Ник Вуйчич: Би бол бурхны хүслийг биелүүлэгч


Ник Вуйчич дэлхийн хамгийн сайхан, хүчтэй хүмүүсийн тоонд зүй ёсоор ордог. Тэрбээр 1982 оны арванхоёрдугаар сарын 4-нд Австралийн Мелбурн хотод төржээ. Гэхдээ жирийн хүнээс тэс өөр гар, хөлгүй хүү энэ хорвоод мэндэлжээ. Түүний аавыг Адам Вуйчич, ээжийг нь Лиза гэдэг. Түүнийг төрсөн өдөр аав, ээж хоёрынх нь хувьд хар дарсан зүүд байсан. Дөрвөн мөчгүй төрсөн хүүгийн ээж эх баригч мэргэжилтэй. Олон арван эх, хүүхдийн төлөө ажилладаг хүн юм.

Тэрээр жирэмсэн болсноо мэдсэнээс хойш анхны хүүхдээ эрүүл саруул төрүүлэхийн тулд хоол хүнсэндээ анхаарал хандуулж, эм болон согтууруулах ундааг огт хэрэглээгүй аж. Мөн байнга эмчийн үзлэгт орж байсан бөгөөд эмч нар “Эрүүл саруул хүүхэд төрнө” гэж баталж байсан гэдэг. Гэвч гар, хөлгүй төрсөн хүүгээ анх хараад цочирдож “Харахыг хүсэхгүй байна. Түүнийг надаас холдуул” гэж хэлж байснаа санаад одоо их харамсдаг хэмээн Никийн ээж ярьсан байдаг. Ник яагаад гар, хөлгүй тахир дутуу төрснийг хэн ч тайлбарлаж чадаагүй юм.



Харин Ник бага байхаасаа л “Бурхан намайг ингэж бүтээсэн нь ямар нэгэн зорилготой” гэж боддог байжээ. “Би ийм төрсөн нь бурхны зурсан зураг. Хүмүүс намайг хараад амьдралын эрч хүч, амьдрах итгэлийг мэдрэх ёстой. Хүн бүр бурхныг төлөвлөгөөг биелүүлэгч. Харин би тэр хүмүүст гэрэлт ирээдүйн итгэлийг хайрласан нэгэн төлөвлөгөө нь юм” гэж Ник хэлжээ. Никийг өсөж том болох үед эцэг, эх нь ганцхан зүйлд санаа зовдог байжээ. Хүү нь жирийн хүн шиг аз жаргалтай амьдарч чадах болов уу, гэж. Тухайн үедээ зөвхөн Австралид төдийгүй дэлхийд танигдах, онцгой нэгэн болохыг нь аав, ээж нь тааварлаж байгаагүй гэдэг.



Никийг жирийн хүүхдүүдийн сургуульд сурахад түүний аав ээж нь их хүчин чармайлт гаргажээ. Никийг жирийн сургуульд орсны дараа түүний төрсөн Виктория хот хуульдаа өөрчлөлт оруулж, Австрали даяар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг жирийн сургуульд сурах боломжтой гэсэн хуулийг баталсан гэдэг.

Гэвч хүсэн хүлээсэн сургууль нь Никийн бодсоноос огт өөр ертөнц байлаа. Хэн ч түүнтэй нөхөрлөхийг хүссэнгүй, зарим хүүхдүүд нийлж түүнийг шоолно. Бусад хүүхдээс өөр гэж бодох болгондоо тэрээр маш ихээр гунигладаг байжээ.

Хүүхэд байхдаа “Аав, ээж ээ, та хоёр яагаад миний гар, хөлийг идчихсэн юм бэ” гэж орилдог байсан гэнэ. Тэр үед эцэг, эх нь Никийг хэдэн цагийн дараа ч хамаагүй тайвшрахыг хүлээж, өрөөнийх нь үүдэнд хүлээдэг байжээ.

Ник багадаа амиа хорлох гэж хэд хэдэн удаа оролджээ. Үүнээс хойш аав, ээж нь хүүгээ сэтгэл зүйчтэй болгосон гэдэг.

Удалгүй Ник өмнөхөөсөө дээрдэж, өдөр болгон дасгал хийж, хэний ч оролцоогүйгээр үс болон шүдээ угааж, усанд орон, компьютер дээр ажиллах, усанд сэлэх, спортоор хичээллэхийг сурч авсан юм.

“Хүний хөл байх ёстой хэсэгт надад нэг далавч бий. Би 12 насны төрсөн өдрийнхээ шөнө далавч байдгийг мэдсэн. Хана түшээд суухад тэр минь хөдлөөд, яг л хүний гар шиг бүх зүйлийг хэлж өгч байв. Энэ хэсэг яагаад надад үлдсэн юм бол, юуг хэлэхийг хүсэж байна гэх мэтийн олон бодол сэтгэлд минь эргэлдэж эхэлсэн. Ингээд л би амьдралаа шинээр эхэлсэн” гэж дурсан ярьдаг юм.

Сургуульд сурч байхдаа сурлагын амжилтаараа байнга тэргүүлж байсан тэрээр анх сургуулийнхаа 5000 гаруй сурагчдад илтгэл тавьжээ. Түүний анхны илтгэл нь “Унасан ч ямар нэгэн аргаар бос” гэсэн сэдэвтэй. Илтгэл тавьсны дараа түүнийг ойлгодог хүмүүсийн тоо нэмэгдэж, түүнтэй найзлах хүсэлтэй хүүхдүүд олон болов.

Ник орон нутгийн сайн дурын ажилд идэвхтэй оролцож бусдад үлгэр дуурайл үзүүлэн, Мелбурн хотын бүх сургууль, олон нийтийн байгууллагад урилгаар илтгэлээ тавьдаг Австрали даяар алдартай нэгэн болсон юм.

Никийг ахлах сургуулиа төгсөхөд маш олон сургуулиас урилга ирж, тэтгэлэгт хамруулахыг хүсэж байсан ч тэрээр Мельбурн хотын их сургуульд орж, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн удирдлага гэсэн хоёр мэргэжлээр нэгэн зэрэг бакалаврын зэрэг эзэмшжээ.

Сургуулиа төгсөөд дэлхийг тойрон аялж, 30-аад улсад лекцээ уншсан байна.

Ник уран илтгэгчээс гадна санхүүгийн маш сайн мэргэжилтэн юм. Тэрбээр найзуудтайгаа хамтарч санхүүгийн зөвлөгөө өгдөг компани байгуулжээ. Түүнээс зөвлөгөө авах гэж Австралиас гадна олон улсын компаниуд ч ханддаг гэнэ.

Компанийнхаа үйл ажиллагаанаас олсон орлогыг сайн дурын ажилд зарцуулж, лекцээ үнэ төлбөргүй уншдаг байна. Дэлхийн өнцөг булан бүрт очиж лекц уншиж явахдаа тэр ганцаараа биш гэдгээ ойлгон, ядарсан, зовсон хүн бүрт туслах, залуучуудад зөвлөгөө өгөх ёстой хэмээн ухаарсан байна.

2009 онд тэрбээр “Эргэлдэж буй эрвээхэй” нэртэй хөлгүй хүний амьдралын тухай богино хэмжээний кино найруулж гол дүрд нь өөрөө тогложээ. Түүнчлэн өөрийн намтар болон зөвлөгөө бүхий арав гаруй ном бичиж гаргасан юм.

“Магадгүй, би хэзээ ч гэрлэхгүй байх”гэж ярьж байсан Ник америк, хятадын эрлийз Канаэ Миахаре гэдэг эмэгтэйтэй гэрлэсэн юм.

2009 онд Хятадын Үндэсний их сургуульд лекц уншихаар очихдоо тайзнаас анх түүнийг харсан гэдэг. Ник лекц уншихын өмнө тусгай тайзан дээр гараад хүмүүсийг нэг минут шахам ажигладаг зуршилтай.

Цугларсан иргэдийн дундаас тэр бүсгүйн нүд Никийн анхаарлыг татжээ. “Тэр үед хамаг хөлс урсаад, ичээд хоёр хацар минь алим шиг улайсан байсан. Өдийг хүртэл олон мянган хүний өмнө лекц уншихдаа ирээдүйн эхнэрийнхээ харцнаас л тэгтлээ ичсэн юм шүү” гэж Ник дурсан ярьсан байдаг.

Лекц дууссаны дараа тэр хоёр хамт хоолонд орж, түүнээс хойш тэдний хайрын түүх эхэлжээ. Хосууд энэ оны хоёрдугаар сарын 14-нд хүүтэй болж, тэмцэл, амжилт, ялалт, хайрынх нь үр шим болсон хүүгээ Кийоши Джеймс Вуйчич хэмээн нэрлэлээ.

Бүсгүйчүүдээ Хэзээ ч бvv бууж өгөөрэй!
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.