Хүүхдээ дүүтэй болоход нь сэтгэлзүйг нь хэрхэн бэлтгэх вэ?

Хүүхдээ төрөх гэж буй дүүд нь бэлтгэлтэй байлгаж, хүүхдүүд хоорондын таагүй сөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх нь эцэг эхчүүдээс шалтгаална…

Эцэг эхээ өөр хэн нэгэнтэй хуваалцана гэдэг нь 0-3 насны хүүхдийн хувьд хэзээ ч хүлээн зөвшөөрөхөөргүй хүнд асуудал юм. Иймээс дүүтэй болно гэдэг нь ихэнх хүүхдийн хувьд гутрал, атаархах сэтгэлийн үүд хаалгыг нээдэг.



Айл гэр бүлд шинэ хүн төрж, ам бүлийн тоо нэмэгдэх нь эцэг эхчүүдийн хувьд хамгийн том аз жаргалын нэг байдаг. Гэвч түрүүчийн хүүхдийн хувьд энэ байдал нь шал утгагүй, хар дарсан зүүд шиг л санагддаг. Учир нь түүний хувьд “дүү”-тэй болно гэдэг ээж аав, тоглоом, хүүхдийн өрөө гээд өөрийн гэсэн бүхнээ хуваалцах гэсэн үг юм. Тэр ч бүү хэл ялангуяа 0-3 насны хүүхэд дүүтэй болоход бусад хүмүүс түүнийг хуучин шигээ хайрлахгүй, мартчихаж хэмээн бодсоор сэтгэлзүйн гүн хямралд орох нь ч бий. Тэгвэл энэ бүх сөрөг үзэгдлээс урьдчилан сэргийлэх, дүүтэйгээ атаархлын мананд тэмцэлдэхээс хамгаалах тийм ч хэцүү биш юм. Одоо та энэ талаар мэргэжлийн хүмүүсийн тоймлон хүргэж буй зөвлөгөөг нэг уншаад үзээрэй.



“Хүүхдээ дүүтэй болоход жирэмсэн байхаасаа сэтгэлзүйг нь бэлтгэж эхлэх хэрэгтэй”

• 0-3 насны хүүхэд аливаа зүйлийг хийсвэрлэн бодож чадваргүй учраас дүүтэй болно гэхээр төдийлөн бодит зүйлийг төсөөлж мэдэхгүй. Иймээс жирэмсэн байхдаа түүнд гэдсээ илүүлж, аль болох түүний ойлгох хэлээр дүүтэй болох гэж буйг нь ухамсарлуулах нь чухал. Дүү нь төрөхдөө хэр өчүүхэн байхаас эхлээд түүнд юу юу хэрэгцээтэй болох талаар түүнтэй ярилцаж болно. “Сүү ууна, живхийг нь солино, чи ч гэсэн ээждээ туслаад дүүгийнхээ юмыг нь дөхүүлж өгнө шүү” эсвэл “Хүүхдийн өрөөний ханыг ямар өнгөтэй болгохыг чи шийд” гэх зэргээр түүнд үүрэг хариуцлага оноох хэрэгтэй. Шинээр дүүтэй болох гэж байгааг нь их сайхнаар төсөөлүүлэх хэрэгтэй. “Та 2 хамтдаа тоглоно, чи ганцаардахгүй” гэх мэтээр ярилцвал тустай.

• Дөнгөж төрсөн хүүхдээ эмнэлгээс гаргахдаа хүүхдээ хамт авч явах нь маш чухал. Гэхдээ түрүүчийн хүүхдийг анхаарлын гадуур огт орхиж болохгүй. Хүүхэд өөрөө гологдсон сэтгэлгээнд автаж болзошгүй.

• Хоёр хүүхдийн хоорондох насны зөрүү 3-аас бага болохоор эхийн хайрыг хамтдаа хуваалцаж байгаа учир сөргөлдөөн маш ихээр гардаг. Харин 5-7 насны зөрүүтэй үед ээж нь илүү амар байдаг. Учир нь түрүүчийн хүүхэд өсөж том болоод тодорхой хэмжээгээр биеэ даасан байдаг. Гэвч ийм тохиолдолд хүүхдүүдийн хооронд үеийн ялгаа их гарна. Том нь багийгаа дээрэлхэнэ. Иймээс хүүхдүүд хоорондох насны зөрүү 3-5 жил байх нь хамгийн тохиромжтой гэж үздэг.

“Хүүхдийнхээ тоглоомыг зөвшөөрөлгүйгээр дүүд нь битгий өг”

Дүүдээ атаархах хэмжээ нь хүүхэд бүрийн хувьд өөр өөр байдаг. Дүү нь төрсний дараа зарим хүүхэд ээжээсээ холддог. Ийм хүүхэд сэтгэлийн хөдлөлөө дотроо нууж, унтах, хоол идэх тал дээр дуршилгүй болж, хэт их ууртай болох үзэгдэл ажиглагддаг. Дороо шээх, хуруугаа хөхөх, нялхрах, уйлагнах үзэгдлүүд ч ажиглагдана. Хэлсэн зүйлийг хийх дургүй байх, ээжийгээ хянаж, өөрт нь хэр хайртайг сорих зэргийн үйлдлүүдийг ч гаргаж мэднэ.

• Ээж аавууд дүүг нь байхгүй үед /оролцуулалгүйгээр/ түүнтэй ганцаарчлан өнгөрүүлэх цаг зав төлөвлөх хэрэгтэй. Хэдий дүү нь ч гэлээ, хүүхэд бүр өөрийн гэсэн тогтсон зан араншин, хувь хүний онцлог гэж байдаг. Иймд өөрчлөлтүүдийг хүндэтгэн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

• Шинэ дүү ирэхэд түүнд ах/эгчийнх нь зөвшөөрөлгүйгээр эд зүйлс, тоглоомыг нь бүү өг.

• 0-3 насны хүүхэд нярай хүүхдийг амьтай, түүнийг гэмтээж болохгүй гэдгийг мэдэхгүй, ер нь л өөрөөс нь бусад анхаарал татаж буй зүйлсэд дургүй байдаг. Цаг хугацааны явцад эцэг эхийнхээ хандлагыг дагаад эерэг, сөрөг хандлагатай болж эхэлдэг. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ холбогдолтой бүх үүргээ хувааж, хуваарилсан байх хэрэгтэй. Ээж нь хүүхдээ хөхүүлж байхад аав нь том хүүхдийнхээ хувцсыг сольж байх жишээтэй.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(203.91.118.70) 2014-01-06 14:26:14
56 nastai hvvhded setgel zvid ni iim zorchil garahgvi yu te