СТА Г. Бямбажаргал ”Уртын дуу дуулах анхны алхам бүүвэйн дуу”

Энэ сарын 24-нд "Дөрвөн цагийн тал" уран бүтээлийн цэнгүүнээ хийх гэж буй Түмэн-Эх чуулгын гоцлол дуучин СТА   Г. Бямбажаргалыг ярилцлага булангийнхаа зочноор урилаа. Тэрээр бага наснаасаа эхлэн дуу хөгжмийг амьдралаа болгосон бөгөөд сонгосон мэргэжилээ хүртэл солин уртын дуучин болсон нь энэ. Ингээд уянгалаг сайхан хоолойтой уртын дуучин бүсгүйтэй хийсэн ярилцлагыг та бүхэндээ хүргэе!

Сайн байна уу? Танд шинэ оны мэнд хүргэе!


Баярлалаа. Чамд ч гэсэн шинэ оны мэнд хүргэе мөн эрхэм уншигч эмэгтэйчүүдийнхээ энэ өдрийн амрыг эрье. Сайхан өвөлжицгөөж байна уу?


Юуны өмнө хоёр дахь уран бүтээлийн цэнгүүнээ хийх гэж байгаад тань баяр хүргэе! Сүүлд гаргасан хос DVD, CD-ний тань тухай яриагаа эхлэе!

Эмэгтэй хүн гэдэг гэр бүлийн бахархал, гол түшиг байдаг. Гэрийнхээ ажлаас гадна өөрийн хийх дуртай зүйлээ хийж, түүгээрээ өсөн дэвжих нь бидний бас нэгэн бахархал юм. Түүний адилаар дуулах урлагт шимтэн орсон нь миний хүсэл мөрөөдлийн минь нэг хэсэг. Он гарснаас хойш би уран бүтээлийн хос DVD, хос CD  гаргалаа. Хос дууны CD-нд Монгол улсын морин хуурын чуулгатай хамтран бичүүлсэн монгол ардын 13 дуу, Монгол ардын уртын болон айзам дуу тус бүр долоо орсон.  Хос DVD-нд  "Түмэн-Эх" чуулгын дуучин болсноосоо хойш хийсэн уран бүтээлийн цоморлиг дээжисүүд маань бүгд багтсан.  Ардын дуугаараа бахархдаг, хайрладаг хүн бүртээ зориулан дээрх бүтээлүүдийг гаргалаа.


Энэхүү тоглолтын онцлог нь юу вэ?

Энэ тоглолт миний бие даасан хоёр дахь тоглолт.  2006 онд Монгол улс Байгуулагдсаны 800 жилийн ойд зориулж "Дөрвөд далай нутаг мину зэ" хэмээх анхны бие даасан тоглолтоо хийж байсан.
Найман жилийн дараа хоёр дахь тоглолтоо хийж байна. Энэ хоёрын дундуур бусад уран бүтээлчидтэй хамтарсан тоглолтуудад нилээдгүй оролцсон. Увсын есөн бүсгүйтэй хамтран "Боодогтой сэвгэр" , Ардын дууны дөрвөн бүсгүйтэй хамтран "Тэгш таван хүсэл" уран бүтээлийн тоглолт, мөн "Түмэн Эх" чуулгын шударга хөгжимчин Чулуунцэцэгтэй хамтран "Хүрээ хүүхнүүд" цэнгүүнээ хийж байлаа.

Та хүүхэд ахуй цагаасаа дуулдаг байв уу?

Хүүхэд байхдаа би ардын дууг өөрийнхөөрөө хөөрхөн дуулчихдаг байсан. Арван жилийн дуу хөгжмийн багш Чингис, Биологийн багш Чулуунжав гээд гэр бүлийн хоёр багш маань Увс аймгийн Улаангом сумын арван жилийн хүүхдүүдийн дунд урлагийн чуулга байгуулж байсан.  Байгуулагдсан чуулга нь Улаанбаатар хотод ирж тоглоод, хүүхдийн найрамдал зусланд амарч, уралдаан тэмцээнд амжилттай оролцож байсан юм. Хүүхэд байхдаа л багш нарынхаа зөвлөснөөр дуулж хуурдаж сурсан. Угтаа би аравдугаар ангиа төгсөөд түүх пионерийн багшийн ангийг авсан юм.  Тэрийгээ голж, би урлагийн хүн, дуучин болно гэж зөрүүдлэн тэр жилдээ сургуульд явалгүй, ирэх жил нь оюутан болсон.
Яг дуулаачийн ангид ороод оперийн ангид орсон. Гэтэл энэ анги надаас их хол санагдаж байсан . Би хөдөө өссөн хүүхэд учраас надад ардын дуу л илүү ойр санагддаг байсан. Тэгээд багшаасаа би энэ ангид сурч чадахгүй юм байна. Ардын дууны ангид оръё гэж гуйгаад Норовоо багшийн ангид орж байсан. Норовбанзад багш дээр гурван жил сурч, МУ-ын Гавъяат багш Дэлгэрийн удирлаган дор гурван жил суралцсан.

Уртын дууны мэргэжлийн болон мэргэжлийн бус уран бүтээлчдийн дунд уралдаан тэмцээн нилээдгүй болж байгаа харагддаг. Та ямар тэмцээнүүдэд оролцож, хэрхэн амжилт үзүүлж байв?

Залуу уртын дуучдын улсын уралдаан гурван жилдээ нэг зохион байгуулагддаг. 1997 онд зохион байгуулагдсан тэмцээнээс би гуравдугаар байрын шагнал авч байсан. Өнгөрсөн жил наймдугаар сард болсон морины тухай айзам уртын дууны мэргэжлийн дуучдын уралдаанд хоёрдугаар байр эзэлж байлаа. Ардын жүжигчин Цогзолмаа гуайн нэрэмжит ардын дууны улсын уралдааны гуравдугаар байрын шагналт, МУГЖ Надмид гуайн нэрэмжит Дархад дууны уралдааны тэргүүн байрын шагнал гэх мэт нилээдгүй тэмцээн уралдаанд амжилттай оролцож байсан.




Уртын дуучид ихэвчлэн хөдөө нутгаас төрдөг. Бас тэнд өссөн хүүхдүүд хотын хүүхдүүдээс илүү мэдрэмтгий, чадалтай хоолойтой байдаг гэж ярьдаг. Энэ тал дээр таны бодол ямар байдаг вэ?

Магадгүй хөдөө нутагт төрсөн хүүхэд илүү мэдрэмтгий байдаг байх. Мал хариулаад, тал нутаг, цэвэр агаарт дуулаад явах ч сайхан шүү. Гэхдээ би малчин айлын хүүхэд биш энгийн багш айлын хүүхэд. Гэхдээ л надад хөдөө нутаг минь ,агаар ус нь илүү ойрхон, тэднийгээ бодоод дуулахаар илүү сайхан санагддаг. Эдгээр зүйлүүд нь ч эргээд миний дуулах чадварт их нөлөөлдөг байх.

Уртын дууг дуулж сурах эхний алхам нь юу вэ? Энгийн хүн дуулахад их хэцүү юм шиг ээ...

Хүүхэд гаргасан эмэгтэй хүн бүр бүүвэйн дуу аялдаг. Энэ дуу л уртын дууны эхлэл байгаа юм. Намуухнаар бүүвэйн дуу аялдаг шиг уртын дуугаа сонсоод, дотроо аялаад л байвал уртын дуу дуулах анхны алхам болж өгнө.



Ярилцсанд баярлалаа. Удахгүй болох тоглолтонд тань амжилт хүсье!

Та бүхэнд ч гэсэн их баярлалаа. Мөн удахгүй болох сар шинийн баярын мэндийг нийт уншигч олондоо хүргэе! Бүгдээрээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан, сар шинэдээ сайхан шинэлээрэй.









Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.