Уранхай жинс, хуниастай банзлын эрин үе эргэн ирлээ
Хувцас загвар нь тансаглал, маяг төдий бус нийгмийн тогтсон дэг журмын эсрэг тэмцэл, цоо шинэ зүйлс, урам зоригийн эрэл хайгуул байсаар ирсэн. Хүн бүр өөрийн гэсэн үзэл бодол, итгэл үнэмшил, харах өнцгөөсөө хамаараад өөрийн гэсэн хэв маягтай байдаг. Хувцас нэг талаас хэрэглээ боловч нөгөө талаас эзнийгээ илэрхийлэх цагаан толгой гэж хэлж болно.
Өөртөө таарсан, сайхан хувцас өмсөөд явахад бүхий л өдрийг эрч хүчээр дүүрэн өнгөрүүлдэг шүү дээ. Тиймээс энэ удаагийн буландаа бүсгүйчүүдийн 2014 оны зуны хувцас загварын чиг хандлагыг танилцуулж байна. Дэгжин бүсгүйчүүд маань зуны зугаатай өдрүүдэд ямар загвараар гоёх бол?
”Час улаан гэдэг чинь энэ шүү дээ”

Зун цаг гэхээр яахын аргагүй сэтгэл булаам тод өнгүүд санаанд бууж байгаа биз. Тийм ээ, энэ улирал тэр чигтээ л тод өнгийн илэрхийлэл шүү дээ. Тиймээс ч хамгийн хурц тод өнгүүд эмэгтэйчүүд та бүхний сонголт болох нь ээ. “Час улаан гэдэг чинь энэ шүү дээ” хэмээн өгүүлэх мэт тод өнгийг ялдам бүсгүй та сонгоорой. Шар, ягаан, ногоон, хөх гээд бүхий л тод өнгө энэ зуны “тренд” байх гэнэ. Мөн хэзээд моданаас гардаггүй биеийн өнгө болон алтан шаргал өнгө ч зонхилох юм байна. Мөн өнгөрсөн жилийн цэцгэн болоод геометрийн гурвалжин, дөрвөлжин цагирган хээнүүд ч энэ зуны гоёо байх болох нь ээ.
Уранхай жинс эргэн ирлээ

Нэгэн үе эмэгтэйчүүд төдийгүй эрэгтэйчүүдийн номер нэг сонголт болж байсан уранхай жинсний эрин үе иржээ. Тэр дундаа өндөр суудалтай уранхай жинсэн шортоор та гангарах нь. Эрэгтэй загварыг илүүтэй тодотгож өгөх “Boyfriend” жинсний хувьд зун гэлтгүй хавар, намар ч “мода” хэвээр байх аж. Бидний өдөр тутам өмсөх дуртай жинсэн банзал, даашинз хүртэл үнэ цэнээ алдахгүй юм байна. Санал болгоход, та яг одоо хувцасны шүүгээгээ ухаад үзээрэй. Өмнө нь өмсөхөөс татгалзан шүүгээнийхээ мухарт орхисон жинсэн өмд тань энэ зуны гоёо ч байх юм бил үү.
Склад, хуниастай банзал

Хувцасны загвар хуучирдаггүй, мода эргэнэ гэдэг юутай үнэн үг вэ. Бидний ээж, эгч нарын гангараа байсан 1980-аад оны өвдөг давсан хуниастай банзалыг та санаж байна уу. Тэгвэл ийм загварын банзал зуны урин дулаан цагт таны гоёлын тоонд зүй ёсоор орно. Хаана, хэзээ ч өмсөж болдогоороо давуу талтай энэ хувцсыг албан газар, хүлээн авалт, үдэшлэг зэрэгт гангарч болох юм. Мөн дулааны улиралд дэрвэгэр банзлаар өөрийгөө чимэх боломж бүсгүй танд олдож байна. Баллетчиныг санагдуулам энэ хувцас үнэхээр өхөөрдөм, бас хээнцэр харагдуулах болно.
Торон материал

Энэ зун торон болон шифон материал хувцас загварын ертөнцөд мөн л голлох нь. Нэвт харагдах хээтэй хээгүй шифон цамц, урт даашинзууд таны халуухан сонголт байх болно. Харин торон материал нь өдөр тутмын болоод үдэшлэгт гайхалтай зохицолыг авчирч чадна.
Цоолбортой дэгжин цүнх

Гар цүнх энэ зуны зайлшгүй хэрэглээний нэг яахын аргагүй мөн. Элдэв зураг, хээ, тоног, цоолбортой дэгжин цүнх нэгийг авах шаардлагатай болох нь ээ. Авангард маягийн зурагтай бол бүр ч загварлаг, онцгой харагдах юм байна. Мөн солиондоо саглагар утсан чимэглэл бүхий гар цүнхийг ч барих боломжтой.
Хуучны хэв маяг бүхий шовх хоншоортой гутал

Энэ зун хөнгөн, хөлд эвтэйхэн баллерина гутал эрэлттэй хэвээр байна. Гэвч мода эргэдэг жам ёсоор хуучны хэв маяг бүхий шовх хоншоортой байвал бүр ч дэгжин харагдах болно. Өндөр өсгийт сонирхдог бүсгүйчүүдийн хувьд тоноглол, өнгийн оруулга бүхий шовх хоншоортой гутлаар гангарахыг зөвлөж байна.
Нүсэр чимэглэл энэ зуны сонголт
Овор ихтэй том зүүлт, ээмэг, бугуйвчаар гоёсон бүсгүйчүүдийг та энэ зун хотын гудамжаар цөөнгүй харах болно. Өнгөний хувьд тод, алтлаг бол бүсгүй таны гоо үзэсгэлэнг илүүтэй тодотгож өгнө. Гар аргаар хийсэн гоёл хэзээд үнэ цэнэтэй байдаг шүү дээ. Тэгэхээр өөрийн гараар урласан том, чамин зүүлтнүүдийг энэ зуны гоёлынхоо нэг хэсэг болгоход илүүдэхгүй болов уу.
Үргэлжлэлийг та бүхэн “Дээжис” дижитал сэтгүүлийн зургаадугаар сарын дугаараас уншина уу.
Facebook: https://www.facebook.com/DeejisDM





