Нүцгэн зургаа утсан дээрээсээ устга!

Хичээл дээр баллуур, илүү бал гуйхаас харьцаж хэтэрдэггүй ангийн хөвгүүн хөдөө замд, хотоос мянган км-ын зайд явахад гэнэт залгав. Үргэлж тоглоом шоглоом хийх, охидын хөхөвч тайлж дүрсгүйтдэг жаал яах гэж залгадаг байна гэж бодон утсаа автал “Чи янхан болоо юу” гэх үгс толгой дундуур цохих мэт болов. Юу яриад байгааг нь ойлгож ч амжаагүй байтал “Нүцгэн зураг чинь фэйсбүүкт хэдэн мянган шейр хийгдэж байна. Чи од боллоо биеэ үнэлэгч минь” гэх үгс инээд бахдлаа барьж ядан хэлэх нь сонсогдов. Гомдол гайхшрал давхцаж, нүдэнд нулимс бүрхээд болсон явдлыг эргээд сайн санахыг хичээв. Яг тэр байх нь !

Сар шинэ дөхсөнийг ч хэлэх үү, ээжтэйгээ цуг яаруу сандруухан шиг захаар хэсч яваад урт гартнуудад утсаа алдсан юм. Тухайн үедээ утсаа алдсандаа жаахан харамссан ч баяр болж, бууз, салат хийх ажил ихтэй байсан учраас цагдаа сэргийлэхэд ч мэдэгдэлгүй өнгөрсөн билээ. Харин одоо бодоод байхад дотор нь баахан маяглаж авахуулсан нүцгэн зураг минь байж ээ. Усанд орохдоо, найзуудтайгаа саунд суухдаа гээд нүцгэн биеийн гоо сайхнаа дурандаж, зургаа авахуулахыг хүсдэггүй эмэгтэй хүн надаас гадна зөндөө л байдаг биз. Гэхдээ хулгайн хар мөрөөр нүцгэн бие минь интернэтээр дүүрэн тархаж, нүүр хийх газаргүй болно гэж хэн санах билээ. Зөвхөн өөрөө л сэм харах гэж дарсан тэр зурагнууд одоо манай ангийнхан байтугай сургуулийн бүх хүүхдүүдийн нүдэнд тусч, залуусын ярьдгаар “фэйсбүүкийн од” болж, миний бодож байгаагаар ертөнцийн төгсгөл иржээ.

Ийнхүү элдэв юм толгойд бодогдож байх зуур үлдсэн бүх зургийг минь нийтлэхээс өмнө пассвордоо солихоор шийдэж, ээжийн утсыг аваад фэйсбүүк рүү гээ орлоо. Пассвордоо солих гээд орсон биш хэдэн мянган найзын хүсэлт, хэдэн зуун мессеж ирсэн байна. Эцэг, эхээсээ ч ичээд, гэртээ дотуур хувцастайгаа явахаа байсан нүцгэн бие минь элдэв хуудсуудын лайкны цуглуулга, хэл амны бай, зарлалын хуудсан дээрх хамгийн эрэлттэй зураг болсон байх юм. Нулимсаа унагаж, хаашаа ч хамаагүй гүйж, хашхичмаар байсан ч хөдөө шинэлж яваа учраас дэмий л дотроо шаналж, ах дүү нартаа сэжиг авахуулахгүйг хичээн нулимс цийлэгнүүлэн сууна. Сайн найзууд залгаж, сэтгэл санааг минь овоо өргөж өглөө. Хэдэн группуудэд орж тайлбар хийгээд, миний зурагны доор баахан коммент үлдээсэн боловч хэрэгт дуртай залуус үнэн худлыг үл харгалзан, “Ичихээ байсан жаахан охин” гээд энд тэндгүй шейр хийсээр л. Би одоо юу ч хийгээд нэмэргүй нь. Хот руу эргэж явж байснаас интернэт, фэйсбүүк байхгүй энэ хөдөөд үлдэхийг маш ихээр хүсэв. Гэхдээ би дөнгөж 16-тай, ээж аавын өврөөс гараагүй, эрх танхил охин шүү дээ. Эндээ үлдэнэ гэж галзуу солиотой юм ярьж болохгүй.

Сар шинэ ч хуучрав, хот руу ч буцлаа. Хүүхдүүд шинэ хувцас, дээлээрээ гангараад сургуульдаа явж байна. Харин би сургуульдаа явлаа гэж гараад цэцэрлэгийн тоглоом дээр суунгаа элдэв хар бодолгүй энхрий бяцхан үрсийг ширтэж сууна. Эд нар л миний зургийг үзээгүй байх. Өчигдөр байрандаа ирэхэд орцны үүдэнд сууж байсан хэсэг залуус над руу дооглонгүй харж “утсаа өгчих орой уулзъя” гэж хэлэхэд л хаалгаа түгжээд гэрээсээ гармааргүй санагдаж байсан. Яах гэж би тэр зургуудыг авбаа. Ядаж фэйсбүүкийнхээ пассвордыг утсан дээрээ яах гэж сануулав даа.


Жич: Энэхүү бичвэр нь бодит явдал биш бөгөөд сүүлийн үед фэйсбүүкд охидын нүцгэн зураг ихээр тархах болсонтой холбогдуулж бичсэн зохиомол түүх болно. Нүцгэн зураг нь тархах болсон ихэнх тохиолдолд санамсаргүй байдлаар алдагдсан, гар утсаа хулгайд алдсан гэхчлэн шалтгаанаас болж цахим гэмт хэргийн золиос болсоор байна.  Таны гар утас урт гартнуудын гарт хэзээ ч өртөж магадгүй учраас өөрийн гар утсан дээрээ байгаа нүцгэн зургаа устгах эсхүл гар утсан дээрээ фэйсбүүкийн пассвордоо сануулахгүй байх зэрэг арга хэмжээ авах нь зүйтэй гэдгийг сануулж байна.

Эх/С: Mongolic

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.