Гутал - Сэтгэл санааны толь



Өглөө сэтгэл нэг л таагүй, хэнтэй ч уулзмааргүй, хүний нүдэнд өртөлгүй шиг өдрийг өнгөрөөмөөр санагдвал өөрийн эрхгүй муухан, намхан шиг гутал юм уу пүүз өмсөөд гарах вий. Харин сэтгэл санаа өөдрөг, хүнтэй уулзаж, ажил бүтээж, наргиж хөгжье гэвэл хамгийн гоёмсог, өндөр өсгийтэй гутлаа өмсөөд гардаг ч байж магадгүй. Бид харин үүнийгээ тэр бүр анзаараад байдаггүй бөгөөд сэтгэл зүйчид гутал сэтгэл санааны толь хэмээн үздэг байна.

    Өндөр өсгийтэй гутал хүсэл, тачаалаас атаархал, үзэн ядалт хүртэлх бүх төрлийн мэдрэмжийг төрүүлдэг. Гэхдээ л өндөр өсгийтэй гуталтай бүсгүйг огт анхаарахгүй байна гэж байдаггүй.
    Гялалзсан хар гутал өмсчихөөд явж байгаа залуусын өөртөө итгэлтэй төрхийг хэн бүхэн л олоод харчихсан байдаг.
    Хоншоор нь хэтэрхий урт гуталтай хүмүүс газрын шороо өшигчин цаанаа л нэг бүтэлгүй мэт харагдаж өдрийн турш гуталдаа түүртэж яваа харагддаг.

Гутал арчлах энгийн аргууд

Та ямар ч гуталтай байлаа гэсэн аятайхан арчилж цэвэрлээд өмсчихвөл сайхан л харагдана. Хичнээн шинэ загварын дэгжин гуталтай байлаа гэсэн шороо тоос дарчихсан байвал ямар сайхан байхав. Ингээд их хотын гудамжаар өөртэй итгэлтэй өөдрөг алхахад тань дэм болж, гутлаа хэрхэн арчлах талаар бяцхан зөвлөгөөг хүргэе. 

Илгэн гутал - Зарим хүн илгэн гутлыг арчлахад төвөгтэй, тоос шороог нь зүгээр л арчихаас өөр боломжгүй гэж ойлгодог. Үүнээс үүдээд илгэн гутлыг худалдан авах сонирхолгүй байдаг. Илгэн гутлыг цэвэрлэхдээ эхлээд өнгөц тогтсон тоос шороог нь хуурай эсвэл маш бага чийгтэй алчуураар арчина. Дараа нь гүн тогтсон толбо, тос, бохирдлыг зориулалтын баллуур эсвэл резин сойзоор цэвэрлээд илгэний өнгийг сэргээх, ус чийгнээс хамгаалах шүршигчийг 20см зайнаас шүрших хэрэгтэй ажээ. Харин гөлгөр буюу үс багатай илгийг цэвэрлэхдээ мөн адил цэвэрлэж эхлэх бөгөөд өнгө сэргээх шүршигчийн оронд порлонтой өнгөлөгчөөр цэвэрлэж, дараа нь резинэн сойзоор үрвэл өнгө нь сэргэдэг. Мөн цагаан талхаар үрвэл илгэн гутланд тогтсон толбо амархан арилна. Илгэн гутлыг шингэн зүйлээс хол байлгах хэрэгтэй. Цай, кофе асгачихвал илгэ халцардаг бөгөөд цэвэрлэх ямар ч аргагүй болдог. Тиймээс цас, бороотой үед ийм гутал өмсөх нь тааруухан сонголт юм.

Арьсан гутал - Гутлын арьсыг гоёлын болон зөөлөн арьс, өнгөлсөн, өнгөлөөгүй, сайжруулсан гэх мэтээр ангилдаг. Гутлаа цэвэрлэхийн өмнө түүний арьсыг зөв тодорхойлох хэрэгтэй. Гутлынхаа тоос шороог нь зөөлөн хуурай алчуураар цэвэрлэж, өнгө алдах, ус чийг болон нар салхинд хэврэгшихээс хамгаалах үйлчилгээтэй тос түрхэнэ. Ингээд тосыг арьсанд шингэсний дараа буюу гутлаа тосолсноос 5-10 минутын дараа үсэрхэг сойз, эсвэл хуурай даавуугаар арчиж өнгөлөөрэй. Гутлыг өдөрт нэг л удаа ингэж цэвэрлэхэд хангалттай. Тоос шороо болбол зөөлөн алчуур эсвэл өнгөлөгч порлоноор арчихад хангалттай. Гутлыг зөв арчилснаар эдэлгээг нь уртасгаж болдог.

Цагаан өнгийн гутал - Цайвар гуталд тохирох тос олоход тийм ч амар байдаггүй. Тиймээс ч тосолсны дараа өнгө нь хувирах явдал олонтаа гардаг. Үүнээс зайлсхийхийн тулд гутлаа сонгины шүүсээр арчих эсвэл өндөгний цагааныг сүүтэй хольсон шингэнээр арчиж болох юм.

Лакан гутал - Лакан гутал онцгой арчилгаа шаарддаг. Мэдээж түүнийг будах юмуу тосолж болохгүй. Өнгийг нь муухай болгож бүдгэрүүлэхгүйн тулд сард нэг удаа өндөгний цагаан ба тосон туулганы хольцоор зүлгэх хэрэгтэй. Эсвэл 50гр сүү, 5гр ургамлын тос холиод түрхэж ч болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
javhaaa (202.131.247.23) 2014-04-17 23:21:29
shal utggui sait