Хэрвээ эмэгтэйчүүд дэлхийг удирддаг байсан бол хүн төрөлхтөн дайн дажингүй, амар жимэр оршин тогтнох байсан болов уу?


Бүсгүйчүүдийнхээ оюуны боловсрол хөрөнгө оруулах үүднээс бид дэлхийн шилдэг номнуудыг зохиогчийн албан ёсны зөвшөөрөлтэйгээр түүвэрлэн хүргэдэг билээ. Энэ удаа Кристиан Окрентийн “Удирдагч эмэгтэйчүүд” номыг цувралаар толилуулж байна. Бүсгүйчүүд та бүхэн илүү хүчирхэг болохыг хүсвэл энэ номыг шимтээрэй!

Нэгдүгээр бүлэг: Нэр дэвшигч эмэгтэйчүүд,

Хэрвээ эмэгтэй хүн сонгуульд ялбал яах вэ? Улс орноо яаж удирдан, хамтран ажиллагсдаа хэрхэн сонгож, нэн тэргүүнд ямар ажлыг эхлүүлэх бол? Хүнд хэцүү цагт бэрхшээлийг хэрхэн даван туулах бол? Олон улсын тавцанд шинэ уур амьсгал түгэх байсан болов уу? Дэлхийн улс орнуудын ард түмний зүрх сэтгэл зовлон шаналалаар биш нэгдмэл байдал, ирээдүйдээ итгэх итгэлээр дүүрэн байх байв уу? Товчхондоо энэ ертөнц илүү дээр байх байсан уу? 2007 оны тавдугаар сард Францад болсон ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажил улс төрийн ширүүн өрсөлдөөн дунд явагдсан. Энэ үед нэр дэвшигчдээс сонгогчдын хүлээх хүлээлт өөрчлөгдсөн нь анзаарагдсан ч улс төрийн тавцанд шинэ зүйл ажиглагдсангүй. 2002 онд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шат өнөөх л зүүнийхэн, барууныхан гэж үргэлжилсэн бол харин жирийн иргэдийн хүлээлт, хүсэл сонирхол өөрчлөгдсөн байлаа. Яагаад тэгэв?! Улс төрийн тогоонд сүүлийн гучин жилийн турш гол болон туслах дүрийг бүтээн тоглож буй эрхмүүдээс францчууд уйдсан нь тэр гэж үү? Эсвэл ардчилсан үзэл, түүнийг өөрийнхөө хэрэгцээнд ашиглаж байдаг улс төрчдөд итгэх итгэлгүй болсон хэрэг үү? Магадгүй өмнө байсан зүйлийг нэг далайлтаар үгүй хийхгүй ч, шинэ дүр төрх харахыг хүсдэгээрээ францчууд ялгардаг ч байж болох.


АНУ-д ч бас эмэгтэй хүн улсын ерөнхийлөгч болох боломжтой юу? гэсэн асуулт тавигдаж байлаа. 2008 оны ерөнхийлөгчийн сонгуульд Нью Йорк мужийн сенатор, тавин есөн настай Хиллари Родхэм Клинтон ардчилсан намаас нэр дэвшсэн юм. Том Жорж Бушийг сонгуульд маш санамсаргүйгээр гэж хэлж болохоор ялж, ерөнхийлөгчөөр сонгогдсон Арканзас мужийн захирагч, олонд тийм ч их танигдаагүй Билл Клинтоны хамт Цагаан ордонд нүүж ирснээсээ хойш тэрээр маш олон шүүмжлэл, сайшаалын дунд амьдрах болсон билээ. Чухамдаа нийгмийн идэвхтэй, нэр нөлөө бүхий гэргийнхээ тухай Билл Клинтон “Та бүхэн нэгийн үнээр хоёртой болох болно” хэмээн сонгогчидтой хийсэн уулзалтуудын үеэр амлаж байв.

Хиллари Клинтоны хувьд сенатын сонгуульд хоёр ч удаа оролцохдоо ихэнх сонгогчийн, тэр дундаа эмэгтэйчүүдийн хуучинсаг үзэл баримтлалд нөлөөлж чаджээ. Тэр үнэхээр идэвхтэй, ажил хэрэгчээр өөрийн үүрэгт ажлыг гүйцэтгэж байсан билээ. Гэвч эмэгтэйчүүд л түүний ажлыг шүүмжилнэ. Зарим нэг нь феминист үзлийг хамгаалахын оронд хүүхэмсэг нөхрөө сонгосон гэж, өөр нэг нь эр нөхрийнхөө адилаар ёс суртахууны доройтолд орсон хэмээн буруутгаж байв. Бусад нь түүний өөртөө хэтэрхий их итгэлтэй байдал хийгээд хувцаслах хэв маягийг тэвчиж чаддаггүй бол харин үлдсэн хэсэг нь америкчуудын хувьд маш том асуудал болсон үр хөндөлт болон Иракийн талаар шийдвэртэй байр суурь илэрхийлдэггүйд дургүйцэж байсан юм. Түүний өөртөө итгэлтэй байдал нь олонх эрчүүдийг тайван бус болоход хүргэсэн бөгөөд тэд дэлхийн тэргүүлэгч орны зэвсэгт хүчний дээд удирдлагад эмэгтэй хүн байна гэж төсөөлж ч чадахгүй биз ээ.

Гэвч яалтай билээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Нью Йорк мужийн сонгуулийн үйл явц давтагдаж байсан гэж болно.  Хэн ч түүний мөрөөдөл, хүсэл тэмүүллийг зогсоож чадахааргүй байлаа. Сонгуулийн компанит ажлыг нь хувь хүмүүсээс гадна томоохон компаниуд дэмжин хандив өргөсөн бөгөөд үүний ачаар хатагтай Клинтон өрсөлдөгчдөөсөө хувь илүү мөнгөөр сурталчилгаагаа эхлүүлсэн юм.

Түүнийг ардчилсан намын нэр нөлөө бүхий эмэгтэй гишүүн болох Нэнси Пелоси маш идэвхтэй дэмжиж байв. Тэр өөрөө 2006 оны сонгуульд ардчилсан намынхан конгресст олонхын суудал авч чадсаны дараа Төлөөлөгчдийн Танхимыг тэргүүлэх болсон аж. Нэнси Пелоси “Энэ бол америк эмэгтэйчүүдийн хувьд түүхэн үйл явдал” хэмээн 2007 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр үүрэгт ажлаа хүлээн авахдаа хэлсэн бөгөөд “Энэ өдрийг бид хоёр зуун жил хүлээсэн” гэж тодотгосон билээ.

Гэсэн ч нам дотроо хангалттай дэмжлэг авч чадаагүй хатагтай Клинтон Барак Обамаг дэмжин оролцохоор болж, улмаар түүний байгуулсан засгийн газарт Төрийн нарийн бичгийн албыг хашсан юм. Түүний ажлын үр дүнд эргэлзэх нэгэн байх ч америкчууд Барак Обамад дахин итгэл үзүүлсэн нь магадгүй Хиллари Клинтоны ажилд өгсөн үнэлгээ хэмээн үзэж болох ажээ.

Хэрвээ энэ дэлхий дээрх бүх улсыг эмэгтэйчүүд тэргүүлдэг байсан бол өнөөгийн хүмүүсийн амьдрал дээшлэх байсан болов уу? Гэвч энэхүү асуулт маань хариултгүй үлдэж байна.

Европ тивд л гэхэд эмэгтэй удирдагчтай Герман зэрэг улсыг нэрлэж болох ажээ. Үүнээс өмнө бүхэл бүтэн арван нэгэн жилийн турш Их британийн засгийн газрыг хатагтай Маргарет Тэтчер тэргүүлж байлаа. Финланд, Ирланд, Латви зэрэг улсуудад ч эмэгтэй удирдагчид байсан бол зарим газарт эмэгтэйчүүдэд үндсэн хуулиар уг эрх мэдлийг хориглосон хэвээр ажээ. Гэсэн ч лалын шашинтай нэг бус оронд, тэр ч бүү хэл Африк тивийн орнуудад эмэгтэй хүн ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.

Тэдгээр эмэгтэй удирдагч өөр хоорондоо юугаараа ижил төстэй вэ? Тэд эрчүүдийн нэгэн адил хүнд, бэрхшээлтэй замыг туулж чадсан уу? Тэднийг улс төрийн тавцанд гаргаж ирсэн нөлөө бүхий эрхэм, сайн ах, магадгүй эгч бий юу? Улс төрийн эрх мэдэлд хүрснийхээ дараа тэд эрчүүдтэй адил хуйвалдаан, шударга бус байдалтай орооцолддог уу? Эсвэл бусадтай л адил хүнээрээ үлдсэн үү?

Орчин цагийн түүхэнд улс төрийн өндөр дээд албан тушаал хашсан бүсгүйчүүд маш цөөхөн байна. Иймээс улс төрийн тогтолцоо, соёл хийгээд улс орноосоо үл хамааран эрх мэдлийн өндөрлөгт хүрч яваа тэд үнэхээр онцгой тохиолдлууд билээ. Бид тэднийг тийм ч сайн мэддэггүй. Эдгээр удирдагч эмэгтэйн тухай нэг номонд багтаан бичсэн маань өнөөх л дэлхий нийтийг хэрвээ эмэгтэйчүүд удирддаг байсан бол хүн төрөлхтөн дайн дажингүй, амар жимэр оршин тогтнох байсан болов уу? хэмээх асуултандаа хариулт олохыг зорьсон оролдлого билээ.

Үргэлжлэл бий!


“Удирдагч эмэгтэйчүүд” Орчуулагч С. Түвшинжаргал

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.