”Эмэгтэйчүүд үгээ дайя” уриатай стикер аялал зохиогдсон байна

Ингэхдээ төр түшилцэж яваа эмэгтэй гишүүдийн хөргийг хүн ам олноор төвлөрсөн Нэгдүгээр эмнэлэг, Нарантуул худалдааны төв, Долоон буудал, ЭХЭМҮТ зэрэг 10 орчим цэгүүдэд аялуулж, эгэл жирийн эмэгтэйчүүдэд өөрсдийн тулгамдсан асуудлууд, санал бодлоо стикер дээр бичин түүнийг нь шийдэж чадна хэмээн итгэж, үнэлдэг гишүүдийнхээ хөрөг дээр наах замаар дуу хоолойгоо илэрхийлэх боломж олгожээ.
Манай улсын нийт хүн амын 51 хувь нь эмэгтэйчүүд эзэлдэг. Тэгвэл энэ бүхний ард үр хүүхэд ар гэр, ажил төрөл гээд асар том хариуцлага, ачаа бий. Тиймээс энэ бүхнийг төрд суудалтай эмэгтэй гишүүдэд сонордуулах зорилгоор энэхүү үйл ажиллагааг тэд санаачилсан байна.
Мөн хамгийн олон санал, асуудал цугласан байдлаар нь эрэмбэлэхэд хамгийн олон санал хүсэлт авсан гишүүнээр УИХ-ын гишүүн Г.Уянга, Д.Оюунхорол, Г.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл нар багтжээ. Нийт гишүүдэд хандсан санал асуудлуудаас хамгийн олон давтагдсан буюу тулгамдсан асуудлуудад Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн асуудал, Шинэ төрөх эмнэлэг байгуулах, Ажлын байраар хангах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хувийн эмнэлэгүүдийн чанар стандарт үйлчилгээ, Архины хууль гаргах зэрэг саналууд эрэмбэлэгджээ. Энэ бүх асуудлыг цахим орчинд үргэлжлүүлж, үр дүнг нь хэлэлцэж ангилан олон нийтэд танилцуулах, төрийн түшээдэд хүргэх, шийдвэрлүүлэхээр ажиллах гэнэ.






