Өнөөдөр дэлхийн гоо сайхны өдөр

1946 онд Бельгийн нийслэлд Сидеско буюу гоо зүй, косметологийн олон улсын хороо байгуулагдсан юм. Үүнээс хойш дэлхий даяар салбараа нээн  олон мянган эмч, гоо зүйчээр эгнээгээ өргөтгөсөн тус байгууллага жил бүрийн энэ өдрийг "Дэлхий гоо сайхны" өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг. Гоо бүсгүйг 90-60-90 см гэсэн биеийн харьцаагаар нь тэр бүр шалгаруулдаггүй бөгөөд эмэгтэй хүний дахин давтагдашгүй гоо үзэсгэлэн л хамгийн чухал үзүүлэлт болдог байна. Анхны гоо бүсгүйн тэмцээн 1888 онд Бельгид зохиогдож байжээ.

Өнөөдөр мөн энэхүү өдөртэй зэрэгцэн дэлхийн ноо бүсгүйчүүдтэй өрсөлдөж Монголынхоо нэрийг гаргах гоо бүсгүйг шалгаруулах Мисс Монголиа тэмцээн амжилттай үргэлжилж байна. 11 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж буй тус наадмын он оны шилдгүүдийг танилцуулж байна.

MISS MONGOLIA-2004

13 настайгаасаа загварын ертөнцөд хөл тавьсан загвар өмсөгч, мисс Чадраабалын Содтуяа нь 17 настай байхдаа “Miss Mongolia-2004” тэмцээний тэргүүн миссээр шалгарч, “Miss International-2004” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож “Фото мисс” өргөмжлөл хүртсэн юм.

“Lady” сургалтын төвийн “Залуу модель агентлаг”-ийн гүйцэтгэх захирал, SBN телевиз хөтлөгч, “NTV”-д редактор, “Азийн модель агентлаг”-ийн тэргүүнээр ажиллаж байсан тэрээр загвар өмсөгч Чингүүнээс салснаас хойш охинтойгоо ганц биеэр амьдарч байгаа аж. Мисс бүсгүй маань «Мисс Монголиа» тэмцээнийг хамтран зохион байгуулж, нэвтрүүлэг хөтөлж, охиноо өсгөн, олон ажлыг зэрэг амжуулж яваа. Түүнчлэн улс орны ирээдүй хойч болсон хүүхэд багачууд хийгээд байгаль орчинд ээлтэй, хүмүүнлэгийн олон арга хэмжээнд идэвхтэй оролцдог юм байна.

 

MISS MONGOLIA-2005

“Miss mongolia”-2005 тэмцээний ялагч Б.Гантогоог  90*55*90 биеийн харьцаатай, монголын хамгийн сайхан биетэй бүсгүйчүүдийн нэг хэмээн нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг билээ. Солонгос улсад олон жил сурч, амьдарсан Б.Гантогоо хэмээх бүсгүй 2005 оны «Мисс Монголиа» тэмцээний тэргүүн шагналыг нилээн сүр дуулиантай гардсан. Олон хүн түүнийг «Энэ шагналыг авах ёсгүй» гэж үзэж байсан билээ. Гэвч Б.Гантогоо ганцхан жилийн дотор олон улсын нэр хүндтэй хоёр ч тэмцээнээс шагнал гардсанаар олны хэл амнаас өөрийгөө холдуулж чадсан юм.

Дэлхийн топ модель шалгаруулах тэмцээний дэд байр, Үндэсний шилдэг хувцас номинацийн эзэн, «Климинжаро» шагналт, «Miss International Japan-2005-ын «Нөхөрсөг мисс» өргөмжлөлтэй Б.Гантогоо эзэмшсэн мэргэжлээрээ гоо бүсгүйчүүд дундаа «толгой цохидог». Тэрбээр Солонгост дунд сургууль, Японы Нисэхийн академи, алдарт Андрей Кимийн загварын агентлагийг төгссөн.  Олон улсын тэмцээнд Б.Гантогоо шиг одтой,  амжилттай оролцсон монголын сайхан бүсгүй цөөхөн. Гэр бүлийн нам гүмхэн амьдралд уусаад хэсэг хугацааг үдсэн мисс бүсгүй 2010 онд “Miss model of the world” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоод гурван ч шагналын эзэн болжээ. Тус тэмцээнээс “Энх тайван” шагналын эзэн болсон Б.Гантогоо дэлхийн шилдэг 10 моделийн нэгээр шалгарч, мөн л үндэсний шилдэг хувцастай монгол бүсгүйгээр тодорсон байна.  

 

MISS MONGOLIA-2006

 

Энэ удаагийн тэмцээний тэргүүн мисс Д.Болортуяа 2006 онд Япон улсад болсон «Miss International» тэмцээнд оролцоод ирснээсээ хойш сураг алдарсан. Тиймээс Д.Болортуяа гэдэг мисс Монголд байдгийг ч мэдэхгүй хүн олон.

 

MISS MONGOLIA-2007

Соёл урлагийн их сургуулийн кино драмын ангийн оюутан Б.Гэрэлчулуун 2007 оны «Мисс Монголиа»-гийн титмийн эзэн болсон. Тэрээр «Miss International» тэмцээнд амжилттай оролцож, «Үндэсний шилдэг хувцастай мисс»-ийн шагналыг эх орондоо авч ирсэн ба «Тусгай салаа» хэмээх телевизийн  олон ангит киноны дэд ахлагч Номингийн дүрд тоглосноор олны танил болсон билээ.

Нийгмийн олон салбарт хүч үздэггүй, ерөнхийдөө нам гүм амьдардаг мисс бүсгүй мэргэжлийнхээ ачаар үргэлж хүмүүсийн анхаарлын төвд байдаг аж. Тэрээр Онон хэмээх залуутай гэрлэн, Оюу-Эрдэнэ гэдэг хөөрхөн охинтой болсон юм

 

MISS MONGOLIA-2008

 

2008 оны «Мисс Монголиа»-гийн титмийн эзнээр ямар бүсгүй тодорсныг мэдэх хүн цөөн байх. Тэр жил «21 дарь эх» шалгаруулж, шинэчилсэн байдлаар зохион байгуулсан ч шилдгээр шалгарсан бүсгүйчүүд нь олны сэтгэлд бүрэн нийцээгүй, шүүмжлэлд хүртэл өртсөн. Хамтран зохион байгуулагч «Шилмэл загвар» компанийн загвар өмсөгч О.Хулангоо хэмээх бүсгүй тэргүүн миссээр шалгарсан нь ёстой л «дайран дээр давс нэмсэн» гэлтэй.

13 настайдаа загварын ертөнцөд хөл тавьсан тэрээр загвар өмсөгчөөр ажиллан, олны анхаарал татахаар сайн, муу зүйлд өртөлгүй эгэл даруухнаар ажиллаж, амьдардаг юм байна.

 

MISS MONGOLIA-2009

 


«Мисс Монголиа 2009» тэмцээний тэргүүн мисс Х.Бадамгэрэл  «Азийн модель» агентлагийн гүйцэтгэх захирлаар ажиллан,  Монголын загварын ертөнцийн залуу халааг бэлтгэх үйлсэд шамдаж яваа.

Түүнчлэн «Wonderful Fashion» тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж, олон улсын загварын шоунд эх орноо төлөөлөн оролцож, дэлхийд алдартай зарим тэмцээнд шавь нараа бэлтгэн оролцуулдаг аж. Тэрээр дуучин Becky-тэй гэрлэн, хөөрхөн хүүтэй болсон юм.


MISS MONGOLIA-2010

“Хэцүү анги” киноны гол дүрийн даруухан ухаалаг охины дүрээр олонд танигдсан Бадамцэцэг 2010 оны Монголын миссээр шалгарч илүү олон хүнд танигдах болсон билээ. Тэрээр “Хэцүү анги” киноны дараа “Валентины захидал” гэх мэт хэд хэдэн кинонд тоглож чамгүй сайн жүжигчин гэдгээ ч харуулаад амжсан юм.

Кино урлагийн буянаар олонд танигдсан түүнийг хүмүүс жүжигчин л гэж боддог биз.  Тэгвэл мисс бүсгүй Анагаах ухааны их сургуульд суралцдаг аж.

 

MISS MONGOLIA-2011

 

Энэ тэмцээний мисс И.Төгсөө «Miss International» тэмцээнд оролцсон монгол бүсгүйчүүдээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн ба тэрээр уг тэмцээний гуравдугаар байрын шагналыг эх орондоо авчирсан билээ.  

Түүнчлэн Тува улсад болсон «Төв Азийн мисс» тэмцээнээс «Үзэгчдийн таашаал хүртсэн мисс» өргөмжлөл хүртсэн юм.  Залуу зохиолчдын нэгдлийн гүйцэтгэх захирал, яруу найрагч Ч.Ууганбаярын "Долдугаар сарын сахиусан тэнгэр" шүлгийн клипэнд 2011 оны мисс И.Төгсөө тоглосон байна. 

 

MISS MONGOLIA-2012

 

Энэ удаагийн тэмцээнд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас  нийт 200 гаруй гоо бүсгүй оролцсоноос  Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн оюутан Д.Долгион  Монголын мисс болсон билээ.  Тэрээр Япон улсын  Окинавад болсон “Мисс Интернэйшнл-2012” тэмцээнд оролцсон  юм.

Түүнийг мэргэжлийн хүрээнийхэн нь сайхан сэтгэлтэй бүсгүй гэж тодорхойлдог аж. Тэрээр өмнө нь “New Face” тэмцээнд түрүүлснээр загварын ертөнцөд хөл тавьж,  улмаар “Мода Арт” тэмцээний шилдэг 15-д, “ТВ мисс” тэмцээний үндэсний ялагч болж байжээ.

 

MISS MONGOLIA-2013

 

10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй "Miss Mongolia 2013" тэмцээнд монгол орны өнцөг булан бүрээс нийт 70 гаруй оролцогчид бүртгүүлснээс сүүлийн шатанд шилдэг 20 оролцогчид үлдэж, бүтэн сарын турш өөрсдийн гоо үзэсгэлэн, авъяас билэг, оюун ухаанаараа өрсөлдсөнөөс "Miss Mongolia 2013" тэмцээний тэргүүн миссийн титмийн эзнээр Намшир овогтой Ану тодорч,  Японы Окинаво хотноо болох "Miss International 2013" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болсон билээ.

 

Тус тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс нийт 81 мисс бүсгүйчүүд өрсөлдсөнөөс  “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Н.Ану амжилттай оролцож, 13-р байрт шалгарсан юм. "Miss Mongolia-2013" тэмцээний ялагч Н.Ану нь “Говь” компанийн нүүр царай болж дэлхийд алдартай брэнд бүтээгдэхүүнийг нь сурталчлах болсон төдийгүй загварын тайзнаа нэлээн амжилтуудыг гаргаад байгаа билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Чука (103.229.123.39) 2014-12-19 18:13:06
Монголынхоо сайхан бүсгүйчүүдээрээ бахархаж явдаг шүү