Ном зардаг ах магнайгаа тэнийтэл баярлаж сууна
Баасандорж ах 1997 оноос эхлэн Төв шуудангийн өмнө ном зарж эхэлсэн. Одоогоос 22 жилийн өмнөөс энэ төрлийн худалдаа эрхлэхээр шийджээ. Тэрээр амьдралынхаа ихэнх цаг хугацааг зөвхөн ном зарж өнгөрүүлж байгаа бөгөөд энэ ариун цагаан, шударга хөдөлмөрийнхөө үр шимээр амьдардаг. Тэгвэл саяхан Баасандорж ахыг магнайгаа тэнийтэл нь баярлуулсан нэгэн сайхан үйл явдал болсон юм. Түүний охин Ариунхүслэн Таеквондогийн азийн аварга шалгаруулах тэмцээний 42 кг-ийн жинд алтан медаль авч тив, дэлхийд Монголынхоо нэрийг дуурсгачихаад ирлээ. Энэ ямар гайхалтай охин бэ? Аав ээж нь үр хүүхдээ ямар мундаг хүмүүжүүлээ вэ?


Ариунхүсэл энэ намар Нийслэлийн 75р сургуулийн 9-р ангид элсэн орно. Жилийн өмнөөс энэ спортоор хичээллэн багахан хугацаанд шаггүй амжилт үзүүлсэн өсвөрийн шилдэг тамирчин. Ээж нь тунч уран бүсгүй байдаг бөгөөд Баасандож ах үргэлж үндэсний хувцсаа өмсдөг нь эхнэртэй нь холбоотой. Түүний бүхий л өмсөж буй хувцас эхнэрийнх нь бүтээл аж.

Н. Баасандорж ах хаврын хавсарга, өвлийн хүйтнийг ажран ажлаа хийдэг. Тэрээр өдийг хүртэл өвдөх өвчингүй явдаг нь бас л номтой холбоотой гэх бөгөөд хэрхэн эрүүл зөв амьдрах ухаанаа номноос олж авдаг гэнэ.


Тэр хэлэхдээ:
1989 оны хавар автобусны засвар хийж байгаад гэмтсэн юм. Би автобусны жолооч байсан юм. Тэгээд групэд орсон. Тухайн үеийн групийн 75 төгрөг чинь ээж дүү нараа тэжээх ямар ч боломжгүй байсан учраас анх талх зарж эхэлсэн. Тэгээд цагдаа , цэрэгт нь баригдаад пактлаж үзлээ. Төмөр торны цаана 2 цаг сууж үзлээ. Тэрнээс болоод хууль судалж үзэхэд хамгийн цэвэрхэн бөгөөд хуульд харшгүй ажил бол ном зарах байсан.Тэгээд ч би өөрөө номын хорхойтой, ном гарлаа л бол авч уншдаг. Ер нь өөрийнхөө уншсан номыг зарж амьдралаа залгуулъя гэж бодсон.

Түүнд
хоосон өнжих үе ч байдаг. Ялангуяа өвлийн улиралд. Харин зуны
улиралд бол хэнээс ч юу ч харалгүй болгоод байдаг гэнэ. Ийм амьдралын төлөө ариун шудрагаар хөдөлмөрлөж буй хүнийг бурхан тэтгэж алт шиг сайхан үр хүүхэд заяажээ. Баасандорж ах ч хүүхдүүдээ сайн өсгөж хүмүүжүүлсэн нь харагдаж байна. Үр хүүхдүүд нь эцэг эхийнхээ хэрхэн хөдөлмөрлөж буйг хөндлөнгөөс хараад зөв явахыг, аав ээжийнхээ ачийг хариулахыг, хэнээс ч дутахгүй сайхан амьдрахыг хичээдэг гэнэм.







