Б.Цэрэннадмид: Ээж хүн хүүхдийнхээ дэргэд аавыг нь хэзээ ч муулж болохгүй

Өнөөдөр эх үрсийн баярын өдөр. Монголын бүх сайхан ээжүүд, өхөөрдөм  бяцхан үрсдээ баярын мэнд хүргэе. Баярын дугаарын хүндэт ярилцлагын зочноор та бүхний сайн мэдэх нэгэн эмэгтэйг урьсан юм.  “Саяхан түүн дээр хөдөөний бололтой нэг хүн ирээд таныг амьдаар чинь харлаа” хэмээн инээж байсан гэдэг. Тэгэхээр тэрээр олныхоо л дунд амьдарч яваа эгэл нэгэн бөгөөд Монголын маань хөдөлмөрч сайн ээжүүдийн төлөөлөл болох учиртай.


Хэвлүүхэн  шударга  яриатай, 70 нас шүргэж буй, наснаасаа ч залуу харагдах энэ эмээ  бол  Б.Цэрэннадмид буюу 13-ийн эмээ юм. Түүний залуу эрч хүчтэй байдгийн гол учир нь энэхүү ажил, хөдөлмөр бөгөөд тэрээр өвдөх ч завгүй ажиллаж амьдралын төлөө зүтгэж буй хүчирхэг эмэгтэй.  Ингээд уншигч охид бүсгүйчүүд минь Цэрэннадмид эмээ бидэнд хэрэгтэй олон зүйлийг сургамжилж байна. Түүний сэтгэлийн мэндчилгээ болон  аж  амьдралын сонин сайхнаас хамтдаа хуваалцацгаая.

Эмээ эх үрсийн баярын мэнд хүргэе. Та өнөөдөр амрахгүй байсан юм уу?

Эмээ нь амралтгүй ажилладаг. Худалдаа наймаа баярын өдрүүдэд хамгийн их ашиг орлого олдог шүү дээ.

Эх үрсийн баяр их сайхан гэгээлэг баяр . Та эртхэн ажлаа дуусгаад үр хүүхдүүдтэйгээ халуун дулаан баяраа тэмдэглэх биз!

Тиймээ үнэхээр сайхан баяр цаг улирал нь ч тэгж таардаг. Хүн бүр, хүүхэд  бүр хамгийн хөөрхөн цэцэгнүүд болцгоодог. Эмээ нь хөдөөний хүн болохоор баяр ёслолыг сүртэй тэмдэглээд байдаггүй. Үр хүүхдүүд маань “ээжээ баяр хүргэе” гэж утсаар ярьдаг. Би ч илүүг хүсдэггүй.  Ер нь манайхан ямарч баяр тэмдэглэсэн архи дарстай хольж хутгаад байдаг учраас эмээ нь олон баярт дургүй болсон.

Та сая хөдөөний хүн гэлээ. Төрж өссөн нутаг усныхаа талаар? Хамгийн сүүлд нутгаараа хэзээ зочлов? 

Миний нутаг Хэнтий аймгийн Галшар сум. 4 жилийн өмнө хүний ажил явдлаар л нэг очсон юм байна.  Нутгаасаа гараад 30 гаруй жил болж байна...

Яагаад хотыг зорих болов?

Амьдралын шаардлагаар л даа. Гэхдээ би буруутсан гэж боддоггүй. Энэ тогтсон орлогтой болж, намайг наашаа гэх ах дүү шиг хүмүүстэй болсондоо баяртай явдаг.

Та анх энэ ажлыг хэрхэн эхлүүлсэн  бэ? Яагаад 13-р хороололд байрших болов? 

1994 оноос эхлээд л энд зогсдог болсондоо. Тэр үед хүн бүр ганзгын наймаа эрхлээд л тус тусын арилжаагаа хөөсөн би ч гэсэн бусдын жишгээр л өөрийн эрхгүй гар дээрээс юм зардаг байсан.  Хөгшрөөд ирээд суугаа байдалдаа орсон.Төвд олны хөлд учраас л энэ газрыг сонгосон.

Ашиг орлого хэдэн жилийн өмнөхөөс сайжирсан биз!

Харин ч багассан. Сүүлийн үед тэнгэрт үнэ хадаад төдийлөн сайн явж өгөхгүй л байна.

Өдөртөө хэдээс хэд хүртэл ажиллаж байна?

Өглөө 8цаг 30 минут гээд ирээд орой автобус зогсохоос өмнө явна. Ер нь автобусны цагийн хувиар эмээгийнх ажиллах нормыг тогтооно. 

Оройтдог юм байна. Харанхуй шөнө хэцүү биш үү? Танайх хаана байдаг вэ? 

Улиастайд. Зүгээрээ намайг хэн яахав дээ. Мөнгө, бараагаа эндээ үлдээгээд явчихдаг болохоор надад санаа зовох юм байхгүй.

Та хэдэн хүүхэд, ач зээтэй билээ. Хүүхдүүд тань хэр санаа тавьж байна. 

Нэг хүү нэг охинтой. 3 ач зээтэй. Хэнээс ч дутахгүй сайхан амьдарч байна. Би хэзээ ч хүүхдүүдээсээ юм хардаггүй. “Би чамайг төрүүлж өсгөсөн одоо ачийг минь хариулах ёстой” гэсэн байдлыг хэзээ ч битгий хүүхэддээ үзүүлээрэй та минь. 

Ээж хүн ямар зан чанарыг хамгийн их эрхэмлэх ёстой юм бэ? Та хэр сайн ээж гэж өөрийгөө дүгнэх вэ?

Би өөрийгөө сайн  ээж гэж боддог. Миний хүүхдүүд төр бариагүй ч гэсэн төвшин биеэ авч явах чадвартай болсон. 30 гаруй насандаа ханийгаа алдаад хүүхдүүдээ хүний боол болголгүй дээш нь өргөн өсгөж хүмүүжүүлсэн.

Ээж хүн үнэнч шудрага, үлгэр дууриалалтай байх хэрэгтэй. Хүүхдүүд маань миний ажлаа хийж байгааг хараад давхар хүмүүжиж байдаг. Хөдөлмөрөөр л хүүхдийг хүмүүжүүлэх хэрэгтэй. Одоо энэ байдал алдагджээ. Миний хүүхдүүд маш ажилсаг тэрнийхээ хажуугаар хичээл сурлага даа ч сайн байдаг байсан. Хоёр хүүхдээ хоёуланг нь их дээд сургууль төгсгөсөн. Зөвхөн энэ жижиглэнгийн худалдаагаа хийгээд хүүхдийнхээ сургалтын төлбөрийг олдог байв. Орой нь хоолгүй хонох өдрүүд ч байсан. Тэр бүрийн ард гарсаны дараа үнэхээр өөртөө бахдам байдаг.

Амьдралдаа сэтгэл хангалуун явдаг нь таны ярианаас мэдрэгдэж байна. Таныхаар ямар хүн хамгийн аз жаргалтай харагдаж байна.

Эрүүл хүн. Хүн эрүүл л байвал юуг ч хийж бүтээж чадна. Мөнгийг ч олж болдог. Би өөрийгөө хэзээ ч  ядуу гэж бодож байгаагүй. Мөнгө орж л байдаг гарч л байдаг. Одоогийн хүмүүс мөнгөгүй л бол амьдрах аргагүй мэт болчихож. Эмэгтэй хүн мөнгийг нь харж хүнтэй сууж байна гэнэ. Би энд л эмзэглэж байна даа

Тэгвэл Өнөөгийн бүсгүйчүүд таны нүдээр?

Тогтуухан, цэгцтэй зөв биеэ авч яваа эмэгтэйчүүд болон сул задгай эмэгтэйчүүд тавь тавин хувьтай энэ тэнцүүхэн байна гэж үзээд байгаа. Учир нь охид бүсгүйчүүд эрцүүлээс дутахгүй тамхи хэрэглэнэ. Тэд надаас худалдаж авна. Би оройн 11 цаг өнгөртөл энд суудаг. Тэгэхэд согтуу бүсгүйчүүд бол байнга л өнгөрч байдаг. Хэрвээ энэ ихсэх юм бол аюултай. Гэхдээ мундаг сайн ээжүүд, гэрийн эзэгтэй нар, ээж аавын сургаалийг мөрдлөг болгосон охидууд олон байгаа. 

Таныхаар яагаад хүн сул задгай болдог юм бол. Ялангуяа эмэгтэй хүн?

Гэр бүлийн уур амьсгалаас шалтгаална. Ээж аав нь эх суурийг нь зөв тавих хэрэгтэй.  Багад нь хүүхдийг захирч зандараад бусдын хүүхэдтэй харьцуулаад байдаг нь маш буруу, хүүхдийнхээ өөр сайн талыг харах хэрэгтэй. Түүнийг нь хөгжүүлээд магтаж байх хэрэгтэй. Бага насны хүүхэд их гэнэн бодлогогүй байдаг. Жишээ нь тэд ээж аавынхаа далд хийсэн зүйлийн аваад хэрэглэчихдэг. Нэг ёсны гэрийн хулгай. Тэгэхэд ээж аавууд уурлаж бухимдан гадны хүн шиг "чи хулгайч", "чи муу хүүхэд"  гэх мэтээр загнадаг. Үүний оронд болохгүй гэдгийг  нь хүүхдэдээ эелдэгээр ойлгуулж хэлэх ёстой.  Хулгайч муу хүүхэд нь өөрийнх нь л бие цогцосын залгаас шүү дээ. Хүүхэд нэг ингэж хэлүүлсэн байхад өөртөө итгэлгүй болж өөрийгөө голдог болдог. Охид бүсгүйчүүд алдаж энэдэж яваа нь ээж аавын хараа хяналт л муу байгаагаас л үүдэж байгаа. Хүүхдийнхээ дэргэд аав ээжүүд муудалцаж болохгүй. Хүүхэддээ бие биенийгээ муулж болохгүй.

Би 13-р хорооллоор явах бүртээ таныг анзаардаг. Яагаад энэ малгайгаа байнга өмсдөг юм бэ?

Монгол хувцасандаа дуртай. Яагаад өмсдөг вэ? гэхээр хүмүүс, хүүхдүүд үндэсний хувцасаа үл ойшоогоод байх шиг санагддаг. Тиймээс сурталчилж өмсдэг гшэх үү дээ. Анх зурхайч уу? Мэргэч, төлөгч үү гээд цагдаа нар хөөгөөд байдаг байсан. Сүүлд мэдээд намжсан. Энэ малгайг 20 гаруй жил өмсөж байна.

Та залуудаа хүмүүсийн хэлдгээр ”ганган хүүхэн”  байсан байх. /Наргиа/                                           Ер нь залуу халуун насандаа эмэгтэй эрэгтэй хүн бүр л омголон эрч хүчтэй байдаг.  Та тэр үеэ эргэн дурсвал? 

Ер нь залуугийн эрт босдог, байнга завгүй явдаг хүн байсан даа. Дорноговийн бэлхийн уурхайд олон жил ажилласан. Ер хэд хэдэн уурхайд ажиллаж байсан. Эмэгтэй хүн уурхайд ажиллах хэцүү хүнд нөхцөлтэй. Би Дорнод аймагт оросуудын зааварчилгаан дор цахилгаанчин мэргэжлийг олж авсан. Түүгээрээ дамжуулаад байшин барьж сурсан. Одоо ч барьж байна.

Одоо ямар байшин барьж байна вэ? Таны насан дээр байшин барих битгий хэл эмээ нар шатаар өгсөх гэж бөөн юм болж байна шүү дээ үнэхээр хөнгөн шингэн байна аа та…

Өнгөрсөн намар 10 сард байшин маань шатаад, гэхдээ ахуйн зориулалтаар. Намайг энд сууж байх хооронд шатсан байсан. Одоо шинэ байшин барьж байгаа. Хүүгээ тусад нь гарахад мөн л байшин барьж өгч байсан.

Таниар үнэхээр бахархаж байна шүү? Төр засгаас ахмад настнуудыг хэр анхаарч байна.

Төр засгаас тусламж дэмжлэг ирдэг. Хүмүүс төрийг их буруутгадаг тэгээд л улс хөгжихгүй байгаа юм. Хуучны үед төр засгаа их хүндэтгэдэг. Түүнийхээ хэрээр дээд албан тушаалтнуудын хариуцлагаа хүлээх нь сайн байсан. Өөдөөс нь чулуу шидсэн, муу үгээр доромжилсон хүмүүсийн сайн сайхны төлөө хэн юу хийхэв дээ... Төрийн ажил хүнд. Бид юм болгоноо зэхүүлээд горьдоод суух хэрэггүй. Харин ч төрийнхөө ажилд бид туслаж хувь нэмэр оруулах хэрэгтэй.

Хэр их найз хөгшидтэй вэ? Дотоод сэтгэлээ хэнтэй хуваалцаж байна. Хэн таныг түшиж тулж байна.

Арай залуухан үед байсан. Хамт олон дунд тийм сайхан яриа хөөрөө байлгүй яахав. Одоо бол байхгүй гэхэд хэлсдэхгүй ээ. Эмээд нь тэгж суух зав ч алга. Би ер нь их дотогшоогоо хүн юм шиг байгаа юм. Гэхдээ хэлэх үгээ хэлчихнэ. Сайхан залуу хүн архи уучихаад дорой царайлаад надаас юм авах гээд ирэхээр нь өөрийн хүү шиг л загнаад орхино. Хэдий дотны хүн цөөхөн ч гэсэн Улаанбаатарчууд маань бүгд намайг мэддэг болсон. Хэзээний таньдаг хүн мэт л өөриймсөг хандахад нь би их баярладаг.

За Цэрэннадмид эгч энд хүрээд бидний ярилцлага өндөрлөж байна. Өнөөдөр баярын өдөр учраас монголынхоо ээжүүд, хүүхдүүдэд мэндчилгээ дэвшүүлэхийг таниас хүч байна?

Аавуудад бас мэндчилгээ дэвшүүлнэ ээ. Аав хүнийг орхигдуулж хэзээ ч болохгүй. Өнөөдөр баяраа тэмдэглэж буй бүх хүний цаана аав гэдэг халамжит түшиг тулгуур зогсож байгаа. Ингээд  нийт аав ээжүүд алдрай бяцхан үрсүүдэд баярын мэнд хүргэе. Нар шиг гялалзаж сар шиг гийж яваарай. Ажил хөдөлмөртөө манлайлж дандаа бусдаас түрүүлж амжуулж өөдрөг өнгөтэй цогтой золбоотой, хиймортой яваарай гэж ерөөе.

За баярлалаа. Үнэхээр уран цэцэн сайхан мэндчилгээ байлаа. Хамгийн сүүлд нь таны насыг маш их хүндэтгэж байна. Наснаасаа залуу эрч хүчтэй байгаа тань бүр илүү бахархалтай байлаа.

Ингээд бидний ярилцлага өндөрлөсөн юм. Түүнээс би хамгийн үнэтэй барааг нь худалдан авч хариулт мөнгө өгөхгүй байхыг хүсэхэд тэрээр маш их дургүйцэн би заавал өгнө гэсээр хариулт өгсөн юм. Үүнээс л эхлээд л түүний шудрага хөдөлмөр харагдаж байсан юм. Басхүү хэнд ч өрөвдүүлэхийг хүсдэггүй, хэнээр ч тусламж гуйдаггүй “би өөрөө” гэсэн хатуу зарчимч зан чанар нь илт ажиглагдсаныг хэлэх юун.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Saihan medee bn (124.82.21.136) 2014-06-01 22:06:49
Mundag emeedee urt udaan naslahig yeruue