дэрний уутыг иж бүрнээр нь солих аяныг фейсбүүк цахим хуудсаар өрнүүлээд байгаа юм.
Харин энэ оны хоёрдугаар сард Дорноговь аймгийн Ихэд суманд гэртэйгээ шатаж түлэгдсэн Э.Алтангэрэл хүүд туслах хандивын аяныг "Үндэсний өгөх өдөр"-ийг тохиолдуулан дахин явуулахаар болжээ. Учир нь түүнийг Солонгос руу эмчилгээнд явуулахад хөрөнгө мөнгө дутуу байгаа аж. Өнгөрсөн хугацаанд түүний эмчилгээнд зориулж хандивын тоглолт хийсэн боловч эмчилгээний зардал 15 сая төгрөгнөөс дөрөв орчим сая төгрөг л цуглажээ. Ийнхүү түүнд тусалж буй Оюунлаг нийгмийн залуус ТББ-ын залуус Үндэсний өгөх өдөрт нэгдэн түүнд дахин хандив цуглуулж байгаа ажээ.
“Үндэсний өгөх өдөр”-ийн гурван жилийн ойн баярын мэнд хүргэе. Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй шүү бүсгүйчүүдээ!




