Anna Sui: Ганц амьдрах амьдралдаа өөрийнхөө хүслээр өөрийнхөө ертөнцийг бүтээж амьдарна

Энэ удаагийн ярилцлагын зочиноор удахгүй эх орноо төлөөлж олон улсын мотоспортын тэмцээнд оролцох гэж байгаа нэгэн гайхайлтай бүсгүйтэй ярилцлаа. Түүнийг хүмүүс DJ Anna Sui гэдгээр нь таньдаг билээ. Ингээд түүнийг дотоод ертөнцөөр хамтдаа аялцгаая.
Анна, ингэхэд таны жинхэнэ нэрийг хэн гэдэг юм бэ?
Х.Оюунтуяа... Нээрэн, миний нэрийг бүтнээр нь хүмүүс бараг мэдэхгүй байх.
Та багадаа хэр хөдөлгөөнтэй хүүхэд байсан бэ?
Их дуу муутай, хөдөлгөөн багатай, даруухан томоотой хүүхэд байсан. Халимаг үстэй, жинс кеттэй яг эрэгтэй хүүхэд шиг хувцасладаг байсан. Аавынхаа машинд өвөр дээр нь суугаад л үрүүлийг нь бариад эсвэл хажууд нь машинынх нь арааг нь сольж өгдөг байсан. Ер нь бол аавыгаа дагаад л явж байдаг хүүхэд байсан даа. Одоо бодоход их сайхан дурсамж.
Дунд сургуульд байхдаа хэр их захиа авдаг байв?
Ер нь бараг авч үзээгүй шүү. Ойр тойрнынхоо эрэгтэй найзууддаа муухай аашилдаг хүүхэд байсан.
Таны уран бүтээлийн нэр их өвөрмөц санагдлаа. Та өөрөө энэ нэрийг өгсөн үү?
Одоогоос 9 жилийн өмнө гадаад руу сургуульд явсан. Тэр үеэс л эхэлж Анна гэж найзууд маань дууддаг болсон. Яагаад энэ нэрийг сонгох болсон бэ гэвэл, багаасаа л далавчтай болоод нисэхийг мөрөөддөг байсан. Хэзээ нэг өдөр бурханы оронд очоод диваажин гэж байдаг бол далавчтай хүн буюу “Angel” болно гэж мөрөөддөг байлаа. Одоогийн энэ нэр маань энэ “Аngel” гэдэг үгний товчлол гэж хэлж болно.
Таныг банк санхүүгийн мэргэжилтэй гэж сонссон. Гэтэл яагаад DJ хийх болов?
Багаасаа л юу хүссэнээ өөрөө дур мэдэн хийж, хаана сурахыг хүснэ, хаашаа явахыг хүснэ өөрөө шийддэг байсан. Харин аав ээж маань намайг банк санхүүгээр төгсөөд банкны ажилтан болохыг их хүсч байсан болохоор би гэр бүлийнхээ хүслийн хүндэтгэж үзэн банк санхүүгээр их сургуулиа төгссөн. Төгсөөд голомт банкинд ажилд орохын өмнөхөн би өөрийнхөө хүсэхгүй байгаа зүйлээ хүчээр хийж байна гэдгээ ойлгосон. Би хөгжмийн урлагийн сургуульд сурах байсан юм гэж одоо ч харамсдаг. Хүн ганц амьдрах амьдралдаа өөрийнхөө хүслээр өөрийнхөө ертөнцийг бүтээж амьдарна. Хэн нэгний хүсэл заавраар биш. Гэхдээ миний хүсэл гээд муу зүйл хийж, буруу алхах биш шүү. Өөрийгөө хүндэлж алдаагаа ухаарч үргэлж сайн сайхан руу тэмүүлж хүсч мөрөөдөж, мөрөөдлийнхөө араас явах хэрэгтэй. Энэ чинь л хүний нэг амьдралын аз жаргал шүү дээ.
Таныг би мотоспорт сонирхдогийг мэднэ. Хэдэн жил хичээллэж байна вэ?
Яг одоогоор хичээллээд хоёр жил болж байна.
Та одоогоор хэдэн мотоцикльтой вэ?
Одоогоор өөрийн гэсэн мотоцикльгүй байна. Өмнөх мотоциклио сайжруулна гэж бодоод зарчихсан. Урьд нь бартаат замын мотоцикль (MX motorcycle) мөн засмал замын мотоцикль (street bike) –тай байсан.
Та удахгүй” Ралли Монголиа 2014”-т оролцоно гэв үү?
Тийм ээ, Япон улсаас зохион байгуулдаг олон улсын чанартай тэмцээн болох юм. Энэ жил 20 жилийн ойн нь бөгөөд их өргөн хэмжээнд зохиогдож байгаа гэж дуулсан. Нийт 8 өдрийн турш монголын тал нутгаар 4000 км давхина. Өнгөрсөн жил хоёр дахь өдрөө онхолдож бэртэл аваад тэмцээнээ үргэлжлүүлж чадаагүй юм. Энэ жил тэмцээнээ дуусгана гэж их хичээж бэлтгэл хийж байгаа.
Тэсвэр тэвчээр гэдгийг өөрийнхөөрөө тайлбарлаач?
Тэсвэр тэвчээр гэдэг миний хувьд өөртөө итгэлтэй байдал, мөн чадна гэсэн чин хүсэл, тэмүүлэлтэй байхыг хэлнэ дээ.
Гэр бүлдээ цаг зав хэр гаргаж байна вэ?
Ихэнх завтай цагаа гэртээ өнгөрүүлдэг болохоор аав ээжтэйгаа хууч хөөрч, охинтойгоо цагийг өнгөрүүлдэг.
Та гоо сайхандаа хэр анхаардаг вэ?
Эмэгтэй хүн болгон л өөрийн гоо сайхандаа ихээр анхаардаг. Миний хувьд одоогоор гоо сайхандаа тийм ч их цаг гаргах завгүй л байна. Осолдохгүй л наранд шарагдаж, харлахгүй тулд л 7 хоногтоо нэг удаа борлуулдаг аппаратанд орно. Мөн гоо сайханд сардаа нэг удаа ордог.
Ингэхэд өөрөө яг одоо амжилтынхаа оргилын хаана нь явна?
Би хэзээ ч өөрийгөө ямар нэгэн юмны оргилд хүрлээ гэж бодохгүй. Хүн амьдралынхаа турш оргил өөдөө мацдаг гэж боддог. Амьдралынхаа эцсийн мөчид эргээд харахад оргил өөдөө хэрхэн мацаж байсан нь сайхан дурсамжтай санагдахаас оргил дээрээ гараад сууж байгаа нь сайхан биш.
Өөртөө зориулж чөлөөт цаг хэр гаргаж байна? Чөлөөт цагаараа хийх дуртай зүйлсийн жагсаалт гаргавал?
Ерөнхийдөө одоо хийж байгаа бүхэн маань миний дуртай бүх зүйл.
Таны фэйсбүүкийн зургуудыг харахад багагүй шивээс сонирхдог юм шиг санагдсан. Одоогоор хичнээн шивээстэй. Тус бүрдээ өгүүлэмжтэй юу?
Жижиг томтойгоо нийлээд 5 шивээстэй. Бүгд өөр өөрийн гэсэн утгатай шивээснүүд. Эрэгтэй байсан бол дахиад олон шивээс хийлгэмээр л байна. Гэвч эмэгтэй хүн болохоор далдхан газраа хийлгэдэг.
Ярилцлага өгсөнд маш их баярлалаа. Таны тэмцээнд амжилт хүсье. Эх орнынхоо нэрийг мандуулаарай.
Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Сайхан асуулт асууж сэтгэлийн утсыг минь хөндсөнд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.







Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







