Охин нас хамгийн жаргалтай

Аз жаргалтай амьдрал гэж байдаггүй юм. Харин аз жаргалтай өдрүүд л амьдралд байдаг гэсэн. Ингэж ярих хүмүүс цөөнгүй болжээ. Үнэндээ бодоод байхнээ энэ үнэн бололтой. Хүн бүхэн л сайн сайхныг мөрөөдөн амьдардаг. Сайн хань ижилтэй, олон сайхан хүүхдүүдтэй, орох оронтой унах унаатай л байвал амьдрал сайхан юм шиг...

Хүн болж хорвоод мэндлэнэ гэдэг юутай ч зүйрлэшгүй их хувь тавилан...Үүнтэй хэн ч маргашгүй. Гэхдээ бүсгүй хүн болж төрнө гэдэг “бусдын төлөө амьдар “ гэсэн үг юм шиг надад санагддаг юм. Саяхан би нэгэн эс судлаач эрдэмтэн бүсгүйтэй ярилцсан юм. Тэр энэ бодлыг минь бататгаад өгсөн. Тэрээр “ Эм эснүүд бүр цаанаасаа л эр эснээс ялгаатай. Тэд бусдыг хамгаалах арчилж бөөцийлөх зөөх бас эр эсний нөмөр нөөлөгт хоргодон дагадаг” гэж ярьсан. Нээрээ л бүсгүй хүний хувь тавилан энэ л юм даа. Би боддог юм. Эмэгтэй хүн болж төрсний хамгийн жаргалтай үе бол “охин нас”...Ээжийнхээ энгэрт эрхэлж, аавынхаа нуруунаас зүүгдэж, явсан жаргалтай сайхан үе охин үед л байсан. Ирээдүйгээ урт даашинз, өндөр өсгийтөөр төсөөлж, өнөөдөр л сайхан байвал маргаашийн тухай бодохыг ч хүсдэггүй байж дээ. Охин байхад бүх юм сайхан гэрэл гэгээтэй. Үсээ буржийлгаад, нүүрээ будаад ганган даашинз өндөр өсгийт өмсөөд явахыг л мөрөөддөг байсансан. Ай болдогсон бол тэр л жаргалтай насандаа эргээд нэг зочлохсон доо...



Арай том болох буюу одоогоор шилжилтийн нас... Бас л бөөн аз жаргал бөөн дурсамж. Анхны хайрын захидлууд, анхны үерхэл, анхны үнсэлт, бүтэлгүй дурлал.. Дэгж дэрвэж явсан дэндүү гэнэн , дэндүү жаргалтай охин нас минь. Эргээд бодоход анхны сарын тэмдэг ирэх тэр мөчөөс л бүсгүй хүний айдас шаналал эхэлдэг юм шиг санагдлаа. Анхны сарын тэмдэг ирэхэд охидууд бүхэн л айж балмагддаг.

Ингээд л бүсгүй хүн гэдгээ мэдэрч өвдөж зовж шаналж эхэлдэг. Бүсгүй хүний бас нэг жаргалтай үе бол нөхөртэйгөө үерхэж байх үе юм шиг санагдлаа. Тэр үед түүний минь уурлах нь хүртэл сайхан санагддаг байсан. Миний 100% буруу байсан ч тэр намайг уучилдаг, аргаддаг байжээ. Анх үерхэж байсан шигээ амьдарвал мөн ч сайхан аа... Үгүй тийм байвал утгагүй ч юм уу? Гэхдээ тэр үе бас л сайхан. Харин эмэгтэй хүн болсоны хамгийн гоё юутай ч зүйрлэшгүй үе бол хүүхэд төрүүлэн ээж болох ...

Тиймээ энэ дэлхий дээрх хамгийн аз жаргалтай хүн бол хүүхдээ төрүүлчихээд хэвтэж байгаа бүсгүй хүн. Ингээд л бүсгүй хүн нөхрийнхөө төлөө, үр хүүхдүүдийнхээ төлөө өөрийгөө мартан амьдарч эхэлдэг дээ. Бид байгалиасаа төрөхдөө хүний төлөө амьдрахаар заяагдсан хувь тавилантай хүмүүс. Бид хорвоо дэлхийг уярааж, хатуу хөтүүг зөөллөж, энх амгаланг цогцлоох гэж төрсөн.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.