Таны хүүхэд хаана байна вэ?
Томчуудаас та хүүхдийнхээ аюулгүй байдлыг хэрхэн хангадаг вэ гэсэн асуултанд ээж аавууд машинд авч явахдаа суудлын даруулгыг нь зүүлгэдэг, хаалгыг нь онгойлгож өгдөг гэсэн тоймтой хэдхэн хариулт өгдөг. Үнэндээ бяцхан үрсээ эрүүл энх өсгөхөд гэр бүлийн орчинд анхаарах маш олон зүйлс байдаг гэдгийг тэд мартаж орхидог. Барууны орнуудад үүнийг хүүхэд гэр бүлийн safety гэж тусад нь ангилж үздэг бөгөөд энэ төрлийн мэдлэг олгох сургалт, ном гарын авлагууд эрэлт хэрэгцээтэй байх болжээ. Сургууль, цэцэрлэгийн орчинд ч мөн аюулгүй орчинг хангахын тулд эцэг эхчүүд багш нарын хамтарсан ажил зохион байгуулж хэвшижээ. Энэ удаа хүүхэдтэй гэр бүл өдөр тутамдаа анхаарч байх ёстой зарим зүйлсийг дурьдлаа.
Хүүхдүүд гал сөнөөгчийг харь гаригийн амьтан гэж эндүүрдэг

Та өөрийгөө гал түймэр анх удаа харж байгаа бяцхан хүүхэд гэж ганцхан хором төсөөлөөд үзээрэй. Өмнө чинь хэзээ ч хараагүй улаан гал дүрэлзэж, хар утаа хоолой боочих шахна. Холгүйхэн сонсогдох галын машины дохиололын чанга гэгч дуу чихэнд хадаж, тэр дундаас нүүр амаа битүү хаасан хүн гартаа сүх барьчихсан ороод ирнэ. Аймшигтай дүр төрх биш гэж үү. Яг энэ мөчид сандарсан хүүхэд гал сөнөөгчийг харь гаригийн хүн гэж хардаг тухайгаа галаас амьд үлдсэн хүүхдүүд ярьсан байдаг. Үүнийг бас галын шинжээчийн дүгнэлтээс бэлхэн харж болно. Өрөвдөлтэй тэдгээр бяцхан үрсийн цогцос голдуу орны хөндий, хувцасны шүүгээ, хаалганы хойно гээд нуугдаж болох газруудаас олддог ажээ. Ийм аймшигтай байдлаас сэргийлэхийн тулд эцэг эхчүүд хүүхдээ ухаан орсон цагаас гал гэж юу болох, гарсан тохиолдолд юу хийхийг зөвлөдөг байх хэрэгтэй гэнэ. Түүнд илүү ойлгуулахын тулд гал хамгаалагч болж тоглох эсвэл ойролцоо гал командын газарт дагуулж очихыг зөвлөжээ. Хүүхдэд тоглонгоо галын аюулын үед биднийг аврахаар ирдэг хүн бол гал сөнөөгч гэдгийг ойлгуулж, хамгаалалтын малгайг нь өмсүүлж түүнийг хөгжөөгээрэй. Тэр үүнийг мартахгүй.
Аяга таваг угаагч бодисны хордлого амь насанд хүрдэг

Сара өөрийн гэрийг хүүхдэд ээлтэйгээр,аюулгүй тохижуулсан гэж боддог байлаа. Цахилгаан хэрэгслийн залгуур, гэрийнхээ булан тохой, хаалга гээд хүрч болох бүх зүйлд нь зориулалтын хамгаалалт хийжээ. Нэг удаа тэр утсаар хэдхэн минут ярьчихаад эргээд хартал гурван настай хүүгээ хахаж байгааг харжээ. Яг дэргэд нь хоосон аяга таваг угаагч шингэний сав хэвтэж байх нь тэр. Хэдийгээр тэр хүүгээ эмнэлэгт яаралтай хүргэсэн ч амь насыг нь аварч чадаагүй юм. Гэр бүлийн гишүүдийн санаандгүй боловч хариуцлаггүй байдлаас үүдсэн эмгэнэлт явдлын ганцхан жишээ нь энэ. Түүн шиг хэдхэн хормын анхаарал алдсанаас болж үр хүүхдээ алдсан гэр бүлийн тоо дэлхий дахинд өссөөр байна. Гол буруутан нь хүмүүсийн хайхрамжгүй хандлага, жил ирэх тусам бидний хэрэглээнд олноор нэвтэрч буй элдэв хэрэглээний шингэн бодиснууд. Ямар ч айл хамгийн багадаа таван төрлийн ахуйн бодис хэрэглэдэг гэсэн судалгаа бий.
Олон улсад хүүхэд хамгаалалаараа дэлхийд ордог АНУ-д гэхэд жил бүр ахуйн хордлогоор 120 мянган хүүхэд тахир дутуу болж,тэднээс 5600 нь амиа алдсан гэсэн статистик баримт бий. Элдэв химийн бодисонд хордсон хүүхдүүдийн тал хувь нь таваас доош насных байгаа нь бүр ч сэтгэл эмзэглүүлэм. Үүн дээр сүүлийн үед эмэнд хордох тохиолдол эрс нэмэгдэх болсныг эмнэлэгийн байгууллагууд онцолжээ. Мэргэжилтнүүдийн зүгээс аливаа хортой бодис,шингэнийг хүүхдийнхээ гар хүрэхгүй газар тавих нь хангалтгүй гэжээ. Харин найман нас хүртэлх хүүхэдтэй бүх эцэг эхчүүд аюул учруулж болох шингэн зүйлсээ агуулах шүүгээ, цоожтой савтай байхыг зөвлөдөг. Хүүхэд эрсдэх бас нэг шалтгаан бол усанд оруулах үе. Балчир хүүхэд усанд хоёрхон минутанд живж, дөрвөн минутын дараа тархинд нь үхжилт үүсдэг. Тиймээс усанд орж байгаа хүүхдээ хэзээ ч ганцааранг нь орхиж явж болохгүй. Түр зуур ч гэсэн, эрсдэлд хугацаа байдаггүй учраас. Энэ төрлийн тохиолдлуудаас харахад аав ээжүүд утсаар ярих, хаалгаа онгойлгох зэргээр хүүхдээсээ хэдхэн минут холдож анхаарлаа сарниулахад аюултай нүүр тулсан байдаг.
Хөлд оруулагчийн хөнөөл

Америкийн хүүхдийн эмч нарын нийгэмлэгээс эцэг эхчүүдэд зориулж зөвлөмж гаргадаг ажээ. Зөвлөмжид хөлд оруулагчийг заавал хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн байна. Учир нь хөлд оруулагч хэрэглэснээс болж маш олон хүүхэд насан туршийн хүнд бэртэл авдаг тухай гэмтлийн эмч нар ярьжээ.Тухайлбал хоёр давхарын шатнаас унах, тооцоолоогүй газарт хүрэх, хэт хурдан явж байгаад хөмөрч унах, халуун плитка, шарах шүүгээ, ил зууханд түлэгдэх, хуруу гараа хавчуулах зэрэг эрсдэл түлхүү гардаг. Бэртэл нь голдуу маш хүнд байдаг гэнэ. Тиймээс АНУ-д 1997 оноос эхлэн хүүхдийн хөлд оруулагч үйлдвэрлэгчдэд зориулж тусгай стандарт тогтоож өгчээ. Канадад үүнийг 2004 оноос хойш хүүхдэд хор хөнөөлтэй хэрэглээ гэж үзсэн бөгөөд худалдаалахыг хориглосон байна. Европт хүүхдийн хөлд оруулагч тэргэнд тавих стандартын шаардлагыг шинэчилж, одоо BSEN 1273:2005 стандарт хангасан бүтээгдэхүүнийг худалдаалахыг зөвшөөрдөг байна.







