Сэтгүүлч Г.Билгүүн “Face of beauty international 2013” миссийн тэмцээнд онцгойрч чадлаа

Энэ сарын 3-наас 13-ны өдрүүдэд Тайланд улсын нийслэл Бангкок хотноо “Face of beauty international 2013” олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.



Монгол улсын хувьд энэ жил анх удаа халхын хацар гоо охиноо илгээхээр онлайн сонгон шалгаруулалтыг албан ёсны лиценз эзэмшигч “Эн Си Би Эм” компаниас явуулж, 40 гаруй оролцогчдын материалыг Шинэ Зеланд улс дахь төв рүү илгээжээ. Харин уг шалгуурт сэтгүүлч Г.Билгүүн шалгаран ”Face of beauty international” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон юм.



Энэ төрлийн уралдаануудаас цар хүрээ, чансаагаараа дээгүүрт бичигддэг тус тэмцээн ялагчдаа 30 мянган ам.долларын бэлэн мөнгө, бүтэн нэг жилийн хугацаанд Шинэ Зеланд улсад амьдарч, томоохон брендүүдийн нүүр царай болон ажиллах шагналыг олгодог аж. Олон нийтийн анхаарлыг хэсэг хугацаанд татсан шалгаруулалтын төгсгөлд тэргүүн байрын эзнээр Тонга, хоёрдугаар байранд Бангладеш, гуравдугаарт БНХАУ, удаах байруудад Тайланд, Намибийн гоо бүсгүйчүүд орсон талаар бид мэдээллэж байсан билээ.



Харин Монгол улсаа төлөөлөн орлцсон мисс /сэтгүүлч/ Г.Билгүүн финалын шилдэг 15, “Спортлог мисс”, “Шилдэг үндэсний хувцастай мисс”, “Нөхөрсөг мисс” номинацуудын тэргүүн байр, түүнчлэн  “Авъяаслаг мисс” номинацид аягатай бүсгүй бүжгээрээ гуравдугаар байранд тус тус орж өндөр амжилт үзүүлж эх орныхоо нэрийг өндөрт мандуулаад ирлээ.









Түүнчлэн шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр зөвхөн Монгол улсын мисс Г.Билгүүнд дэлхийд чансаагаараа дөрөвдүгээр бичигддэг “Miss Supranational 2014” тэмцээнд оролцож, 100 гаруй орны бүсгүйчүүддээ өрсөлдөх урилгыг гардуулжээ.




Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулаад ирсэн Ийгл телевизийн хөтлөгч, редактор Г.Билгүүндээ уншигч бүсгүйчүүдийнхээ өмнөөс “Miss Supranational 2014” тэмцээнд нь амжилт хүсэе.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin (103.26.194.71) 2013-11-21 15:02:38
za sn bn dahin dahin amjilt gargahiig hvsen erooe