Хүннү эйртэй 10 хоногт 4 улсаар аялалын тэмдэглэл №7

Вьентянаас Ханойруу хүрэх зам
---------------------------------------------
Энэ нээрээ сонин шүү Вьентян гэдэг нь Вьетнамын нийслэл байхаар байгаа биз. Гэтэл Лаосын нийслэл байх жишээний. Уг нь бол Вьетнамын нийслэл Вьентян гэчүүл амар баймааршд ха ха ха.
Бидний аялалын хамгийн урт хамгийн их ядарсан замын нэг бол энэ аялал байлаа. Лаосд сурч байгаа оюутан дүү нараараа туслуулаад тэдний оюутны байрнаас ойрхоон байдаг нэгэн авто вокзалаас хүний 240,000 кип буюу 30 доллараар унтлагын автобусанд билет авлаа.
Өмнө нь гайхалтай тансаг автобусаар явж хорвоог яг тийм сайхан гэж бодож байсан бидний хувьд лидринэн бүрээстэй нэг нэг одъяал тавьсан өндөр түшлэг нь шууд арагшаа налдаг энэ автобус тийм ч сайхан санагдсангүй.
Гэвч үүргэвчтэй аялагчдын ганц зарчим болох “хямд” гэдэгт таарч байгаа тул 24 цаг явах энэ хүлэгтээ мориллоо мориллоо.
Хүний урманд нэг ч өөр улсын иргэн байхгүй дан Вьетнамчуудын дунд явлаа даа. Өнөөдүүл маань Англи хэл байхгүй бид хоёрт Вьетнам хэл байхгүй тул нэг юм ярилцах гэж дохиж зангаж, гайхаж, хуруу гараараа дүрсэлж, инээс гээд л яриа дуусаа.
Лаосаас хөдлөхдөө идэж, уух зүйлсээ. Ялангуяа идэх зүйлсээ сайн авах хэрэгтэй шүү. Замын гуанзнуудад бараг л хоол идэх хэрэггүй. Бид хоёр Вьетнамруу орсон хойноо өлсөхийн эрхэнд нэг газар зогсоход нь алдарт Фо шөлөө идсэн. Үнэндээ жаахан ахуй нь бохир тул сэжгийг дарах үүднээс Man гэдэг нутгийн цагаан архинаас нэг шилийг уучихаж байгаа юм. Халуун оронд хоолны өмнө, хойно нэг нэг зуу татах бол ерөнхийдөө ариутгал, нян устгалын чанартай болно. Ккк
Мөн нэг анхаарах зүйл нь суух гэж байгаа сайн шалгаж байх хэрэгтэй. Манай нэг суудал жаахан хойшлоод ирхээрээ түгжээ нь ббарихаа болиод арын хүний хөлийг дарж бухимдуулж байсан нь их тойвтой. Сүүлд нь хойно нь цэвэр усны сав хавчуулж аргалж байж нэг юм хүрэх газраа хүрсэн.
Орой 7 цагаас хөдөлсөн автобус Лаосын хэд хэдэн хот тосгоныг дамжаад шөнө Нампао хилийн боомт дээр очоод өглөө онгойх хүртэл нь 3-4 цаг зогсдог юм билээ. Ухаандаа эртхэн очиж очерловол эрт гарна. Яг манай Замын-Үүдийнхэн чихэлддэг шиг бас тэгж чихэлддэг газар ккк.
Шөнийн урт замыг унтаж амран Вьетнам улсаар аялах хүч сэлбэхийг хүссэн боловч өнөөх гайтай сандал, тав тух муутай сандалнаас болоод нэг хэсэг хөрвөөв. Эцсийн арга болох Ванг Вейнгээс найз нартаа өгөхөөр авсан вискинээсээ дориухан хүртсэний эцэст нам унтжээ.
Өглөө сэрсэн сайхан амарчихсан байна. Гадаа бороо орж байгаа бололтой жихүүн хүйтэн бас цонх хөлөрсөн байна. Энэ цонх нэг муу хар тэнетэй бас хиртэй байснаас болоод замд авсан зурагнууд жаахан муу гарсан тул уучлаарай.
Бууж алахлаа хилийн боомт дээр ирчихсэн баахан автобус, ачааны машинууд жагсаад зогсчихсон байна. Хүмүүс яваад байгаа чиглэлрүү очлоо. Жижигхэн хэдэн байшин байна. Арай цэвэрхэн хэсэгт нь Гайлийн оффис, ажилчдын байр байдаг бололтой. Харин гадаах крантнаас нь хүмүүс нүүр гар, шүдээ угааж байгаа нэг жижигхэн байшинд хоолны газар ажиллаж байна.
Асар урт оочиртой нэг байшин байна. Тэнд л хүмүүс шалганы нэвтрэх тамга даруулж байгаа бололтой. Би ч хэлгүй тэнэг хүний дүр гаргаад Соорий Соорий гээд урдуур нь зүтгэсээр орж явчихлаа. Тийм байнаа хүний 20, 000 кип төлөөд гарах штамп даруулах цонх бүр дээр автобус автобус хүний паспорттой нөхөд зогсож байна. Би ч Замын Үүд дээр алалцаж явсны хувьд мөчөөгөө өгөлгүй хоёр паспортон завсраа 40.0 кип хийгээд зүтгэлээ. Тэгсэн харин гаалийн байцаагч нь хоёрхон паспорттой болохоор тэгсэн үү? гадаадын арай царайлаг цагаан хүн болохоор тэгсэн үү? шууд эхэлж аваад дараад өгчихлөө.
Тэгээд хоёулаа шүд амаа нийтийн жишгээр гадаа сууж байгаад угаачихаад ачаагаа үлдээгээд явганаар Лаосын хилийг давлаа.
Гадаа бороо ороогүй юм билээ. Зүгээр л бид өндөр уулын оройд байдаг боомт дээр ирсэн тул үүлэн дунд байгаа учир нил манан, чийг байлаа. Дайн тулаантай байсан айлууд албаар ингэж хамгийн бэрх газар хил дамжсан замаа тавьсан байх гэсэн таамаг л төрж байлаа.
Лаосын хилээс Вьетнамын хил хүртэл ойролцоогоор 1 км газар алхах ёстой юм байна. Улаан шавхай эргэлдсэн замаар харанхуй мананруу чиглэн алхаж байхдаа одоо манай нутагт цас орж байгаадаа гэж бодоход сонин л санагдаж байсан даа.
Ашгүй бид хоёрыг алхаж холдоогүй байхад манай автобус гарч ирээд биднийг авлаа. Тэгээгүй бол шавхайн дундуур хөөрхөн явах байжээ.
Вьетнамын хил ч гэсэн автобусны билет авч байгаа юм шиг нэг цонхоор паспортоо өгөөд хүний 5 доллар төлөөд л болчихож байгаа юм. Тэгэхдээ тэнд та бүх ачаагаа автобуснаас авч шалганы рентгэнд харуулаад буцааж хийх ёстой. Энэ жаахан гайг эс тооцвол өглөөөний гимнаастик сайхан болоод Вьетнам улсруу ороод явчихлаа.
Уулын олон эргэлттэй хоёр талдаа эгц эрэгтэй, олон олон уулын гол дээгүүр гарсан гүүртэй замаар айдас хүрэм хурдтай бараг л 30 минут уруудсаны эцэст бид үүлнээс гарч манан жаахан сийрэгжлээ.
Та Вьетнамд явж байна шүү гэдгийг илэрхийлсэн шар таван хошуутай улаан тугс хаа сайгүй харагдана. Жижиг тосгон, энгийн ард иргэдийн жижиг, намхан байшингууд олширсоор эхний жижиг хотруу орж хоол идэв. Идсэн тухай дээр өгүүлсэн тул илгасая.
Замын туршид та энгийн модон анжисаа одос үхрэндээ хөллөөд цагаан будааны газраа хаглаж байгаа, цагаан будааны талбайдаа өвдөгцөө усан дотор ажиллаж байгаа энгийн Вьетнам иргэдийг харах болно.
Хөгжиж байгаа орнуудын нэгэн адил хаа сайгүй л зам засварын ажил явагдаж байлаа.
Хэд хэдэн том хот, жижиг тосгон дамжин давхисаар ашгүй нэг хурдны замд орсноор эртний түүхт Ханой хотд ирлээ.
Монголын элчин сайдын яамны консул Цолмон найз өгөөмөр сэтгэл гарган бид хоёрыг гэртээ байлгах болсон тул замдаа буун такси барин Ганзоригийнх гэдэг Монгол айлд тухлаж авлаа.
Хаа газрын таксины жолооч нар сүрхий хүмүүс байдаг болохоор бас ч бага биш мөнгө илүү авсныг нь хожим мэдсэн л дээ. Тэгэхдээ ийм юм байх шүү дээ ккк.
За ингэж л урт удаан, хэлгүй дүлий мэт, элдэв үнэр, амт холилдсон 24 цагийн аялал дамжин байж Вьетнам орсон доо. Та бол шууд ниссэн ч болно. Надад бол газраар, хямд явах таалагддаг тул энийг сонгосон болно.
Дараагийн дугаарт түүхт Ханой хотоор аялсан тэмдэглэлийг сонирхуулна.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг зурагнаас үзээрэй.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.