Эмээд туслацгаая бүсгүйчүүдээ!

Нэр шигээ сайхан сэтгэлтэй энэ бүсгүйтэй учирсан өвөө, эмээ хоёрт туслаж буй сайн үйлсийг манай сайтын редакци дэмжин нийтэлж та бүхэнд хүргэж байна.

Өглөө бүр Цагаан байраас Бөмбөгөрийг зорьж 2 халуун сав цай нуруундаа үүрсээр, гадаа худалдаа эрхэлдэг хүмүүст аягаар цай зарж бор өдрийг өнгөрөөж яваа Хорлоо эмээ өдгөө 90 насыг зооглож байгаа билээ. Би өчигдөр найзтайгаа хамт энэ эмээтэй уулзаж, ганц удаа ч гэсэн халуун хоол авч өгье гэж ярилцаад бөмбөгөр ороод эмээг эрж эс олоод Мийгаа өвөөтэй таарсан тухайгаа өмнө нь бичсэн. /Мийгаа өвөөтэй хийсэн ярилцлага энд дарж үзнэ үү/ Харин өнөөдөр өглөө Мийгаа өвөөг хайж яваад Хорлоо эмээтэй автобусны буудал дээр таарлаа. Эмээ гэрлүүгээ явж байна гэхээр нь хамт автобусанд суугаад гэрт нь очиж жаахан хууч хөөрсөн юм. Гэртээ ганцаараа амьдардаг бөгөөд ганц хүүтэй тэр нь сэтгэцийн өөрчлөлттэй тул тусдаа амьдардаг гэсэн. 

Ах эгч дүү нар нь энэ хорвоогоос бүгд хальсан, ганцаар үлджээ. Амьдардаг гэр нь бидний нүүрс агуулдаг амбаар шиг л энд тэндээ ноорхой цоорхой, хэдэн цаасан хайрцаг дотроос нь хадаад арай л гайгүй болгочихсон. Ганц ор тавиад л дүүрсэн энэ умгар амбаартаа амьдардаг юм байна.

Хүйтрээд түлээ нүүрс муутай болохоор жаахан даараад байгаа гэж байсан. Өдөрт цай зарж 2000-3000 төгрөг олдог. Түүгээрээ амь зогоож яваа энэ настан буурайд элбэрэл хайр, халамж дутаж явна. Энэ хүнийг тодотгохын тулд хэд хэдэн асуулт тавьсан юм. Би сэтгүүлч хүн биш учраас алдаа оноо гаргаж байвал намайг түмэнтээ өршөөгөөрэй.

Энэ хүйтэнд гадуур цай зарж явах хэцүү биш байна уу, эмээ ?

- Хэцүү байлаа гээд яахав дээ. Үүгээр чинь л амьдарч байгаа болохоор яах ч аргагүй юм аа. Ядаж байхад хоёр хөл таг болохнээ хүү минь.
Тэгээд цайгаа бүгдийг нь зарж чадаж байгаа юу ?
- Заримдаа бүүр зарагдахгүй юм. Зарагдсан үедээ 2000-3000 төгрөг олдог. 
Та ингэж байхаар асрамжийн газар очвол дээр биш үү ?
- Хүмүүс намайг асрамжийн газар аваачина л гэдэг юм. Муу өвчтэй хүүгээсээ холдоно гэхээр санаанд багтахгүй юм аа. Би хүүгээ сард ядаж нэг эргээд байна шүү дээ. Үхтэл үр харам гэж барааг нь харж байгаад өнхөрье дөө эмээ нь.
Таньд хүн туслана гэх юм уу. Хүмүүс хэр хандаж байна вэ ? 
- Одоогоор туслана гэсэн юм байхгүй ээ хүү минь. Ноднин нэг ТББ надад туслана гээд 500 мянган төгрөгний үнэтэй сувилалд хэвтүүлж байсан. 
Таньд тусламж хэрэгтэй юу эмээ ? Хэрвээ хэрэгтэй гэвэл би интернет гэдэг юмаар бичээд өгье. Сайн санаат хүмүүс их байдаг шүү дээ.
- Туслая гэхэд үгүй гэдэг хэн байхав дээ. Эмээ нь хүнд 300 мянган төгрөгний өртэй. Цас уначихвал цайгаа зарж чадахгүй болчихно. Тэгээд яадаг юм билээ гээд л сэтгэл өмрөөд л сууж байна. Тэр интернет гэдэг газар нь хаана байдаг юм болоо.
Эмээ интернет гэдэг нь хүн бүр утсаараа ороод уншаад үзээд явдаг юм байдаг юмаа.
- Аан эмээ нь сайн мэдэхгүй ээ. Орчин үеийн юмыг эмээ нь яаж мэдэхэв дээ...
Та залуудаа юу хийж байсан хүн бэ ?
- Эмээ нь юм юм л хийж явлаа. Даргаас эхлээд цэвэрлэгч хүртэл хийж явсан. Дархан мужаан тогооч гээд л шог шог юм хийнэ шүү дээ. (инээв)
Хөөх та ч мундаг хүн байж дээ. 
- Амьд явахад их л юм үзэх юм байна шүү дээ.

Бид ярилцсаар гудамжруу нь ороход энд тэндгүй хог новш дүүрэн байхыг хараад эмээ нэг таягаараа хэсэг хогийг хамж бөөгнүүлснээ. " Хотын хүмүүсийн ухамсар байхгүй болжээ. Хог новшоо энд тэндгүй цацаад. Аав минь амьд сэрүүн байхдаа цэвүүн цаг ирнэ дээ гэж хэлдэг байсан ортой л юм хэлж байсан билээ" гэсээр дотогшоо орлоо.

Гэрт хүн ирсэн юм байна даа гээд эмээ халуун тогоо залгаж 2 аяга цай буцалгаад намайг цайгаар дайлсан юм. Сайхан аагтай халуун цай ууж эмээтэй хэсэг ярьж суугаад юу ч гэсэн онлайн байгаа хүмүүстээ үүнийг дуулгахаар гэрээс нь гарсан юмаа. Сайхан сэтгэлт Монголын маань зөн олон та бүхэн энэ эмээд сэтгэлийн дэм хайрлъя гэвэл гэрийг нь зааж өгч болно шүү. Миний хувьд тэр хөөрхөн умгар амбаарыг нь дулаалаад тохь тухтай болгож өгнөө.

Өдий сайхан наслаж яваа Хорлоо эмээгийн буян заяа нь дэлгэрэх болтугай

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
irgen (112.72.11.67) 2014-12-01 19:43:44
eejgvi bayn ni eejee bolgoj awaasai haluun gert tsaigaa aygluulj suungaa hamt baih hvntei 90 hvrsen hvn amar taiwangl hvseh baihdaamongo tsugluulj ger tvlee nvvrsiini beldej ogsonch hajuud ni hvngvi bol ahiadl tsaigaa chanaadl nvvrsee awj chadahgvil amidrah baihdaa
Odnoo (203.169.50.182) 2014-12-01 17:19:23
Yaj tuslah ve ymar humuust handah ve
(202.179.20.194) 2014-12-01 10:37:40
Handviin dans neegeed ene buuraid ugvul Dalaid dusal nemer gedeg shig 1 hunii 1000 tug gehed 2say hun bur handivt oroltsvol baga sh gesen tus nemer bolno doo
bolor (103.229.122.251) 2014-11-30 21:18:30
saihan naslaj yavaa buural baina shuu Bugdeeree tuslamjiin garaa sungayatsgaaya humusee