Өнөөдөр дэлхийн номын өдөр
НҮБ-ын БСШУ-ны байгууллага буюу ЮНЕСКО-гоос энэ өдрийг 1995 оноос хойш "Дэлхийн номын өдөр" болгон тэмдэглэж байна.
Энэ өдрийг дэлхий даяар буюу 100 гаруй оронд ном уншихыг сурталчлах зорилготойгоор тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Энэ өдрийг сонгох болсон шалтгаан нь уг өдөр нь алдарт зохиолч М.Сервантес, У.Шекспир, Оросын алдарт зохиолч В.Набаков болон бусад олон алдар цуутай зохиолчдын мэндэлсэн болон нас барсан өдөр тохиодог аж.

ЮНЕСКО-гоос дэлхийн номын өдрөөр зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, нийт хүмүүс, ялангуяа залуучуудын дунд ном уншихыг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих өдөр болгон тэмдэглэдэг юм байна. Энэ өдөр Испани улсад зохиолч М. Сервантесийн нэрэмжит шагнал гардуулах ёслол болдог байна.

Испанийн Каталони мужийн ард иргэд 1436 оноос хойш хайртай, хүндэлдэг хүмүүстээ сарнай бэлэглэдэг Сарнайн өдөр хэмээх баярыг тэмдэглэсээр энэ өдөр иржээ. Энэ уламжлалаас санаа авч ЮНЕСКО 1995 онд анх дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг дэлхийн номын болон зохиогчийн эрхийн өдөр болгон зарлажээ. Дэлхийн номын өдрийг тохиолдуулан өнөөдөр ШУТИС-ын Шинжлэх ухаан технологийн төв номын сангаас профессор багш, нийт уншигчиддаа зориулан “Техник технологийн шинэ номын үзэсгэлэн” зохион байгуулна.






